Б.Сүхбаатар: Ц.Сандуй огцрохоос айж, нийслэлийн ИТХ-ыг хуралдуулахгүй байна

Нийслэлийн ИТХ хуралдалгүй гурван сар гаруй болжээ. Хуралдаж чадахгүй гацсан шалтгаан болон тэнд өрнөөд буй үйл явдал, үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатартай ярилцав.

-Сар бүр хуралдах ёстой нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулган гурван сар хуралдсангүй. Ямар шалтгаанаар хуралдахгүй байгаа юм бэ?

-Үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдахгүй байна.

-Хуралдвал нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх болохоор уу?

-Тийм.

-Үүнээс болоод л нийслэлийн ИТХ гурван сар хуралдаагүй гэж үү?

-Би тэгж л харж байгаа. Өөр шалтгаантай юм бол нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг яагаад хуралдахгүй байгаа юм бэ. Нийслэлийн ИТХ хамгийн сүүлд тавдугаар сард хуралдсан. Түүнээс хойш гурван сар гаруй хугацаа өнгөрч байхад ядаж тэргүүлэгчид нь ч хуралдаагүй. Нийслэлд хэлэлцэж, шийдэх асуудал маш олон байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэллээ.

Зөвхөн цэцэрлэгийн бүртгэлд гэхэд л шийдлээ хүлээсэн асуудал бишгүй. Өмнөх жил миний санаачилж, Засаг даргад өргөн барьж, ажил хэрэг болгосон цахим бүртгэлийн дүнд эцэг, эхчүүд гадаа хэд хоног дугаарладаг асуудал шийдэгдсэн ч 3-5 настай хүүхдийн бүртгэлийг яах вэ гэдэг нь тодорхойгүй үлдлээ.

Миний бодож байгаагаар цэцэрлэгийн бүртгэлийг бүрэн цахимжуулах хэрэгтэй. Хоёр настайдаа цэцэрлэгт орсон хүүхэд таван нас хүртлээ тэндээ явж байна уу, дундаас нь шилжиж, орон тоо гарч байна уу, хэн нь аль цэцэрлэгт явж, хэн нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэж байна вэ гэдгийг бүрэн бүртгэж, хянадаг системтэй болох шаардлагатай.

Бид агаарын бохирдлоо мартчихсан явна. Уг нь агаарын бохирдлын асуудлыг одоо ярьж, шийдэлд хүрсэн байх ёстой. Гэтэл одоо ИТХ нь энэ талаар ярих бүү хэл хуралдаж чадахгүй байна.

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы дараагийн тов хэзээ билээ?

-Сар бүрийн сүүчийн долоо хоногийн пүрэв гаригт нийслэлийн чуулган хуралдах дэгтэй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулган хуралдах хугацаа нь маргааш.

-Хуралдах болов уу?

-Хуралдана гэж найдаж байна.

-Хуралдвал та бүхний өргөн барьсан нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх болов уу?

-Нэр бүхий 16 төлөөлөгч нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрчлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү гэсэн асуудал өргөн барьсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар төлөөлөгч асуудал оруулах, хэлэлцүүлэх бүрэн эрхтэй.

Тиймээс ганц төлөөлөгч асуудал оруулсан ч ИТХ хэлэлцэх ёстой. Нийслэлийн ИТХ хуралдвал бидний өргөн барьсан асуудлыг хэлэлцэнэ. Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас өмнө намын бүлгүүд хуралдах байх.

-Ингэхэд, Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тоо хэвээрээ юү, өөрчлөгдсөн үү?

-16 төлөөлөгч бүгд хэлсэн ярьсан, гарын үсэг зурсандаа хатуу зогсож буйгаа илэрхийлж байгаа.

-Зарим нь хүчинд автаж гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл тарсан?

-Тийм зүйл байхгүй. Гарын үсэг зурсан 16 хүн хэвээрээ, Хөдөө, гадаадад томилолттой яваад нэгдэж амжаагүй төлөөлөгчид нэмэгдэх боломж нь нээлттэй.

-Та нар зөв зүйл хийж байгаадаа итгэлтэй байна уу?

-Олон түмэн, намын жирийн гишүүд биднийг зөв зүйл хийж байна гэж дэмжиж байгаа. Даргаа хамгаалах гэсэн цөөн хүн л биднийг эсэргүүцэж, буруутгаж сууна. Тэгэхээр бидэнд эргэлзэх зүйл алга.

-Хүн бүр өөр өөрийн бодолтойгоор тэр бичигт гарын үсэг зурсан байх. Та ямар үндэслэлээр Ц.Сандуй даргыг огцрох ёстой гэж үзсэн бэ?

-Үнэхээр албан тушаал худалдаад 60 тэрбум төгрөг босгосон уу, үгүй юү гэдэг нь өөр асуудал. Өгсөн, авснаасаа илүүтэй, ийм зүйл ярьсан нь ёс зүйн асар том алдаа шүү дээ. Ийм зүйл ярьж, тэр нь ингэтлээ газар авч, намын нэр хүндийг шавартай хутгачихаад байхад, энэ ярианд гол дүр бүтээсэн хүн намаа хагалан бутаргаж, эв нэгдэл яриад албан тушаалдаа үлдэх ёсгүй.

Урт хугацааны үр дүнг бодож, улс төрийн соёл, ёс зүй гаргаж, өөрөө огцрох хэрэгтэй. Энэ тухай манай намын олон төлөөлөгч Ц.Сандуйд хэлсэн ч хүлээж аваагүй учраас бид энэ саналыг гаргаж тавьсан. Бид нийслэлийн ИТХ-аарЁс зүйн дүрэм баталж, Ёс зүйн хороо байгуулсан. Манай намын үнэт зүйл нь шударга ёс, эв нэгдэл. Тэгсэн атлаа эв нэгдэл нэрийн доор шударга ёс, ёс зүйг булшилж болохгүй.

Ц.Сандуй дарга улс төрийн соёл гаргаж, өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд, 60 тэрбумын асуудлаа шалгуулж, буруугүй гэдгээ тогтоолгочихвол буцаад албан тушаалдаа ирэх үүд хаалга нь нээлттэй. Цаашид улс төрийн албан тушаал хашихад ч нүүр бардам шүү дээ. Шалгуулдаг газар нь шалгуулаад, нэрээ цэвэрлээд авсан цагт залуу хүнд өчнөөн боломж гарна.

Манай намд нэг том дутагдал байна. Цаг үеийн нөхцөл байдал, иргэдийн санаа бодол, хандлагыг авч хэлэлцэхгүй юм. Уг нь нам, төрөөс шийдвэр гаргахдаа олон нийтийн санаа бодлыг их анхаарч баймаар санагддаг. Хүмүүсийн сэтгэл зүй ямар байна, иргэд юунд бухимдаад байна вэ гэдгийг харах ёстой. Бид иргэдийн төлөө л явах ёстой хүмүүс шүү дээ. Хүмүүсийн хандлага ийм байхад Ц.Сандуй албан тушаалдаа үлдэж, цаашаа явлаа гэхэд хор уршиг нь юу байх вэ гэдгийг бодох л хэрэгтэй.

-Таныхаар ямар уршиг гарах вэ?

-2020 оны сонгуульд 60 тэрбумтайгаа л орох болно доо.

-УИХ дахь МАН-ын бүлгийнхэн бас Засгийн газраа огцруулах бичиг өргөн барьчихаад буй. Шат, шатан дахь МАН-ынхны энэ хагарал шинэчлэлийн төлөөх алхам уу, албан тушаалын дайн уу?

-Засгийн газар огцруулах бичигт гарын үсэг зурсан нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Тэдний тавьж буй асуудлын гол түлхүүр бидний өргөн барьсан асуудалд бий. Товчхондоо 60 тэрбумын асуудлыг намын удирдлагууд хамгаалснаас болоод бүр том зодоон өрнөж байгаа юм биш үү.

-Удирдах зөвлөл 60 тэрбумыг хамгаалсан гэж үзэж буй хэрэг үү?

-Саяхан хуралдсан Удирдах зөвлөлөөс “Намын бага хурал, их хурлыг хуралдтал ямар нэг хөдөлгөөн хийхгүй” гэсэн шийдвэр гаргасан.

-Нийслэлийн ИТХ хуралдахгүй байгаа нь энэ шийдвэртэй холбоотой юу?

-Энэ бол хуучин коммунист намын хэв маягаар явах гээд байгаа хэрэг. Бид ийм маягаар ажиллаж болохгүй. Ялангуяа нийслэлийн ИТХ-ын төлөлөгч би иргэдээс сонгогдсон, иргэдийн төлөөлөгч. Би ард түмний төлөөлөл болохоос биш намын зарц биш. Үзэл бодлоороо л намд нэгдсэн. Иргэдээс давсан шийдвэрийг нам гаргаж болохгүй. Хэрвээ Удирдах зөвлөлөөс “Нийслэлийн ИТХ хуралдаж болохгүй” гэсэн шийдвэр гаргасан бол Удирдах зөвлөл тэр чигээрээ огцрох хэрэгтэй. Тэр тусмаа намын дарга нь нэн тэргүүнд огцрох хэрэгтэй.

-МАН-аас нэр дэвшиж 34 суудал аван, үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид даргаа огцруулна, огцруулахгүй гэж хуваагдсан нь өвөл хаяанд ирсэн энэ үед нийслэлийн ажлыг саатуулах эрсдэлтэй юм биш байгаа. Талцаж нэгнээ унагадаг явдал дахин дахин давтагдах вий гэх болгоомжлол төрж байна?

-Нийслэлийн ИТХ дахь МАН-ын 34 төлөөлөгч хагараагүй. Нэг хэсэг нь намынхаа нэр хүндийг хамгаалж, нөхдөө аврахын тулд даргаа огцруулах санал өргөн барьсан. Түүнээс бид хоорондоо толхилцож, албан тушаал булаалдаж, ямар нэг байдлаар муудалцсан зүйл байхгүй. Зүгээр л, асуудлыг шударгаар гаргаж тавиад, хэлэлцэх гээд яваад байгаа юм.

Нүүр нүүрээ харж ярилцаж байж асуудлаа шийдэх болохоос, нэгнээсээ тойрч зугтаагаад ямар ч шийдэлд хүрэхгүй биз дээ. Бид Ц.Сандуй гэдэг хувь хүн рүү дайраад байгаа юм биш. Залуу хүмүүсийн хувьд ёс зүйг, улс төрийн соёлыг тогтоохыг хүсэж байна. Улс төрд орж ирэхдээ ямар амлалт, зорилго сонгогчдод танилцууллаа, түүнийхээ төлөө явъя л гэсэн юм.

Нэг хэсэг нь асуудал оруулж ирэхэд талцуулж, хагаралдуулах биш, бүлгээ хуралдуулж, асуудлаа гишүүдээрээ шийдүүлэх нь нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргын үүрэг. Ц.Сандуй дарга намайг дээш нь татсан юм шүү, тэгэхэд нь би түүнийг яалаа гэж буруу хазгай хэлэх вэ гэсэн бэртэгчин сэтгэхүйгээр явах юм бол улс төр хэзээ ч цэвэршихгүй, улс орон ч хөгжихгүй.

Эх сурвалж: Unuudur.mn

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …