2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд БНХАУ-ын зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр мужийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдаа амжилтай болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээний хүрээнд гурван улсын эрдэмтдийн хурал болсны зэрэгцээ Хайлаар хотын биеийн тамирын стадионд гурван улсын худалдаачид эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг өрнүүллээ.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлтийн хороо, Хөлөн буйр мужийн удирдлагууд, Арилжааг дэмжих холбоо, ӨМӨЗО-ны Худалдааны тэнхимийн орлогч дарга, ӨМӨЗО-ны гадаад харилцааны гадрын дэд дарга тэргүүтэй албаны хүмүүс, ОХУ-ын ШУА-ийн алс дорнодын судалгааны хүрээлэнгийн захирал Александр Сергеевич Железников болон ОХУ-ын Чита мужийн засаг захиргааны байгууллагын удирдлагууд болон худалдаачид оролцсон бол Монгол улсаас Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Л.Хангай, Судлаач дипломатч Олхонууд Д.Баярхүү, Монгол Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн доктор Б.Лхагвадорж нарын эрдэмтэд болон Дорнод аймгийн орлогч дарга Ш.Ёл, Хэнтий аймгийн Тамгын газрын дарга Ж.Ганбаатар нарын албаны хүмүүс, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчид, хувиараа бизнес эрхлэгчид оролцсон байна.
Гурван улсын 13 дах удаагийн үзэсгэлэн худалдааны нээлтэнд Хөлөнбуйр хотын намын хорооны байнгын гишүүн, Хайлаар хотын намын дарга хатагтай Чин Ли Ен хэлсэн үгэндээ “Алтан намрын 9 сард та бид нөхөрлөлөө бататган, солилцоогоо өргөтгөж, хамтралцаагаа гүнзгийрүүлж, хамтдаа хөгжих сайхан хүслээ өвөртлөн Хайлаар дах 13 дах удаагийн гурван улсын эдийн засаг худалдааны форум, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Бид өмнөх 12 удаа зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд Хятад, Монгол Орос гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлж, соёлын солилцоог нэмэгдүүлсэн. Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлснээр БНХАУ-ын Хөлөн буйр муж, Хайлаар хотын эдийн засгийг өсгөх, Монгол, Орос улсын бараа бүтээгдэхнийг экспортыг нэмэгдүүлэх, гурван улсын соёлын харилцааг өргөжүүлэх олон талын ач холбогдолтой гэж үзэж байна” гэлээ.
Тус үзэсгэлэнгийн үеэр Монгол улсаас бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн хүргээ үзэсгэлэнд оролцож байгаа бизнес эрхлэгч зарим иргэдтэй уулзаж бараа бүтээгдэхүүний худалдан авах байдлыг асуухад авч ирсман бүтээгдэхүүний бараг дуусгаад буцдаг тухай хэлж байлаа.
Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд үзэсгэлэнгийн үеэр хоол хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа БНХАУ-ын худалдаачид бүтээгдэхүүнээ амталж үзэхийг урьдаг юм байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг амталж үзээд худалдан авах сэдэл төрдөг юм шиг санагдсан.