Дэлхийн хамгийн их уншигчтай “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн тухай бид мэдээлсэн. Тэрбээр 1926 оны 4-р сарын 9-нд Иллинойс муж улсын Чикаго хотноо мэндэлсэн бөгөөд 1953 онд сэтгүүлээ үүсгэн байгуулж дэлхийн хамгийн баян эрхмүүдийн тоонд багтсан байдаг.
Хью Хефнер нэгэн ярилцлагадаа “Мэрилин Монротой уулзсан мөч миний сэтгэлээс хэзээ ч гардаггүй” хэмээн хуваалцаж байжээ. Тус сэтгүүлийн 1953 онд Мэрилин Монрогийн нүүр зурагтай хэвлэгдсэн дугаар 50 мянган хувь борлогдож түүхэн амжилт тогтоосон. Түүнээс хойш Мэрилин Монро америк даяар алдаршиж “секс бэлэг тэмдэг” хэмээх нэрийг зүүх болсон юм.
Хью Хефнерийг таалал төгссөний дараа бага хүү, өв залгамжлагч Күүпер Хефнер “ Миний аав хэвлэл мэдээллийн анхдагчдын хувьд том соёлыг түгээж, нийгмийн дуу хоолой болж ирсэн. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа цаг хугацаанд амьдралын хэв маяг, ёс суртахуун, гоо зүй бэлгийн эрх чөлөөг дэмжин хэвлэл мэдээллийн түүхэнд шинэ салхи сэвэлзүүлсэн. Аав минь бидний сэтгэл зүрхэнд үүрд оршино” хэмээн ярьсан байна.