Сүүлийн 25 жилд бүрдээгүй хүчирхэг Засгийн Газар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор бүрдлээ. Мөн “Түүхэн Засгийн газар” өөрийнх нь тодотгосноор…
Харин олон нийтийн дунд шүүмжилж байгаа асуудал нь давхар дээл болон тохирооны сайд. Яагаад заавал тэр шүүмжлүүлэн байж Давхар дээл, мөн нэр хүнд муутай зарим нэг гишүүдийг танхимдаа багтааж Сайдад нэр дэвшүүлэв. “Юманд учир, суманд занги бий” гэдэг дээ.
Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод л шулуухан хэлж байсан санагдана. “Миний танхимд багтах сайд нар УИХ-аас орж ирнэ” гэж. Үүний цаана танхимаа УИХ-аас бүрдүүлснээр УИХ дээр Засгийн ажлаа бүрэн хамгаалах хүчийг тооцоолсон байж. Энэ яалт ч үгүй зөв тооцоолол. Төр, Засгийн энэ тогтворгүй цаг үед. Цаашлаад МАН-ын хагаралтай байгаа өнөө үед бүх эв эеийг бодолцох нь зөв. Ингэвэл хойш татах элдэв хэрүүл маргаангүй, зөвхөн урагшаа гэсэн чиглэлийг баримталж амласандаа хүрэх боломж бүрдэнэ. Эс бөгөөс хоосон амлагч болж жилийн хагас ч хүрэхгүй мөн л урьдын адил Засгаа бойкотлуулах болно.
Манайхан аливаа юмыг эерэг биш сөрөг талаас нь түрүүлж дүгнэж, харах өвчтэй болсон энэ цаг үед бид сөргөөс илүүтэй эерэг талын эхэлж харах хэрэгтэй. Дээр дурдсанчлан “У.Хүрэлсүхийн Засгийн газар хүчирхэг байж чадна” гэсэн гарчиг. Яагаад хүчирхэг байж чадна гэж өргөж өгөв.
Гараа сайн бол бариа сайн гэсэн ардын сайхан үг бий. Үүний адил Засгийн газрын бүтэц нь түүний ажлын эхлэл. Ахмад, дунд, залуу үе төдийгүй үндэсний цөөнх Казах ард түмний төлөөллийг танхимдаа багтаасан нь сүүлийн 25 жилд харагдаагүй үзэгдэл болж чадлаа.
Бидний жишиж ярьдгаар хал үзэж халуун чулуу долоосон ахмадууд төдийгүй УИХ-д хоёр ч удаа сонгогдож улс төрийн тогоонд багагүй чанагдсан дунд, залуу үеийн төлөөлөл нэг танхимд багтан ажиллах болсон нь ёстой л сүүлийн 25 жилд байгаагүй бүтцийг хийж чадлаа хэмээн дүгнэх хүн олон байна.
Тодруулбал:
1. Хууль зүйн сайдад нэр дэвшигч Цэндийн Нямдорж: МАН-аас олон жил парламентад сонгогдсон, сайд хийж байсан цөөхөн улс төрчийн нэг УИХ-ын гишүүн. Түүний хувьд энэ парламентад хамгийн удаан сууж буй, туршлагатай хуульч. 1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан. Нэр, сүрээ алдаад байгаа Хууль хяналтын байгууллагыг тэр л диктатуртай байлгаж чадах хүн.
2. Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Нямаагийн Энхболд: Нас, туршлагыг нь бодвол шинэ Засгийн газрын хамгийн зөв сонголт. Улс төрийн гараагаа эхэлснээс хойш 2000 оноос Төв аймгаас тасралтгүй сонгогдсон улс төрчийн нэг. Хоёр ч удаа Засгийн газарт сайдаар ажиллаж байсан туршлагатай, тулахтай, асуудалд зарчимч ханддаг улс төрч хэмээн намын гишүүд нь үнэлдэг.
3. Сангийн сайдад нэр дэвшигч Чимэдийн Хүрэлбаатар: Эдийн засагч мэргэжилтэй. 2000-2003 онд Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөс улс төртэй холбогдсон нэгэн. Энэ цагаас төрийн нарийн бичгийн дарга, сайд, хоёр удаа УИХ-ын гишүүнээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан мөн л туршлагатай нэгэн.
Үргэлжлүүлээд дунд, залуу үеийн төлөөлөл болсон сайд нарыг ч гололгүй. Харин ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс, эх орныхоо төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллаж чадах хүмүүсийг сайдаар сонгосон нь түүний хэлсэн амандаа хүрнэ гэсний зорилт биз.
1. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Улс төр судлаач мэргэжилтэй тэрээр 1994 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе хийж эхэлж байжээ. МАН дотроо боловсролтой, мэдлэгтэй залуучуудын нэг гэж дүгнэгддэг. УИХ-д гэхээсээ илүү Засгийн газарт төрийн нарийн бичгийн дарга, хоёр ч удаа сайд хийж байсан туршлагатай улстөрч, дипломатч. Улс төрийн хүрээнд түүнийг бие даасан улстөрч гэж харах хүн цөөнгүй.
2. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Сэтгүүл зүйн салбараас улс төрд “урваж”, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож буй УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг танхимын нөхөд нь сайн менежер гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй, телевизийн салбарт олон жил ажиллаж байгаад МАН-ын нарийн бичгээр томилогдсон. Сүүлийн хоёр ч парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл болон сонгогдож, нийгэм, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт асуудал хөндөж, хууль санаачилж байгаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хувьд ч эмэгтэйчүүдээ манлайлан асуудалд нухацтай ханддаг гэж намынхан нь тодорхойлдог юм билээ.
3. Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Авто тээврийн үндэсний газар, Монголын Төмөр зам, МИАТ ХК, Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. УИХ-д анх удаа сонгогдож буйг нь эс тооцвол салбарын ажлаа мэддэг, туршлагатай хүн.
4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа:
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын хоёр эмэгтэй сайдын нэг Ц.Цогзолмаа түүхч, багш мэргэжилтэй ч МАН дотор эмэгтэйчүүдээ толгойлдог. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэдгээр нь хүмүүс илүү их таних биз ээ. 2013 оноос МАН-ын эмэгтэйчүүдийг толгойлж, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагыг олон жил удирдаж байсан нийгмийн салбарын жинхэнэ багш. Тиймдээ ч түүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшүүлэхийг нь МАН-ын хоёр “бүлэг” дуу нэгтэй дэмжсэн.
Энэ мэт дурдаад байвал бүгд л ажил хийж, улсынхаа төлөө зүтгэх хүмүүс. Гаднаас нь биш дотроос нь хараад, ухаад үзвэл У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн танхимдаа багтах гишүүдээ утгаар нь өөрийн нүдээр харж, сонгож шилж авсан харагдана. Тэрээр “Надад ажил хийх хүн хэрэгтэй” гэж тов тодорхой хэлж байсан. Худлаа ам, шалдан гуя байх хүн тэр биш гэж олон түмэн итгэсэн. Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь харагдаж байна.
Эцэст нь захиж бичихэд У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадвал үеийн үед сайнаар дурсагдах жинхэнэ түүхэн Засаг байж чадна.
О.Уянга
Эх сурвалж: chuhal.mn