Багш шавийн барилдлага бол гэгээрлийн үндэс буюу “Бодь мөрийн зэрэг”-ээс түүчлэн хүргэхүй

“Адиша гэлэн сахилын өчүүхэн зүйл бүрийг ч ширхэгчлэн сахидаг байжээ. Хааяа өчүүхэн төдий алдаа гаргавал тэр даруйд нь залруулах зан үйлээр нь сайтар ариусгадаг байж. Тэрээр тайван төлөвийг эзэмшсэний ачаар сэтгэлээ бүрэн захирч сурчээ. Бүх эрхэм чанарыг төгс цогцлоох зоригдолдоо шамдан, хэзээ нэг би эднийг бодит ажил хэрэг болгох бол! Хэзээ нэгтээ хэрэгжүүлэх л болно хэмээн боддог байв. Тэгээд буян хуримтлуулж, хилэнцээ ариусгаж, түүнийг хүсэн залбирч, бүхий л нөхцөлийг өөртөө бүрдүүлж чадав. Сурч судалсанаа хэрэгжүүлэхийн төлөө шамдан, зүтгэв.”

Адаг хавьцаа даруухан сууж

Ааш зангийн дөлгөөнийг сахиж

Ашид баясгалант харцыг цогцлоож

Рашаан хүртэх шиг номыг сонс оо

Сэтгэлийн амгалан ашид мөнх ундарч байг ээ. Бусад нь надаас илүү гарчих вий гэсэн атаархал, залхуурал, ахин дахин номлохоос зүрхшээх, өөрийгөө магтаж, өрөөлийг муулах, номоо харамлах, хоол хувцас зэрэг эд таваар горьдохыг цээрлэ.

Дээдийн номыг чамаас сонсох гэж

Дэргэд чинь шавьлах хүн ирвэл

Дэвэрч хөөрөн номчирхохын оронд

Дэндүү чамлахаар мэдсэн гээрэй

Аргамжаа чөдөргүй ардаг догшин

Аргамаг, эмнэг сэтгэлийн хүлэгт

Амгай, хазаар, ташуур тааруулж

Аль хүссэнээрээ залах нь гэгээрэл

Өөрт эрхэм чанар төлөвшүүлээгүй хирнээ дэмий баахан ярьдаг бол буруу. Туйлширвал сэтгэлийн гэмд автагдаж, амгаланг огт ойлгож чадахгүй. Багшийн ачийг дурсан санаж, биширч байгтун. Тэрээр шавьдаа муу хандсан ч тоолгүй, түүнээ улам тэмүүл. Багшийнхаа мууг бүү хайхар. Сайн талд нь анхаарлаа хандуулахад сайныг нь ч хүртэнэ. Сүсэглэ! Багшаа Будда мэт бодох. Сэтгэл зөвдөхөд зам зөвддөг юм шүү. 

Багшийг дээдэлж шүтнэ гэдэг

Барьц бэлэг зөөхийн нэр биш

Баримтал хэмээсэн ном журмыг нь

Баттай сахихыг л хэлсэн хэрэг ээ

Багшийг мартахгүй санаж яваа бодьсадва бүхний хамаг зорилго гарцаагүй биелэнэ. Олон багшаас цөөн багш дээр. Муу нөхрөөс хол явж, гурван эрдэнийг хүндэл. Төгс чанарын чуулбарыг хуримтлуулж, сөрөг нөхцөлөөс ангижрах буюу сэтгэлийн хир буртагийг арилгах. Энэ хоёрыг хоёуланг нь дадуулахын тулд;

Бий орчлонг зүгтэй цагтай нь

Билгээр эзэгнэх Будда бүхэнд

Бие, хэл, сэтгэл гурваараа

Биширч, магтаж, сөхөрч, мөргөм үү

Чингэхдээ хамаг ертөнц дахинд урд нь тодорсон, одоо оршин буй, ирээдүйд тодрох бүх гэгээрэгсэдийг сэтгэлдээ төсөөлнө.

Бясалгах дараалал;

Орон байраа сайхан цэвэрлэж, Буддагийн лагшин зарлиг, тааллын шүтээнүүдийг засна. Сэтгэл харамгүй тахил бэлтгэж, сайхан байрлуулна. Олбогон дээрээ завилан сууж (Эсвэл хагас) гурван эрдэнэд аврал одуулан гэгээрэх тэмүүллээр баттай бясалгана.

 

Б.Халиун

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …