Э.СУМЬЯА ДАШТ-НЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

f Унгар улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт болж байгаа сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний гурав дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 74, эмэгтэй чөлөөт бөхийн 48, 51 кг-ын жингүүдийн барилдаан болж 51 кг-ийн жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Э.Сумьяа нь энэ жил Оюуны универсиад наадмаас мөнгө, “Mongolia Open” тэмцээнээс алтан медаль авч одтой байна. Насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлж амжаагүй байгаа бөх ДАШТ-нээс медаль хүртсэн нь сонин тохиолдол байна.

48 кг-ийн жинд барилдсан Гавьяат тамирчин Ц.Энхжаргал гуравдугаар тойрогт венесэулийн бөхтэй барилдахдаа барилдааныг удирдаж оноогоор илүү явахдаа алдаа гаргаж цэвэр ялагдаагүй бол ДАШТ-ний медалиа ихэрлүүлэх бүрэн боломжтой байлаа. 74 кг-ын жинд зодоглосон залуу бөх Б.Анхбаяр азербайжаны бөхөөс чацаар өндөр, бяраар илүү харагдаж байсан ч том тэмцээний туршлага дутсан уу, цол гуншинд нь сүрдсэн үү бэргэсээр байгаад барилдаанаа гаргасангүй, хожигдсон.

Манай эрэгтэй бөхчүүд энэ удаагийн ДАШТ-нд амжилттай оролцож 6 жил тасраад байсан медалийн буухиагаа үргэлжлүүллээ. 2011 онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-нд манай эрэгтэй баг 8 оноогоор ХҮ байр эзэлж байсан бол энэ удаа 19 оноогоор ҮIII байр эзэлж амжилтаа нилээд ахиулсан. Манай бөхчүүд өнгөрсөн ДАШТ-нд медалийн төлөө 1 барилдаан хийж байсан бол энэ удаа 4 барилдаан хийлээ.

Манай эрэгтэй бөхчүүдийн ур чадвар илт өсч бараг бүгдээрээ медалийн төлөө барилдах хэмжээнд өрсөлдлөө. Энэ бол сүүлийн хэдэн жил чөлөөт бөхийн спортын төлөө хичээл зүтгэл гаргасан МЧБХ-ны удирдлага, олон арван дасгалжуулагчдын хөдөлмөрийн үр дүн юм. Олон улсын тэмцээнд байнга оролцож жин бүрийнхээ шилдэг бөхчүүдтэй гар зөрүүлж “таньдаг” болж тэмцээний туршлага суусан нь манай бөхчүүдийн амжилтаа ахиулах нэг үндэс суурь болж байна. Энэ суурь дэвсгэрийг улам батжуулах хариуцлагатай үүрэг өнөөгийн МЧБХ-ны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчдын өмнө тавигдаж байна. Энэ удаагийн ДАШТ нь манай эрэгтэй чөлөөт бөхийн төрөл сэргэж байгааг харуулж сургалт дасгалжуулалтын ажил зохих түвшинд байгаагийн нэгэн нотолгоо боллоо.

Гэхдээ манай зарим бөх хариуцлагаа дутуу ухаарч байна, ялах харьшгүй тэмүүлэл, хатан зориг дутагдаж байна. Барилдааны явцад барилдах тактикаа өөрчилж өрсөлдөгчдөө “зохицон” барилдааны дүр зургаа өөрчлөх, угсраа мэх хийж байж дархан мэхээ хийх, үндэсний бөхийн мэхүүдийг хийж байх, бяр тэнхээ, ур чадварын давуу байдлаа бүрэн дүүрэн ашиглах, авсан оноогоо найдвартай хамгаалах, барилдааны төгсгөлийг зөв хийх тал дээр хойшид анхаарах шаардлагатай байна. Барилдааны шинэ дүрэм нь идэвхтэй барилдаж оноог цуглуулж чадвал ялалт ойрхон байгааг харуулж байна.

Энэ удаа манай эрэгтэй бөхчүүд АНУ, ОХУ-ын бөхчүүдтэй таарсангүй, гүрж, казахстан, молдав, украин зэрэг бөх өндөр хөгжсөн орнуудын бөхчүүдийг ялж болгар, куба, туркийн бөхчүүдэд ялагдаж байсандаа дүгнэлт хийх биз.

Энэ удаагийн ДАШТ-нд олон орон туршлагатай бөхчүүдээ сойж АНУ, Армян, Иран, Орос, Украины бөхчүүд маш сайн барилдаж алтан медалиудыг хуваан авлаа. Азийн орнуудын бөхчүүдээс Энэтхэг, Узбекийн бөхчүүд медальд хүрсэн. ДАШТ-нд 60 кг-ын жинд түрүүлсэн оросын бөх Б.Гойгереев, 74 кг-ын жинд түрүүлсэн АНУ-ын бөх Ж.Барроуз шиг тасархай байж л дэлхийд тэргүүлдэг бололтой. Оросын бөх Х.Гацалов ДАШТ-ний 3 дахь, ираны бөх Р.Яздани, АНУ-ын бөх Ж.Барроуз нар хошой алтан медалийн эзэд болцгоолоо.

Өнөөдөр эмэгтэй 55, 59, 63 кг-ийн жингүүдийн барилдаан болно. 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хорооо/ нэгдүгээр тойрогт хятадын бөх Хуечинь Зхонгтой, 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх Анна Тереза Звиридовскатай, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрератай сугалаа таарчээ. С.Батцэцэгийн хувьд хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожковатай барилдах магадлал байна. Олимпийн гурван удаагийн болон дэлхийн 7 удаагийн аварга, японы бөх Каори Очи нөгөө хэсэгт оржээ.

Оросын бөхийн төрлүүдийн холбооноос Засгийн газраас олгох шагнал дээр нэмж жиндээ түрүүлсэн эмэгтэй бөхийг 50 мянга, мөнгөн медаль авсан бөхийг 10 мянга, хүрэл медаль авсан бөхийг 5 мянган ам.доллараар урамшуулах шийдвэр гаргажээ. 2011 онд болсон ДАШТ-ий үед түрүүлсэн эмэгтэй бөхийг 100 мянган ам.доллараар урамшуулах шийдвэр гаргаж 51 кг-ын жинд манай Д.Отгонцэцэгийг ялж түрүүлсэн З.Рахманова тэр шагналыг авч байсан юм. 2012 оны олимпийн наадмын 72 кг-ын жинд түрүүлсэн Н.Воробьёва 500 мянга ам.долларын урамшуулал мөн хүртэж байсан юм.

2013 оны чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн
Унгар улсын Будапешт хот
2013 оны есдүгээр сарын 18-20

Эмэгтэй
48 кг
1. Эри Тосака /Япон, ДАШТ-ний мөнгөн медальт, Универсиад наадмын аварга/
1. Карипо Кастилло /Венесуэль, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Алиса Лампе /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт, Пан Америкийн аварга/
3. Хью Ченг /БНХАУ/

9. Цогтбазарын Энхжаргал /Монгол/

Манай бөх Гавьяат тамирчин Ц.Энхжаргал /“Замчин” спорт клуб/ эхний тойрогт украиний бөх Мария Ливачтай таарч 9:2, хоёрдугаар тойрогт камеруны бөх Ребкка Ндоло Муамбог 8:1 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт венесуэлийн бөх Карипа Кастиллод цэвэр ялагдаж дагах барилдаанд хятадын бөх Хью Ченгтэй гар зөрүүлж 0:8 онооны харьцаагаар ялагджээ.
Энэ жинд 29 бөх барилджээ.ДАШТ-ний хүрэл медальт, Пан Америкийн аварга, америкийн бөх Алиса Лампе

51 кг
1. Янан Сун /БНХАУ, ДАШТ-ний мөнгөн медальт, азийн аварга/
2. Эрдэнэчимэгийн Сумьяа /Монгол/
3. Со Сим Хьянг /БНАСАУ/
3. Анне Мария Жесика Макдональдс Бонди /Канад,  ДАШТ-ний хүрэл медальт/

Манай бөх олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /“Замчин” спорт клуб/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт вьетнамын бөх Ти Луа Нгуенийг цэвэр дарж гуравдугаар тойрогт ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын аварга, БНАСАУ-ын бөх Со Сим Хьянийг 4:4, 6:4 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд америкийн бөх Виктория Антонийг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд хятадын бөх Сун Янантай хүч үзэж 7:0 онооны харьцаагаар хожигджээ.
Энэ жинд 23 бөх барилджээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …