Налайхын уурхайчид баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

Цэл залуу насандаа эх газрын хөрсөндөө илч гэрэл олборлож явсан уурхайчдын баяраа Налайхчууд 12 сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Эх орныхоо нэрийн хуудас болж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл ундарсан арвин баялаг түүх, алдар гавьяа, аж үйлдвэржилтийн хөгжил Налайх дүүргээс эхлэлтэй.

Улсынхаа нийслэлийг илч гэрэл, халуун дулаанаар хангаж ирсэн Налайхын уурхайн түүх 1915 оноос эхлэлтэй юм.

Орос, хятад хүмүүс голлон ажиллаж байсан Налайхын уурхайг Ардын Засгийн газрын шийдвэрээр 1922 оны 12 сарын 25-аас төрийн мэдэлд авч жилд 800 тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 12 ажилчидтайгаар эмхлэн байгуулж улс орны орчин үеийн уул уурхайн хөгжлийн эхлэлийг тавьжээ.

Монгол орны аж үйлдвэрийн ууган голомт Налайхын нүүрсний уурхай байгуулагдсан өдрөөр улс орны эрчим хүч – уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойгоо Налайхын уурхайчид өргөн дэлгэр тэмдэглэж байна.

 

Налайх дүүргийн үе үеийн уурхайчид уурхайчдын баярын энэ өдөр түүхт ойгоо тэмдэглэн Монгол Улсын ууган баатар Даваажавын хөшөө болон уурхайчдын алдрын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж, баярын хүндэтгэлийн хурлаа хийлээ.

Уурхайчдын баярт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар болон их уурхайн үе үеийн дарга нар, уурхайчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, он жил өнгөрөх тусам мартагдаж байгаа хуучны сайхан цагаа дурсахын зэрэгцээ олон уурхайчид энгэрээ мялааж, төрийн хүндэт одон медалиуд хүртсэн юм.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднааөбазар хэлсэн үгэндээ: “Налайхын уурхайд цэл залуу насаа зориулж, өнөөгийн Налайх дүүргийг цогцлоон бүтээж ирсэн ахмадууд бол бидний бахархал билээ. Уурхайн түүхэн ойг угтан дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан бүтэн жилийн ажлын төлөвлөгөө гаргаж олон ажлыг зохион байгууллаа. Анхны нүүрсний ууган үйлдвэр Налайхын уурхайн тухай кино хийх, ашиглаж байсан барилгын туурийг соёлын өвд бүртгүүлэн хамгаалах, түүхэн музей байгуулах талаар судалгаа хийх, уурхайчдаас эд өлгийн зүйл цуглуулах, ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүлэх, уурхайн түүхэн гавьяа, сургамжийг нэгтгэх, уурхайн түүхэнд холбогдох архивын материалд тулгуурлан эрдэм судлалын ажил явуулах зэрэг багагүй ажлыг амжуулсан амжилтаар түүхэн ойтойгоо золгож байна. Үйлс бүтээл, хөдөлмөр зүтгэлийн алдар гавьяа болсон ахмад уурхайчид, Налайх дүүргийн хөгжлийн түүхийг бичилцэж ирсэн дунд үеийнхэн, залгамж халааг нь үргэлжлүүлэн авч яваа залуучууддаа дахин Налайхын уурхайгаар аж үйлдвэрийн эхлэл тавигдсаны 95 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Уурхайчдын баярын хурлын үеэр Налайхын их уурхайн түүхийг харуулсан “Амьдрал тэтгэсэн Алтан уурхай” баримтат кино нэвтрүүлгийг үзэгч олонд сонордуулсны зэрэгцээ одоо ажиллаж байгаа уурхайчид дүүргийн төв талбайд хүндэтгэлийн ёслолын буудлага буудлаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …