Доналд Трампын Засаг захиргаанаас 2018 онд Н-2А, Н-2В буюу улирлын чанартай ажиллах визээр иргэд нь нэвтрэх боломжтой 85 орны орны жагсаалтыг танилцуулсан. Монгол Улс анх удаа АНУ-д улирлын чанартай ажиллах хүчин гаргах боломжтой орны тоонд багтсан. Уг ангиллын виз нь АНУ-д түр хугацаагаар ажиллах боломжийг олгох юм. Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Жэйсон Спэлбэрг монголчуудад АНУ-д ажиллах хүчний визийг хэрхэн олгох талаар мэдээлэл өглөө.
Түр хугацаагаар АНУ-д хөдөлмөр эрхлэх виз олгох процесс нь өндөр шалгуураар явагддаг байна. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас 2017 оны тавдугаар сард Монгол Улсыг ажиллах хүчний виз олгох орны жагсаалтад хамруулах хүсэлтийг АНУ-ын Төрийн Департамент руу явуулсан байна. Энэхүү хүсэлтийг АНУ-ын Төрийн Департамент хүлээн авч, ажиллах хүчний виз олгох орны листэд Монголыг багтаасанд гэдгийг Элчин сайдын яамны төлөөлөгч мэдэгдлээ. Цаашид АНУ руу аялах, хөдөлмөр эрхлэх монгол иргэд энэхүү визийг хариуцлагатайгаар ашиглах ёстойг анхааруулсан юм.
Н-2А, Н-2В ангиллын визний ялгаа
АНУ-д ажиллах хүчний Н-2А, Н-2В гэсэн хоёр ангиллын виз байдаг байна. Н-2А гэдэг нь хөдөө аж ахуйн салбарт түр хугацаагаар ажиллах виз юм. Харин Н-2В нь хөдөө аж ахуйн бус салбарт хөдөлмөр эрхлэх виз юм байна.
Н-2А ангиллын виз мэдүүлэх бол дугаарын хязгаарлалтад орохгүй
Ажиллах хүчний виз мэдүүлэгч эхлээд АНУ-ын Хөлөмрийн яамнаас гаргасан хөдөлмөрийн серфитикатын дагуу өргөдөл гаргах гаргах юм байна. АНУ Цагаачлалын албанаас ажил хүсэгчийн өргөдлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Элчин сайдын яаманд виз мэдүүлэх эрхтэй болох юм байна. Ингэхдээ ажлын байрны хүрэлцээнээс хамаарч бүртгүүлсэн дугаарын хязгаарлалттай виз мэдүүлэх юм байна.
АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт ажиллах буюу Н-2А визинд дугаарын хязгаарлалт байдаггүй буюу ажил эрхлэгчдийн тоог хязгаарлаагүй юм байна. Харин хөдөө аж ахуйгаас бусад салбарт ажиллах бол дугаарын хязгаарлалтад орно. Конгрессоос жилд ойролцоогоор 66 мянган ажилчин хүлээн авах хязгаар тогтоосон байна. Энэ нь тухайн жилийн аравдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-нд хүртэл гаднаас ажиллах хүчин авах тоо юм байна. Уг хязгаарлалтад заасан ажиллах хүчинг хагас жилээр хуваарилдаг байна. Энэ хүрээнд 2017 оны эцэст эхний 33 мянган ажлын байранд ажиллах хүчнийг бүртгэжээ. Монгол Улсын иргэд АНУ-д ажиллахаар бүртгүүлэх бол 2018 оны гуравдугаар сарын 1-нээс л номер авах боломжтой байгааг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн бус салбар буюу Н-2В ангиллын визний мэдүүлгийг гуравдугаар сарын 1-нээс авна гэсэн үг. Харин Н-2А нь дугаарын хязгаарлалт байхгүй учраас өнөөдрөөс эхлэн виз мэдүүлэх боломжтой.
АНУ-д ажиллах Н-2А, Н-2В виз мэдүүлэхэд нас, хүйс, англи хэлний шалгуур тавиагүй
АНУ-д ажиллах Н-2А, Н-2В виз мэдүүлэхэд хүйсийн хязгаарлалт огт заагаагүй аж. Мөн насны хувьд хязгаарлалт тавиагүй гэдгийг АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан мэдэгдлээ. Түүнчлэн, ажиллах хүчний виз мэдүүлэхэд англи хэлний шалгуур тавиагүй байна.
АНУ-ын Засаг захиргаанаас Монгол Улсад олгосон ажиллах хүчний лист 2019 оны нэгдүгээр сарын 17 хүртэл хүчинтэй юм байна. Дараагийн жилүүдэд хамрагдах боломжтой ч хэд хэдэн хүчин зүйлээс хамааран дахин хамрагдах, эсэх шийдэгдэх юм байна. Үүнд
-Гадаадын иргэдийг тухайн улс орноос гаргахад хэрхэн хамтарч ажиллаж байгаа байдал.
-Гадаад иргэдийг гаргахад үндэсний сонирхол ямар чиглэлд байгааг харгалзана.
-Энэ жил АНУ-ын гаргасан листээс гурван улс хасагдсан. Тухайн улсын иргэд визний нөхцөлийг хариуцлагатай биелүүлээгүйгээс хасагджээ. Учир нь, АНУ-ийн визний нөхцөлийн дагуу хөдөлмөр эрхлээгүй. Тиймээс ажиллах хүчний визийг хууль ёсны дагуу ажиллах шаардлага тавьдаг байна.
Визний хугацаа хамгийн уртдаа нэг жил байна
Хөдөлмөрийн сертификатаас хамаарч ажил олгогч, ажилчин хоёрын дунд гэрээ хийгдэнэ. Визний хугацааг түр хугацааны гэж тайлбарлаж байгаа нь учиртай. Ажиллаж байгаа байгууллагуудад хэд хэдэн боломжийг олгодог. Ажил олгогчтой хийсэн гэрээнээс хамаарч визний хугацаанаасаа өмнө дуусгах, эсвэл хугацаагаа сунгах боломжтой аж. Өргөдлөөсөө хамаарч нэг хүн гурав хүртэлх жил визний хугацаагаа сунгах боломжтой. АНУ-ын аж ахуйн нэгж нь Хөдөлмөрийн яам руугаа “шаардлагатай байгаа ажлын байр дээр ажиллах хүчин нь хүрэлцэхгүй байгаа учраас нэмж ажиллах хүчин хэрэгтэй байна” гэдэг хүсэлтийг үндэслэн ажиллах хүчний тоо гардаг. Ажил олгогч хүсэлтээ тавьсны үндсэн дээр Хөдөлмөрийн яам зуучилна. Энэ зуучлалын хугацаа хамгийн уртдаа нэг жил байна.
Гол шалгуур нь…
Ажиллах хүчний виз мэдүүлэх иргэдэд тавих үндсэн шалгуур нь, эх оронтойгоо залшгүй холбоотой, хугацаатай хөдөлмөрөө эрхэлж дуусаад эх орондоо заавал ирж ажиллах боломжтой хүн гэдгээ нотлох ёстой юм байна. Ажиллах хүчний визийг гэр бүлийн гишүүд хамтдаа авах боломжтой. Гэхдээ Н4 гэсэн ангиллын дагуу виз мэдүүлэх юм байна.