Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн засаг дарга, удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр тус дүүргийн “харъяалалгүй” ахмадуудыг Налайх дүүргийн соёлын төв өргөөнд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн уулзалтад 2000 орчим ахмад ирж оролцов.

Уурхайчдын өлгий болсон Налайх дүүрэг нь орон нутгаас шилжин ирсэн олон оршин суугчидтай. Мөн залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан тул дүүргийн засаг дарга болон нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран “харъяалалгүй” гэх тодотголыг бий болгож тэднийгээ жил бүр баяр, ёслолын үеэр хүлээн авч уулздаг уламжлалтай болжээ.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан: Сар шинийн баярын өмнө ахмадуудтайгаа уулзаж үнэтэй үг, захиас даалгаврыг нь сонсдог сайхан уламжлал тогтсоныг онцлов.

НИТХ-ын даргын ажлыг авснаасаа хойш нийслэлийнхээ хөгжил цэцэглэлт хийгээд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг цогцлооход анхаарч, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд иргэд та бүхний санаачлага, идэвхтэй оролцоо “ хөдөлгөгч хүч” .

Цаашид хөрөнгө мөнгөнөөс илүүтэй итгэлцэл, иргэд оршин суугчид, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санаачлага,хариуцлагад тулгуурласан олон ажлууд гарц шийдлээ хүлээж байна. Налайх дүүргийн хувьд 2018 онд  Гачуурт, Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлыг эхлүүлэх, Барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр 1,3 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барих зэрэг бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэх болно гэлээ. Ирж буй нохой жилдээ Налайхчууд та бүхэн маань төрөлх хот, дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө  олон түмнээрээ хичээн зүтгэсэн, ирээдүйн хөгжлийн суурийг бэхжүүлсэн жил байх болно гэдэгт итгэлтэй байна гээд сар шинэдээ дэлгэр сайхан шинэлэхийг ерөөлөө.

109 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД АВТОБУСААР ХИЧЭЭЛДЭЭ ЯВ

Нийслэл хотын хэмжээнд сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хэрэгжилтийн хүрээнд Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд хүүхэд тээвэрлэх автобусыг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Хотын хэмжээнд эхний ээлжинд хамгийн холоос сурагчид нь ирдэг сургуулиудад бэлэн болсон автобусуудыг хүлээлгэн өгч байгаа аж.

Налайх дүүргийн 109-р сургууль нь 2006 онд БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Анх сургууль нээгдэхэд 280 гаруй сурагч, 13 багштайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 480 гаруй сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус  сургууль төвөөсөө алслагдмал зөөврийн ус, бага оврын уурын зуух, бохир нь соруулдаг, гэр хорооллын дунд байрладаг.

Энд Налайх дүүргийн 3,4 дүгээр хорооны хүүхдүүд суралцдаг. Сурагчид хичээлдээ ирэхдээ 1,5 км-ээс дээш зайнд алхаж ирдэг гэлээ. Харин одоо сурагчид сургуульдаа автобусаар хүргүүлж байхаар боллоо.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТҮК ТӨХК-ИЙН АЖИЛЧИДТАЙ УУЛЗАВ 

НИТХ-ын дарга С.Амарсайхан тус дүүргийн ТҮК-ийн ажилчидтай уулзаж ахуй амьдрал, аж байдалтай нь танилцлаа. Энэ байгууллага 60 орчим ажилчинтай. Ажлын багаж, хэрэгслийн хувьд хангалттай. Мөн хог ачлагын машинууд энэ жил шинээр хүлээж авсан тул элдэв саадгүй, байнгын ажиллагаатай байгаа талаараа танилцууллаа. Мөн сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан ээлжгүй, амралтгүй ажиллаж байгаа гэв.

Тус байгууллагын 22 ажилтан өөрийн гэсэн эзэмшлийн болон өмчилсөн газар,  гэр оронгүй. Аж, амьдралын хувьд хэцүүхэн байдаг тул дүүргээс хашааны газар олгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Хүсэлтийн дагуу НИТХ-ын дарга Налайх дүүргийн засаг даргад хуулийн дагуу боломжийг судлаж, шийдвэрлэхийг хүслээ. Мөн Налайх дүүргийн ТҮК ТӨХК-ийн мэдэлд ногооны талбай байсан боловч одоогоор өөр байгууллагын харъяанд байгаа юм байна. Энэ ногооны талбайгаа шилжүүлэн авч өөрсдөө хүнсний ногоогоо тариалж үр шимийг нь хүртэж байх боломжийг ч бүрдүүлж өгнө гэлээ.

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …