Нийслэлийн баруун бүс, нягтаршил ихтэй Сонгинохайрхан дүүргээс хөгжил үнэртэж эхэллээ. Татаас авдаг ганц л дүүрэг хэмээн адлагдаж байсан энэ дүүрэг өнөөдөр иргэдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцаа тодорхойлж, зарим ажлаа аль хэдий нь эхлүүлчихсэн ярилцаж суухад урамтай сайхан болжээ.
Сар шинийн баяр дөхсөн ажил ихтэй эдгээр өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэгийг зорин очиж ярилцлаа. Түүний хувьд дүүргийнхээ анхан шатны нэгжүүдэд ажиллаж байсан дүүргээ, дүүргийнхээ асуудлыг маш сайн мэддэг туршлагатай, хөдөлмөрч эмэгтэй юм.
–Сар шинийн баяр ойртож, айл өрх, албан байгууллагууд амрах завгүй их ажилтай байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд “Гал тахиа” жилээ хэрхэн үдэж байна вэ?
-Сонгинохайрхан бол нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг юм. Бид дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, олон ажлыг хийж гүйцэтгэж байна. Дүүргийн иргэдийн хурал 41 төлөөлөгчтэй. Эдгээр төлөөлөгчид хамтарч иргэддээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид эхний ээлжинд “Иргэдээ сонсьё” аяныг өрнүүлсэн. Эндээс гарсан санал, зөвлөмжийн дагуу хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн. Зөвхөн сонсоод өнгөрөх бус хороо бүрт тулж ажилласны үндсэн дээр хэд хэдэн ажлын ард гараад байна.
Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө бүх хороо, гудамж талбайд цугларсан хур хогийг ачиж, цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мөн дүүргийнхээ 27 мянган ахмад, өндөр настанд хандаж, УИХ гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгчид тодорхой хэмжээнд хүндэтгэл үзүүлж ажиллалаа.
-Ирэх нохой жилд ямар ажил хийгдэхээр төлөвлөсөн бэ. Дүүргийн хувьд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу гэдэг асуудал байнга яригддаг. Ирэх жил хэчнээн сургууль цэцэрлэг баригдахаар төлөвлөсөн бэ?
-Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын зургаан гишүүн, нийслэл дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид хамтаараа 58,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ татаж авчирч чадсан. Энэ хөрөнгөөр дүүрэгтээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж ажиллана. Бид сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол зорилгоо тавьж ажиллаж байгаа. Энэ бол үнэхээр хүндрэлтэй асуудал. Дүүргийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа найман сургууль байна. Гэхдээ 104 дүгээр сургуулийн өргөтгөл саяхан ашиглалтад орж, гурван ээлжээр хичээллэх сургууль нэгээр багаслаа.
2018 онд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд долоон сургууль шинээр ашииглалтад орж, зургаан сургуулийг өргөтгөхөөр төлөвлөж ажиллаж байна. Нийт 13 цэцэрлэг, сургуулийг шинээр барьж ашиглалтанд оруулснаар бидний өмнө тулгамдаад буй нэг асуудал цэгцрэх, хүндрэл бэрхшээл нь багасах боломж бий болно.
-Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. Эдгээр хороодын дийлэнх нь буюу 22 нь гэр хороолол байдаг. Гэр хороолол ихтэй дүүргийн өмнө тулгамддаг нэг асуудал утаа. Тэгвэл дүүргээс утааг бууруулах, багасгах чиглэлд ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?
-Утааг ярихгүй өнгөрч болохгүй. Манай дүүргийн өмнө тулгамдаж буй голлох асуудлуудын нэг. Сонгинохайрхан дүүргийн иргэдээ эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэхийн УИХ-д төлөөлөн ажиллаж буй зургаан гишүүн, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд иргэдтэйгээ уулзалт хийх үеэр гол яригдсан сэдэв бол утаа байлаа. Гэвч өргөс авчихсан юм шиг нэг өдөр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх утааны эсрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах чиглэлд шийдвэр гарсан. Засгийн газар, утааг бууруулах ажлын хэсгийн гаргасан шийдвэр, захирамжийг бид анхан шатан дээр хийж, хэрэгжүүлж ажиллана. Мөн манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар олон төрлийн зуухнуудыг судалж байгаа. Эндээс үр дүнтэй шийдэл гарвал дүүрэгтээ нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллана.
-Нийслэлийн хамгийн том газар нутагтай нь Сонгинохайрхан дүүрэг юм уу гэж хардаг. Гэр хороолол өргөжин тэлэхийн хэрээр харанхуй гудамжууд нэмэгдсээр байгаа. Харанхуй гудамжинд гэмт хэрэг үйлдэгдэх нь их байдаг. Та бүхний хувьд харанхуй гудамжийг гэрэлтүүлэх чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Том газар нутагтай, олон иргэнтэй дүүрэгт гэмт хэргийн асуудал хурцаар хөндөгддөг. Иргэдээ сонсоод явж байхад гэмт хэрэгтэй холбоотой гомдол маш ихээр ирсэн. Эндээс бид гудамж талбайг гэрэлтүүлэгтэй, камертай болгох ёстой гэсэн шийдэлд хүрсэн юм. Гэхдээ шууд шийдвэрлэхэд хөрөнгийн асуудал хөндөгдөнө.
Тиймээс эхний ээлжинд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж, гарсан шийдвэрээр зөвлөмж гаргаж хэрэгжүүлж байна. Зөвлөмжийн хүрээнд цагдаагийн гурван эргүүл тогтмол ажиллаж байгаа. Энэ эргүүлийн үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран оролцож байна. Эргүүл тогтмол ажилласнаар гэм хэргийн гаралт ч тодорхой түвшинд буурч байгаа нь харагдсан.
Гэхдээ харанхуй гудамжийг гэрэлтүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Харанхуй гудамжинд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд гэрэлтүүлгийн асуудлыг чухалчилж байна. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Австри улсын буцалтгүй тусламжаар долоон тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна. Гэрэлтүүлгээ шийдвэрлэж чадвал иргэдийн хараа хяналт ч сайжирч, гэмт хэргийн гаралт буурна. “Иргэдээ сонсьё” аяны хүрээнд яригдаж байсан гол гол асуудлууд шийдэгдэх боломжтой болж байна. Асуудлаа шийдвэрлэж чадсан дүүрэгт хөгжил ирэх нь тодорхой юм.
-Газар нутгийн онцлогоо ашиглан Эко дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байгаа гэж дуулсан. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
-Орон нутгийн сангийн хөрөнгөөр хороолол доторх зам, жижиг бүтээн байгуулалтуудыг ажлын хуваарийн дагуу хийж, гүйцэтгэж байна. Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “эко орчин бүрдүүлье” гэсэн санаачлагыг гаргасан. Санаачлагын дагуу аж ахуйн нэгжүүдээ уриалж, ногоон байгууламжтай дүүрэг байгуулья гээд ажиллаж байна. Манай хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд санаачлагыг дэмжиж идэвхтэй оролцож байна. Энэ хүрээндээ бид гурван ч томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Утааг багасгах, эрүүл орчинд аж төрөх боломжийг дүүргийн иргэд өөрсдийн бололцоондоо тулгуурлан хийж хэрэгжүүлж байна.
-Шар нохой жил айлчлан ирж байна. Ирэх жил төлөвлөсөн ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж дуусаад дахин уулзахын ерөөл тавья. Та бүхний хөгжлийг олж харсан бүтээн байгуулалтууд, асуудлаа шийдвэрлэсэн ажлуудад өндөр амжилтыг хүсье.
– Баярлалаа. Өглөө.мн сайтын хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн УИХ, нийслэл дүүргийн төлөөлөгчид, дүүргийн албан хаагчид, төрийн бус байгууллага, нийт ард иргэд, Сонгинохайрханчууддаа “Нөхөрсөг” хэмээх шар нохой жилийн мэндийг дэвшүүлж, элгээрээ энх амгалан байж, төрлөөрөө түвшин амгалан байж эрүүл энх, ажилтай орлоготой, цог золбоотой сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Ярилцсан Л.Тамир