“Амьдрал” уран сайхны киноны талаар хэн юу хэлэв?

 “Амьдрал ” уран сайхны киноны баг хамт олон Зайсан Хилл-д шинээр нээгдсэн Prime Cineplex кино театртай хамтран Монголд анх удаа хэвлэл мэдээлэл, кино шүүмжлэгч, кино сонирхогчдын дунд “PRESCREENING” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид, урлаг судлаач, найруулагч, зохиолчид оролцов.

Энэ үеэр “Амьдрал ” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин Д. Пүрэвсүрэн, киноны ерөнхий найруулагчаар ажилласан Ж.Сэнгэдорж, Киноны зохиолыг бичсэн Т.Номуунзул, болон Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, найруулагч Д.Галбаяр нарын  сэтгэгдлийг нь сонссон юм.

Жүжигчин Д.Пүрэвсүрэн : “Амьдрал ” уран сайхны киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг хоёр маань гэрийн хоёр багана шиг нэг нэгэнтэйгээ маш сайн ойлголцож хамтарч ажилласан. Энэ хоёр хүний удирдлага  дор дүрээ  бүтээлээ.

Манай кино дөрвөн улирлын турш дамнан бүтээгдсэн. Энэ ч утгаараа биднээс  маш их хүч хөдөлмөрийг шаардсан. Миний хувьд  Улаанбаатар хотын төв гудамжаар сунаж мөргөж явдаг хэсэг байдаг. Энэ хэсгийг зургийг авахуулж байхдаа  ямар их нус цэр, тамхины иш, хөглөрч  байдаг юм хараад эмзэглэсэн.

Би багаасаа дутагдах, гачигдах зүйлгүй өссөн, амьдралын утга учрыг ойлгоогүй, алхам тутамдаа тохиолдох бэрхшээлтэйгээ тулгараад явж байгаа эмэгтэйн дүрийг бүтээлээ. Нийгмийн давхаргыг ялгалгүйгээр  зовлон, жаргал  ирдэг юм шүү гэдгийг л  харуулахыг зорьсон.

Найруулагч Ж.Сэнгэдорж: “Амьдрал” уран сайхны киногоор хүний дотоод сэтгэлийг харуулах, түүнчлэн киногоороо дамжуулан цаашид бүтээгдэж буй кино болгон үнэн байгаасай гэдгийг  үзүүлэхийг хичээсэн.  Киногоо 71 дэх удаагийн Каннын кино наадам өрсөлдүүлэхээр зорьж бүтээсэн. Дэлхийн аль ч фестивальд хүч үзсэн ч өнгө, дуу, дуугаралт гологдохгүй байгаасай гэж киноны бүхий л зүйлсийг мэргэжлийн өндөр түвшинд хийхийг зорилоо.

Зохиолч Т.Номуунзул: Би зохиол бичихдээ өөрийгөө гол дүрийн оронд тавьж бодож бичдэг. Энэ зохиолыг бичихдээ сунаж мөргөхөд хэр хэцүү байдаг гэдгийг мэдэхийн тулд 14 хоног өдөр бүр 108  удаа мөргөж үзсэн. Би зохиолоороо үйлийн үрийг харуулахыг зорьсон. Хүмүүс  үйлийн үрийг харахдаа зовлон гэж боддог. Үйлийн үр гэдэг бол өөрөө өргөн утга агуулгатай. Өнөөдөр нэг хүнтэй уулзаад “сайн байна уу?” гэж хэлэхийн оронд муухай харах энэ үйлдэл ч гэсэн өөрөө  үйлийн болдог гэдгийг харуулахыг зорилоо. Би анх зохиолоо бичихдээ гол дүрд Д. Пүрэвсүрэнг тоглон гэж мэдсэн учраас түүнийг энэхүү дүрийг л гаргаж чадна гэж бодож бичнэ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар: Манай урлагийн салбарт ганцхан нийтлэг алдаа байна. Жүжиг ч бай, кино ч бай зохиолч сайхан бичигдсэн зохилоор дутагдаж байна. Аливаа кино нь дээр гарч байгаа  үйл явдал болоод  дүрийг тодруулж байгаа ёст болон далд утгатай үгс дутмаг санагдаад байгаа юм. Сүүлийн үед кино бүтээхэд  техник технологийн хувьд  боломжтой л болжээ. Тэгвэл одоо бидэнд юу хэрэгтэй вэ?. Манай уран бүтээлчид  үүнийг л бодож киногоо хиймээр л байна. Монголын кино урлаг Америк, Солонгосчууд кинонд гардаг нийтлэг санаа руу битгий орчихоосой. Монголын соёл, Монгол уламжлал агуу шүү дээ. Монгол гэсэн онцлогоо харуулдаг байгаасай гэж хүсч байна.

Найруулагч, жүжигчин Д.Галбаяр: Амьдрал гэдэг маш том философийн анхны үзэгч болсондоо баяртай байна. Аливаа уран бүтээлчийн шинэ бүтээл болгон чанаржиж, үзэгчид харуулах гэсэн санаа, сэдэл нь томорч байдаг. Энэ тал дээр би Ж.Сэнгэдорж найруулагчийг үнэлдэг. “Амьдрал” бол үнэний тухай дуугарсан кино байна. Монголчууд бид бүхэн үнэн гэдэг зүйлээс холдчихжээ. Үүнийг л киноны уран бүтээлчид “хашгирч” хэллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …