УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг “Ярилцах танхим” булангийнхаа зочноор урилаа.
-Танд эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн мэдээлэл их гарч байна. Хууль зүйн сайд ч “Ё.Отгонбаяр гишүүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэдэг мэдээллийг өгсөн. Гэсэн ч та энэ талаар өнөөдрийг хүртэл ам нээсэнгүй. Учир явдлыг тодорхой хэмжээнд дэлгэж ярих боломж байна уу?
-Манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хүнийг сэжигтнээр татсан бол өөрт нь мэдэгдэх ёстой.
Одоогоор намайг мөрдөн байцаах газраас дуудсан зүйл алга. Янз бүрийн хэргээр шалгаж байна гэж хэвлэлээр л их гарлаа. Хэрвээ намайг шалгаж байгаа бол би тэр тухай хэвлэлээр ярьж мөрдөн байцаах үйл ажиллагаанд нь саад учруулж болохгүй. Энэ бол хуулийн том зарчим. Нөгөө талаар хэвлэлээр бичиж байгаа шуугиануудад хоёр зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт би хэрэг үйлдээгүй учраас хяналтын байгууллага нь шалгаад тогтоочих байх. Үүнийг хэвлэлийн бай болгож, улс төрийн зорилгоор ангуучлах хэрэггүй. Манай хэвлэлийнхэн баримт нотолгоотой юм бичиж баймаар байна. Зарим нь намайг бүр гэм буруутайг нь нотолсон юм шиг нэр төрд халдаад байх юм. Би хэвлэл мэдээллийг шүүхдэж, заргалддаг зарчимтай хүн биш. Тийм учраас шалгах ажил явж байгаа бол тэр нь дуусаад тогтоогдоод ирнэ биз дээ. Тэр үед нь олон нийтэд юу болсныг нь хэлнэ. Одоохондоо хэргийн явцад нь элдэв мэдэгдэл хийж хуулийн процесст саад учруулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.
-Гэр бүлийн хүнийг чинь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Удахгүй Прокурорт хэргийг нь шилжүүлэх яриа бий?
-Хэргийг прокурорт шилжүүлээгүй байх аа. Гэхдээ хэргийг шалгаад дууссан.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Танай намын бүлэг хөрөнгө оруулагчдад босго тавих асуудалд шүүмжлэлтэй хандсан. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татахад сөргөөр нөлөөлнө гэж харж байна уу?
-Гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурсан байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчдаа дэмжиж улсын эдийн засгаа нэмэгдүүлэх эерэг нөлөөг бий болгох ёстой гэдэг дээр нэгдэж байгаа. Анх УИХ дээр оруулж ирсэн төсөлд нэлээд өөрчлөлт орж байна. Яагаад гэхээр төсөл дотор нэлээд шүүмжлэлтэй хандах зүйлүүд гарсан. Хөрөнгө оруулагчдад босго тогтоох асуудал яригдсан. 15 тэрбум төгрөгийн босго тогтоосон нь зөвхөн том компаниудыг дэмжсэн болж байна гэж шүүмжилсэн. Тиймээс хоёр талын намын бүлгээс гарсан ажлын хэсгийн хүрээнд мөнгөний хэмжээ, босго тогтоох асуудлыг ярилцаж байгаа. Тухайлбал би чуулганы хуралдаанд ажлын байрыг нэмэхийн тулд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтын босгыг буулгаж өгье гэдэг санал гаргасан. Хөдөө аж ахуйд 15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийх салбар ховор. Гэтэл хөдөө орон нутаг, суманд ажилгүйдлийг арилгахын тулд хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжих нь чухал байгаа юм. Гурван тэрбумаас дээшээ хөрөнгө оруулалт орон нутагт хийсэн бол хөрөнгө оруулалтын тогтворжилтын гэрчилгээ олгох, тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх заалтууд орж ирж байна. Үүнд нэлээд сэтгэл ханамжтай байгаа. Хөрөнгө оруулагчдыг дэмжихдээ ажлын байр олноор бий болгодог, шинэ технологи оруулж ирж байгаа компанид хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн заалтуудыг оруулахаар ажиллаж байна. Ер нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Дотоодын хөрөнгө оруулагчдын татварыг нэг хэмжээнд тогтвортой байлгах ёстой гэсэн байр суурийг зарим гишүүд хэлж байсан?
-Гадаадын хөрөнгө оруулагчид олгодог хөнгөлөлтийг дотоодын хөрөнгө оруулагч адилхан хэмжээнд эдлэнэ. Тухайлбал татварын орчинг нь тогтворжуулж өгч байна. Хөдөө орон нутагт гурван тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийх юм бол дөрвөн төрлийн татвараас тав, 10 жилээр хөнгөлж өгнө гэсэн үг юм. Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулагчдын татварын хэмжээг удаан хугацаанд тогтвортой байлгах гэсэн үг. Манай намын бүлэг ярьж байгаад хөрөнгө оруулалтын дэмжлэг гэдэг зүйлийг оруулах гэж байна. Жишээ нь үйл ажиллагаа явуулахын тулд боловсон хүчнээ сургасан байвал тэр зардлыг нь татвар тооцох орлогоос нь хасч өгье гэдэг зүйлийг дэмжсэн. Яагаад гэхээр тэр сургалтад хамрагдсанаар Монголын нэг хүн өөрийн гэсэн мэргэжил болоод ажлын байртай болж байгаа учраас түүнийг нь татвар ногдох орлогоос хасч өгье гэдэг заалтыг оруулж өгч байна.
-Хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжихэд эргээд үр өгөөжөө сайн өгөх хөдөө аж ахуйн ямар салбар байна вэ?
-Үр тариа байна. Хурааж авсан үр тариагаа боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжиж өгье гэж байгаа юм. Яагаад хөдөө аж ахуйг онцлоод байгаа юм бэ гэхээр уул уурхайг бодвол харьцангуй бага хөрөнгө шаарддаг, олон ажлын байр бий болгодог салбар. Тэр тусмаа хөдөөгийн иргэдийн ажилгүйдлийг бууруулахад хэрэгтэй гэж үзээд байгаа л даа. Жишээлбэл Оюутолгой төсөл дээр олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Гэтэл уурхай дээр 3000 хүн ажиллаж байгаа шүү дээ. Нэг ажлын байр бий болгож буй зардал нь уул уурхайн салбарт өндөр гарч байна. Тэгэхэд гурилын үйлдвэр байгууллаа гэхэд маш бага хөрөнгө оруулалтаар хэдэн зуун ажлын байр бий болгодог давуу талтай салбар. Урт хугацаанд бид уул уурхайг түшсэн хөрөнгө оруулалтаас болгоомжлох ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бусад салбар руу бид анхаарал тавих ёстой гэж үзэж байгаа. Эдийн засаг хүндрэлтэй боллоо гэж ярьж байна. Гэтэл экспортын орлогын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Нүүрсний үнэ буурлаа гээд улсын төсвийн орлого тасраад байгаа биз дээ. Тэгэхээр цөөн тооны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс болоод улсын эдийн засаг хүндрэлтэй байдалд орох нөхцөл бүрдээд байгаа. Хэрвээ ажлын байр ихээр бий болгодог бусад салбарт хөрөнгө оруулалт хийж чадах юм бол нэг газар түүхий эд унаж байхад нөгөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн чинь алдагдлаа нөхөж байх жишээтэй.
-Эдийн засгийн хүндрэл үүслээ. Үүнийг одоогийн эрх баригчид өмнөх Засгийн газартай холбон тайлбарладаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Нэгэнт засгийн эрх барьж байгаа учраас үүсч буй асуудлын хариуцлагыг үүрэх ёстой. Тэр бол хаана ч байдаг хууль. Гэхдээ миний баримталж байгаа зарчим бол хүндрэл үүссэн ч үүнээс гарах арга замаа ярья гэж байгаа. Гэрт гал гарч байхад галаа эхлээд унтраах ёстой болохоос, гал тавьчихлаа гээд хүүхдээ зодоод гүйдэггүй шүү дээ. Түүнтэй адил тийм зарчим барьж байгаа. Саяхныг болтол бид хүндрэл бий болсон, болоогүй гээд маргалдаад байсан. Энэ дээр мэдээж Засгийн газар өөрсдийг нь буруутгана гэж үзээд эмзэглэж байгаа байх л даа. Гэхдээ бид үүнийг ярьж санхүүгийн хямрал болохоос урьдчилан сэргийлэх ёстой. Харин манай намын бүлэг удаа дараа шаардсаны үндсэнд Эдийн засгийн байнгын хороон дээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр /уржигдар/ өглөө хэлэлцлээ. Энэ бол ахиц. Ажлын хэсгийн дүгнэлтэд нэлээд тодорхой зааж өгсөн байсан. Валютын ханшийн өсөлт хаанаас гарав, гадаад эдийн засгийн орчин яагаад муудав, ямар учраас төсөвт хүндрэл үүсээд байна вэ гээд сайн дүгнэсэн байсан. Энэ дүнгээс үүдээд цаашид яаж ажиллах вэ гэдэг дээр олигтой арга хэмжээ аваагүй байгаа юм. Тийм учраас ээлжит бус чуулган хуралдаж байгаа үед үүнийг тойрч ярих ёстой.
-Та МАН-ын бүлгийг сөрөг хүчнийхээ үүргийг хэр гүйцэтгэж чадаж байгаа бол. Дотор нь байгаа хүний хувьд өөртөө ч тэр дүгнэлт хийдэг байлгүй дээ?
-Энэ их хурал байгуулагдахаасаа эхлээд цөөнхийн дуу хоолойг боомилох үйл ажиллагаа маш идэвхтэй явсныг бүгд санаж байгаа байх. Парламент гэдэг зөвшилцлийн байгууллага. Орж ирж буй асуудлын сайн мууг тал, талаас нь ярьж шийдэх ёстой гэж үздэг. Гэтэл өөрсдийнхөө зөв гэж үзсэнийг хүч түрэн шийдвэр гаргадаг практиктай явж ирсэн. Харин ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа хуулиуд дээр харьцангуй зөвшилцөл хоёр талаасаа явж байна. Зөвшилцөж болно гэдгийг харуулж байгаа. МАН-ын хувьд сөрөг хүчин гэдэг утгаараа сөрөөд байя, унагаая гэдэг байр суурийг тэр болгон баримтладаггүй. Нэг талаараа хүмүүсийн хэлж байгаа шүүмжлэлийг зөв гэж боддог. Олон жил төрийн эрхийг барьсан учраас аливаа асуудлыг ороод ирэхээр шийдэх талаас нь боддог болохоос биш эсэргүүцэж унагаах талаас нь боддоггүй.
-Хуулийн байгууллагууд авлига, албан тушаалтнуудтай холбоотой хэргүүдийг шалгаж байна. Ер нь авлигатай тэмцэх ажил ямар түвшинд явж байна гэж та харж байна вэ?
-Авлигатай тэмцэх ажил гурван чиглэлээр явах ёстой гэж боддог. Нэгдүгээрт хэрэг хийсэн хүмүүсийн асуудал байна. Энэ нь хэвлэл мэдээллээр ч их гарах юм. Хоёрдугаарт авлига үүсэх орчинг нь арилгах ёстой. Төвлөрөөд байгаа эрх мэдлүүдийг задлаж өгөх ёстой. Эрх мэдэл хаана төвлөрч байна, түүнийг дагаад энэ асуудал чинь үүснэ шүү дээ. Тэр тал дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа. Шинэ парламент, Засгийн газар байгуулагдсанаас хойш орж ирж байгаа хуулиудын олонх нь эрх мэдлийг төвлөрүүлэх чиглэл рүү хуулийн үзэл санаанууд нь яваад байна. Тухайлбал, нийгмийн халамжийн байгууллагуудыг босоо тогтолцоотой болгочихлоо. Тэгээд ирэхээр энд яамны сайд нь бүгдийг шийддэг тогтолцоо руу яваад байгаа байхгүй юу. Хэвтээ тогтолцоотой эрх мэдэл нь аймаг дээрээ байх юм бол яамнаас гаргаж байгаа бодлогын хүрээнд шийдээд явах ёстой. Эрх мэдлээ төвлөрүүлэх тал руу яваад байгаа учраас энэ тал дээр олигтой ажил хийгдэхгүй байна гэж шүүмжлэлтэй ханддаг. Гуравдугаарт хүмүүсийн цалин хөлсний асуудал байгаа юм. Засгийн газар байгуулагдаад жил гаруй болоход цалин нэмэх асуудлыг шийдсэнгүй. Тухайлбал авлигагүй орны тоонд Сингапур улс орж байна. Сингапурын төрийн албан хаагч хамгийн өндөр цалинтай байдаг. Тэгэхээр хүмүүс нь амьдралын баталгаатай. Өндөр цалинтай ажиллаад ямар нэгэн авлигын хэрэгт орооцолдох сонирхолгүй байх нь зүйн хэрэг. Тийм учраас бид төрийн албан хаагчдынхаа цалин хөлсний асуудлыг эргэж харах ёстой гэж үзэж байна.
-АТГ-ыг албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ялгавартайгаар хандаж байна, МАН-ынхныг гол төлөв шалгаж байна гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Үнэхээр тэгж харах үндэслэл байна уу?
-Авлига намын харьяаллын асуудал биш. Авлига гэдэг чинь эрх мэдэл, мөнгө тойрсон асуудал. Тэгэхээр аль ч намын хүн орооцолдож болно. АН-ын Цэвэр агаар сангийн захирал нь ч гэсэн холбогдоод явж байгаа. Тийм учраас нам хамаагүй шалгах ёстой. Сэжиглэж байгаа хүн байвал түүнийгээ шалгах нь зүй ёсны хэрэг. Шүүмжлэлтэй хандах зүйл бол гэм буруутайг нь нотлоогүй байж зарлаж байгаа нь буруу. Өмнө нь яагаад дуулиан шуугиан гардаггүй байсан юм. Заавал гэмт хэргийг нь нотлож баталсны дараа зарладаг байлаа шүү дээ. Одоо бол энэ нөхрийг сэжиглэж байна гээд хэвлэлээр зарлаад шуугиан болгоод тавьчихаад байгаа. Энэ нь хууль эрх зүйн хувьд өөрөө буруу юм. Түрүүлээд зарлачихаад дараа нь гэм буруутай эсэхийг нь нотлох гээд явна гэдэг чинь буруу хуулийн процесс яваад байгаа гэсэн үг. Энэ дээр бид шүүмжлэлтэй хандах ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Амартүвшин Улс төрийн тойм сонин