Гэрэл бүүдийвэл, сүүдэр арилдаг

Болжморууд урдынх шигээ шулганаж, өглөөг мэдрүүлдэг байснаа больж. Гэхдээ л дуу шуугиантай хотын өглөө эхэлж, яарсан хүмүүсийн хөлд чулуун зам давтагдана. Зарим нь ажил руугаа, зарим  нь сургууль руугаа, зарим нь зүгээр л хаа нэг тийш ээ яарцгаана. Харин би л ганцаараа маш удаанаар алхаж, элдвийг харж, сэтгэлдээ өнөө өглөөний бүх үзэгдлийг зураглаж, дүрслэхийг оролдоно. Татсан тамхи ишиндээ тулах үед л ухаан оров уу гэлтэй бусдынхаа хэмнэлд орж, ажлын зүг хурдаллаа.

Би их хотын нэгэн эс. Надтай адил маш олон эсүүд нэгдэж, их хотын хөл хөдөлгөөн, дуу шуугианыг бүрдүүлж байна. Эсүүд нэгдэж бодгалийг үүсгэдэг шиг бидний нэгдэл гэр бүл, хамт олон, нам, эвсэл эсвэл зүгээр л нөхөрлөл, хоолны газрын үйлчлүүлэгчдийг бүрдүүлж байна. Сонирхолтой, сонирхолгүй, инээж, гуниглаж эсүүдийн мөргөлдөөн үүсч, хайрлаж, дурлаж, хаягдаж, шанална. Гэхдээ энэ бүхэнд төгсгөл үгүй, мөнхийн тойрог мэт хүн бүрт адилхан тохионо.

Маргааш юу болохыг, чамайг цорын ганц хайр минь хэмээн бодож явсан хүн яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй.  Бүх зүйлс яг энэ цаг үе шиг мөнхөд үргэлжилнэ гэж бодож явдаг залуу нас гээгдэж, өчигдөрхөн гэрэлтэж байсан ээжийн минь санчиг бууртаж эхлэхэд л бүгдийг ухаарсан мэт сэргэлт авах ч, би гэж хүн тэртээ хол хаягдаж, гэр бүлийн гэх амьдралд цэг хатгасан байх вий.

Хүн алдаж болно, ухаарч ч болно. Гэхдээ л мөргөлдөж байсан эсүүд түлхэлцэж эхлэх үед л хамгийн том алдаа гаргадаг. Болдогсон бол цаг хугацааг ухрааж, болдогсон бол хаалга савж гарсан тэр өдрийг энэ ертөнц дээр огт байхгүй болгохсон. Өглөө гарахад халуун үлдсэн цай орой ирэхэд хөрчихсөн байдгийг л бидний үеийн залуус ойлгохгүй хөөрцөглөж явсаар нэг л мэдэхэд өөрийн хамгийн гайхамшигт бүтээл болох үрийнхээ өмнө нүгэлтэн болчихсон сууж байх вий.

Гэхдээ уучлал бол хамгийн гайхамшигтай сэтгэлийн илрэл, хамгийн гайхамшигтай тэвчээрийн хязгаар аж. Ийм гайхамшиг хүн хэмээн бодгальд байдаг учраас л үл ойлголцлын дараа үүссэн ан цавыг арилгаж, ид шидийг бүтээж байна. Энэ гайхамшгийн тухай Ардын жүжигчин Э.Оюун гуай ” Би эндээс явахгүй” зохиолдоо дүрсэлжээ.  

Хэсэгхэн жаргалд мансуурахдаа бүгдийг умартдаг шунаг сэтгэлийн үр хөврөл амжилттай мэс засалч, сэтгэлтэй гэрийн эзнийг эвдэж хэн ч биш болгодог. Гэхдээ л түүнийг хүн байснаар нь хайрлах эхнэр гэж бий. Тавиад оны гэрийн эзэгтэй. Цайны ганц гоёлтой бүсгүй. Шунах, дурлах, хүсэх зүйл түүнд даанч алга. Нөхрөө ирэхийг хүлээж, гурилтай шөлөө халааж суугаа гэрийн эзэгтэй нь хажууд удирдах албан тушаалтнаа хоргоож байгаа сувилагч бүсгүй хамаагүй дээр. Өөртөө арчаатай, өмсөж зүүхдээ анхаардаг. Тэр хэдий хүний нууц ч гэсэн. Бусад шиг л амьдрахыг, бусад шиг л хайрлуулахыг хүснэ. Өөр ч зорилго бий.

Хоёр бүсгүй ялгаатай байдал, нэг хэвийн утга төгөлдөр бус амьдралын хэмнэлийг эвдэж, мэс засалчыг идсэн биз. Энэ нийгэмд ч ийм зөрчилдөөн их бий. Бид ерөөсөө драмын зохиолоор амьдардаг бололтой. Тэгэхээр зөрчилдөөнийг даваж, гэр бүлээ бүтэн авч үлдэх тэр л аргачлал Э.Оюун гуайн зохиолд шингэжээ. Энэ бол мэдээж уучлал. Өөрийг нь голсон эрийг ухаажтал хүлээж чадсан уучлал. Манай нийгэмд хэрэгтэй байгаа ганц л эд эс. Дулмаа шиг эд, эсүүд олон байгаасай.

Эсүүд мөргөлдөнө. Дахин нэг эсийг бүтээнэ. Тэр эс өсөж, том болно. Энэ үед л эцэг, эх байхын зол, амар тайван гэр бүлийн жаргал эхэлдэг. Үзэн ядсанаас уучилсан нь дээр хавьгүй дээр гэдэг дээ. Мөн эр хүн бол зүгээр л гэрлээр дутагдсан сүүдэр юм. Гэрэл бүүдийвэл, сүүдэр арилдаг. Тиймээс гэрэл үргэлж тод гэрэлтэх учиртай…


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …