Энэ өдрийг яагаад Үндэсний сэтгүүл зүй үүссэн өдрөөр тэмдэглэв

Johann Callors-ийн 1605 онд хэвлэгдсэн “Relation aller Fьrnemmen Und Gedenskwьrdigen Historien” сонин нь сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны сонин гэж тооцогдож байв. Харин хамгийн анхны Английн өдөр тутмын сонин болох Daily Courant 1702-1735 онд хэвлэн нийтлэгдэж байлаа. Эндээс л дэлхийн сэтгүүлзүйн үүсэл хөгжлийг ярьдаг. Гэхдээ орчин үеийн сэтгүүл зүйн үүслийг хожуу буюу 1950 онд Бразил улсад хэвлэгдсэн Diario Cariocia сониноор илэрхийлдэг.

Харин 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм. Гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа. Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу Олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм.

Сониныг монголчууд дангаараа бие даагаад гаргачихсангүй. Монгол Улсын Гадаад яам, Хаант Оросын Монгол дахь төлөөний газрын хооронд 1913 оны эхээр байгуулсан хэлэлцээний дагуу нийслэл хүрээнд байсан оросын хэвлэлийн газрыг түшиглэн хэвлэж байлаа. Мэдээж, оросууд энэ хэвлэлээр өөрийн бодлогыг сурталчлах сонирхолтой байсан хэрэг.

Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг  нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.

Ийнхүү  арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр улсынхаа  тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарлаж, Богд хаана ширээнд нь залсан Монгол Улсын засгийн газрын хийж байсан олон шинэчлэл болон цахилгаан станц, утасны хороо, төв хөдөөгийн сургууль, орос сургууль, ший янгууны газар зэргийн нэг нь энэхүү “Шинэ толь” хэмээх сонин бичиг байсан юм. “Шинэ толь” сонин бичгийг  сэтгүүл зүйн ухааны доктор Л.Норовсүрэн “Монгол Улсад анхны бөгөөд Засгийн газрынхаа сөрөг чиглэлтэй тогтмол хэвлэл…… харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй” гэж тодорхойлсон байдаг.

Тэгвэл тэртээх 1913 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг үндэсний сэтгүүл зүйн үүссэн өдөр болгон тэмдэглэх саналыг Монгол Сэтгүүлдийн холбоо 1992 онд гаргаж, 2009 оноос хойш тогтмол тэмдэглэдэг болсон юм. Өдгөө Монголын сэтгүүл зүй үүсч хөгжөөд 105 жил болж байна.

Нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан, хэвлэл мэдээлэлтэй үргэлж хамт байдаг уншигч, үзэгчид, хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүддээ Монгол Улсад орчин цагийн сэтгүүл зүй үүсч хөгжсний 105 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.

Үзэг нь бэхтэй, үг нь үнэн байг. Улсаа бодож бичээрэй.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …