С.Баярцогтын хэргийг 2017 оноос эхлэн Швейцарийн холбооны прокурорын газартай хамтран шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.

-Өнгөрсөн даваа гаригт С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцохдоо хийсэн мэдэгдэл нийгэмд нэлээд эргэлзээ гайхшрал төрүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдсэнээр “Манай улсаас хилийн чанадад хууль бусаар байршсан хөрөнгийг буцаан авахад заавал эрх зүйн харилцан туслалцах гэрээ байх шаардлагагүй байсныг дөнгөж сая би АНУ явахдаа мэдэж ирлээ. Манай АТГ, Прокурорын байгууллагын удирдлагууд Ерөнхийлөгч бид хоёрын толгойг эргүүлж, худал мэдээлэл өгч байсан байна” гэсэн. Хууль хяналтын байгууллага үнэхээр Ерөнхийлөгчид буруу мэдээлэл өгч байсан гэж үү. Та энэ талаар эрх зүйн үндэслэлтэй тайлбар өгнө үү.

-Ийм мэдэгдэл сонсоод бид ч бас гайхсан. Юуны өмнө энэ бол ташаа мэдээлэл. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын ярьснаар “Монгол Улс гадны улс оронд байршсан хууль бус хөрөнгөө ямар ч гэрээ дүрэмгүйгээр шууд очоод буцаагаад авчихаж болно, гагцхүү манай хууль хяналтын байгууллагууд юу ч хийхгүй суугаад байна” гэсэн нь төрийн өндөр албан тушаалтны хувьд арай хариуцлагагүй мэдэгдэл хийчихэв үү гэж ойлгогдсон.

Манай улсаас гадны ямар ч улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай аливаа хүсэлт гаргах тохиолдол бүрт заавал эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг үндэслэх шаардлага гардаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1.1-д эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны талаар тусгахдаа “Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ” гэж тодорхой заасан байдаг.

Мөн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулах”-аар хуульчилсан. Манай улсын хувьд ийм үүргийг хэрэгжүүлэх эрхтэй байгууллага нь Хууль зүй дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар.

Түүнээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.1, 16.1.7-д “Хуульд заасан үндэслэл журмаар олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, …хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” тухай хуульчилан өгснөөр хуулиас гадуур, хуульд заасан журмыг зөрчиж олж авсан баримт, мэдээлэл нь өөрөө нотлох баримтын чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болохыг заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр хуульд ингээд заачихсан тул эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу олж аваагүй холбогдох баримт мэдээлэл, үйл явцыг баримтжуулсан ямар ч материал шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, нотлох баримтад тооцогдохгүй байх хууль зүйн сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Иймд улс орнууд эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний үндсэн дээр аливаа хүсэлт, даалгаврын биелэлтийг хэрэгжүүлдэг. Үүнийг ямар ч хуульч, өмгөөлөгч, шүүгч прокурор бүгд л мэдэж байгаа байх.

-Манай улс НҮБ-ын Авилгалын эсрэг конвенцид нэгдсэн байдаг. Уг конвенцид та бүхний яриад байгаа эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний бүх заалтыг нээлттэй хэрэгжүүлж болохуйц тусгаад өгчихсөн байдаг, түүнийг бариад явахад ямар ч гэрээ шаардлагагүй гэж З.Энхболд дарга онцолсон.

-Авлигалын эсрэг НҮБ-ын конвенцийн 4 дүгээр зүйлд “Оролцогч улсууд энэхүү конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхдээ улсуудын бүрэн тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бусад улсын дотоод хэрэгт үл оролцох зарчмыг баримтална. Энэхүү конвенцийн аль ч заалт өөр улсын нутаг дэвсгэрт дотоодын хууль тогтоомжийнх нь дагуу гагцхүү тухайн улсын эрх бүхий байгууллагын эрх мэдэлд хамаарах хууль, шүүхийн харьяаллыг хэрэгжүүлэх болон чиг үүргийг гүйцэтгэх эрхийг оролцогч аль ч улсад олгохгүй гэж заасан. Мөн конвенцийн 2 дугаар зүйлийн /g/–д Хураах гэдгийг … шүүх болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу эд хөрөнгийг бүрмөсөн авахыг хэлнэ” гэж заасан байгаа.

Энэ нь нэг улсын нутаг дэвсгэрт үүссэн асуудлыг нөгөө улсын эрх зүйн орчноор шууд шийдвэрлэхийг хориглоно гэсэн утга санаа юм. Авлигын эсрэг конвенц нь НҮБ-ын гишүүн улс орнуудын авлигатай тэмцэх үндэсний эрх зүйн тогтолцооны үндэс суурь болдог хэдий ч хоёр улсын хооронд үүссэн мөрдөн шалгах болон хөрөнгө буцаах ажиллагаатай холбоотой эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг энэ конвенцийн заалтаар явуулах боломжгүй байдаг. Харин мэдээлэл солилцох боломж бол бий. Иймээс эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гадаад улс оронд явуулах хүсэлтийг зөвхөн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу хэрэгжүүлж байж олж авсан баримтыг шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэх ёстой.

-З.Энхболд дарга Америкт очоод хулгайлагдсан, гадаадад байршсан хөрөнгө буцааж олгоход туслах олон улсын байгууллагуудтай уулзаад иржээ. Тэндээс “АТГ болон прокурорын байгууллага удаа дараа энэ чиглэлийн сургалт судалгаанд хамрагдсан хэр нь хөрөнгөө буцааж авчрах талаар идэвх санаачлага гаргахгүй, нэг ч хүсэлт хаашаа ч явуулаагүй байсаныг олж мэдлээ” гэж мэдэгдсэн. Та бүхэн үнэхээр идэвхгүй ажиллаад байна уу?

-Дэлхийн банк болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хамтарсан түншлэл Stolen Asset Recovery Initiative (товчилсон нэр нь StaR) буюу СтАР санаачилга нь хөгжиж буй орнууд ба дэлхийн санхүүгийн төвүүдтэй хамтран, нуун далдалсан авлигын гаралтай байж болзошгүй хөрөнгө орлогыг угаах ажиллагааг царцаан зогсоох, алдагдсан хөрөнгийг буцаан авчрахад туслах аргачлал боловсруулах, авлигын гаралтай мөнгөн хөрөнгийг нуух тохиромжтой газруудыг хумих олон улсын оролдлогод арга зүйн зөвлөгөө, техник сургалтын дэмжлэг үзүүлэх зэргээр зөвхөн дэмжигчийн байр сууринаас оролцдог байгууллага юм.

Авлигатай тэмцэх газар анх 2012 оноос энэ байгууллагад хандсанаар, өөрийн орны авлига болон авлигын замаар гадагш гарсан хөрөнгийг мөрдөн шалгах эрх зүйн орчноо үнэлүүлэх, өөрсдийн болон бусад хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын мэдлэг чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах, зааварчилгаа, гарын авлага судлагдахуун бэлтгэх зэрэг чиглэлээр байнга хамтран ажилладаг болсон.

Авлигатай тэмцэх газрын хувьд СтАР санаачилгаас олон улсад хулгайлагдсан хөрөнгө буцаан авах ажиллагааны өнөөгийн байдал, хилийн чанад дахь этгээдүүдийн онцлог, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх олон улсын хамтын ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүдийг туулах, давах арга зам, мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зэрэг сургалт, арга зүйн талаар одоо ч хамтран ажиллаж байна.

Саяхан 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон Хууль зүй, дотоод хэргийн яам, хууль хяналтын байгууллагын ажилтнууд АНУ-ын Төрийн департаментын урилгаар тус улсад албан айлчлал хийхдээ СтАР санаачилга байгууллагатай уулзаж, сүүлийн үеийн байдал, хамтын ажиллагааны талаар санал солилцоод ирсэн. СтАР санаачилга нь аливаа улс орны хулгайлагдсан хөрөнгө буцаах ажилд оролцогч тал болж, мөрдөгчийн байр сууринаас ханддаггүй. Өөрөөр хэлбэл нуугдмал хууль бус хөрөнгө илрүүлэх ажиллагаанд хамтран ажиллаж, мөрдөж, шүүх үүргийг хүлээдэггүй. Тэгэхээр энэ нь ташаа мэдээлэл гэсэн үг. Энэ байгууллагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг манай байгууллагын цахим хуудаснаас ЭНД ДАРЖ уншиж болно. Мөн тэдний https://star.worldbank.org/star/ цахим хуудаснаас ч тодруулж болно.

Манай улс өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй улстай иргэний болон эрүүгийн хэргийн асуудалд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх талаар гэрээ байгуулан ажиллаж байна. Бидэнд оффшор бүстэй нэр холбогдсон төрийн албан хаагчдыг шалгахын тулд олон улсын байгууллагууд, хамтын нийгэмлэгийн санал санаачилгуудтай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зэрэг зайлшгүй шаардлагууд ч бий. Энэ алхмууд эхнээсээ төлөвлөгдөн хийгдэж байгаа.

Өнөөдөр сошиалд төдийгүй нийгмийг өдөөн, амтай бүхний ярьдаг сэдэв болсон манай улсаас гадагш гарч оффшор бүсэд байршсан хууль бус хөрөнгийг зөвхөн эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд царцааж, буцааж авах ажлыг хийх боломжтой.

Гэвч энэ нь бидний хүссэнчлэн богино цаг хугацаанд, амар шийдэгдэхгүй, түвэгтэй, нарийн харилцаа байдаг. Хэдийгээр бүх ажиллагаа манай улсын хууль тогтоомж болон олон улсын конвенц, гэрээний хүрээнд явагдаж байгаа ч тухайн бүсэд байршсан хөрөнгө эзэмшигчийн нууцын баталгаатай холбоотой гэх шалтгаанаар зарим санхүүгийн төвүүд бидний хүсэлт болгонд шуурхай хандахгүй байхаас үүдсэн хүчин зүйлүүд, тодорхой бус бэрхшээлүүд тулгарсаар байна.

Өнгөрсөн өдрүүдэд дуулиан тарьсан С.Баярцогтын Швейцарь улс дахь 9.2 сая ам долларын хэргийн талаар гэхэд бид 2017 оны эхнээс эхлэн Швейцарийн холбооны прокурорын газартай хамтран шалгалтын ажлыг хийгээд явж байна. Мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй. Ер нь хууль бусаар гадагшаа гарсан хөрөнгийг буцаан авах ажил нь хуулийн дагуу шалган тогтоох, шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн үе шаттай явах ёстой. Хуулийн зохицуулалт нь өөрөө тийм юм. Иргэн хүнд хардах эрх бий ч төрийн өндөр албан тушаалтнууд шүүхээр эцэслэн тогтоогдоогүй хэргийн талаар урьдчилан байр сууриа илэрхийлж, удаа дараа хариуцлагагүй мэдэгдэл хийх нь өөрөө ёс зүйгүй хэрэг гэж бодож байна.

Авлигатай тэмцэх газар зүгээр суугаагүй. Бидэнд хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд холбогдох газруудад хандаж, мөрдөн шалгах ажиллагааг шат дараалан хийсээр байна.

 

Эх сурвалж: АТГ

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …