-Гаалийнхан иргэдийг шулсаар байна-
Манай улсын гаалийн байгууллага “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэх сүржин уриаг урдаа барьж иргэдийг шулсаар байна. Ингэхдээ гаалийн байцаагчид хуулиар түрий барьж гадаадаас импортоор орж ирж байгаа тухайн бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн албан татварын үнийг амныхаа зоргоор хэлж, үйлчлүүлэгчдийн халаасыг хоосолж байна.
Тухайлбал тэд шуудангаар үйлчлүүлж буй иргэдийн бараанаас үйлчилгээ үзүүлсэнийхээ хөлсөнд зөвхөн 1200 төгрөг авах ёстой аж. Гэтэл дээрх мөнгөн дүнгээс гадна импортын албан татварт /ИАТ/, нэмүү өртгийн албан татварт 10 хувийг нэмж авч байгаа юм.
Өөрөөр хэлбэл тухайн иргэний импортоор оруулж ирж буй бараа, бүтээгдэхүүний том, жижгээс нь үл хамаарч 15 хувийн гаалийн албан татвар автоматаар авдаг гэсэн үг. Үүнд нь бухимдсан иргэд гаалийнхнаас яагаад ийм өндөр татвар авч байгааг лавлахад “Манай улсын хууль, эрх зүй нь ийм” гэхээс өөр тайлбар өгдөггүй гэнэ.
Бараа бүрийг гараар шалгаж, нэг бүрчлэн татвар авсаар байх уу?
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу манай сурвалжлах хэсэг “Төв шуудан”-г зорив. Энд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар /УХШИГГ/, “Монгол шуудан” ТӨХК болон бусад газрууд үйл ажиллагаагаа явуулдаг.
Харин “Монгол шуудан” компани нь бусад улс орноос Монгол Улсад хаяглагдсан улс хоорондын бичиг захидал, буухиа шуудан, илгээлтийг өөрийн улсын нутаг дэвсгэрт хүргэн гардуулдаг бол УХШИГГ нь гадаадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж гаалийн албан татвар ногдуулах үүрэгтэй юм байна.
Статистик дүгнэлтээс үзэхэд манай улс өнгөрсөн онд нийт 80398 ширхэг улс хоорондын шуудангийн илгээлт, буухиа илгээмж хүлээн авчээ. Үүнээс 42902 ширхэг нь “Төв шуудан”-гийн олгох хэсгээс хэрэглэгчдэд очсон байна. Харин нийт илгээмжийн 20437 ширхэг буюу 25.4 хувь нь гаальд саатуулагдаж тодорхой хэмжээний татвар хураамж төлсөний дараа эзэндээ хүрсэн байна.
Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хувь өсч нийт улс хоорондын илгээлтийн 75 орчим хувь нь гаалийн байгууллагад саатуулагдаж байгаа талаар албаныхан ярьж байв. Ингэж гаальд саатаж байгаа шалтгаан нь “Төв шуудан”-гийн УХШИГГ-ын гаалийн байцаагч нар бараа бүрийг нэг бүрчлэн шалгаж, татвараа хэт өндөр ногдуулдагтай холбоотой ажээ .
Үүнээс гадна тус газарт байдаг ганц рентгэн аппарат нь эвдэрчихсэн болохоор тухайн бараа, бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн гараар шалгахаас өөр аргагүй гэнэ. Хамгийн хачирхалтай нь тэд өөрсдийн энэхүү буруутай үйл ажиллагаанаас болсон алдагдлаа иргэдийн нуруун дээр тохдог юм байна.
Зарим эх сурвалжуудийн ярьж буйгаас үзэхэд “Биднээс их хэмжээний татвар авч түүгээрээ улсад тушаах ёстой төсвийн мөнгөө бүрдүүлдэг” хэмээн хэлж байсан. Учир нь ГЕГ энэ жил улсын төсөвт 2.4 их наяд төгрөг төвлөрүүлэх ёстой юм билээ. Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх мөнгөн дүнгийн дөнгөж 50 хувийг нь бүрдүүлээд байгаа аж.
Уг нь гаалийнхан гадаадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтаа эрсдэл тооцох системээр явуулах ёстой. Энэ нь тухайн барааг нэг бүрчлэн шалгалгүй, арван бараанаас нэг бараа шалгах зарчмаар хурдан шуурхай ажиллах ёстой аж. Гэтэл гаалийн байгууллагынхан ингэж ажиллах боломж байсаар байтал улсад төвлөрүүлэх мөнгөө гүйцэлдүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүнд нэг бүрчлэн шалгалт хийж, өндөр татвар ноогдуулдгийг эх сурвалж хэлсэн.
Өөрөөр хэлбэл улсад тушаах мөнгөн дүнгээ гүйцээхийн тулд гаалийн албан татварыг өндөр тогтоосон байх магадлалтай гэсэн үг. Харин гаалийн зарим нэг ажилчдын ярьж буйгаар “Бид татвараа өндөр тогтоож дээрх мөнгийг цуглуулж улсад тушаахгүй бол Ерөнхий сайд чинь цалингүй болчихно. Бид чинь Ерөнхий сайдын цалинг бүрдүүлдэг хүмүүс шүү дээ” гэж өөр хоорондоо ярилцаж байсан юм.
Тус газраар үйлчлүүлээд илгээмжээ аваад гарч байгаа иргэдийн ихэнх нь сэтгэл дундуур байсан. Учир нь тэд ах дүү, хамаатан садангийнхаа явуулсан бараанд гаалийн албан татварыг хэт өндөр ногдуулан авч байгаад гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Ингээд иргэдийн яриаг хүргэж байна.
Иргэн Л.Алтанцэцэг: Гаалийн татварт 20 мянган төгрөг төлөх байтал 57200-г авчихлаа
-Гаалийн татварын байцаагчтай яагаад маргав?
-Харин тиймээ. Гаалийн татварт 20 мянган төгрөг төлөх байсан. Гэтэл бараг 60 мянган төгрөг төлу байж бараагаа авлаа.
-Яагаад тэр вэ?
-Манай ах Солонгосоос эрэгтэй хүний хэдэн бүс явуулсан юм. Уг нь тэндээ бөөний үнэ нь нэг доллар байдаг. Гэтэл гаалийн байцаагч “энэ бүс нэг долларын үнэтэй байх ёсгүй. Дор хаяж таван доллар байх ёстой” гээд нэг бүрийг нь таван доллараар бодох гээд. Тэгээд л маргалдчихлаа.
-Тэр нь хэдэн төгрөг гэсэн үг вэ?
-Манайхаар бол 81 мянган төгрөг.
-Гэхдээ та 60 мянган төгрөг төлсөн гэсэн шүү дээ?
-Харин нэг бүрийн үнийг нь таван доллараар бодоод татвар гэж 81000 мянган төгрөг авах гээд байсан юм. Хэл ам хийж байгаад арай хийн гурван доллараар бодуулж 57200 төгрөг төллөө. Ингэж иргэдийг шулж болохгүй биз дээ. Тэгээд гомдол гаргахаар манай хууль эрх зүй нь ийм гэж тайлбарлах юм. Үнэхээр ойлгохгүй юм.
-Хэдэн кг-ийн бараанд 57200 төгрөгийн татвар авч байна вэ?
-16.2 кг. Уг нь цаанаасаа тээврийн зардалд 80700 төгрөг төлчихсөн байсан. Үнэхээр дэндүү юм аа. Чи бод л доо. Нэг ширхэг компьютер ч оруулж ирсэн татвар авч байна шүү дээ. Гэхдээ байцаагчдаасаа шалтгаалж татвар нь янз бүр байдаг юм байна.
-Юу гэсэн үг вэ?
-Үгүй ээ, яах вэ дээ. Би “Монгол шуудан”-гаар хэд хэдэн удаа үйлчлүүлж байна. Зарим гаалийн цаанаас нь ирсэн үнээр бодоод татвараа авч байхад нэг хэсэг нь маяглаж маяглаж мөнгө нэмж авч байна.
-Бараа тань хил, гааль дээр саатсан зүйл гараагүй биз?
-Надад тийм зүйл тохиолдоогүй ээ. Зөвхөн татвар л өндөр байна.
Иргэн Н.Батбаатар: Гаалийн татвар яагаад өндөр байдгийг асуухаар хууль нь тийм гэдэг
-Таны бараанаас сая гаалийн албан татвар гэж хэдийг авав?
-Бараг 80 мянган төгрөг төллөө.
-Хэдэн кг-аас ийм өндөр үнэ авч байгаа юм бэ?
-6.4 кг.
-Аль улсаас явуулсан бэ?
-Япон.
-Яагаад ийм өндөр татвар авч байгаа юм бол. Учрыг нь лавлав уу?
-Ер нь манай улсын гаалийн албан татвар их өндөр шүү дээ. Байцаагчдаас нь асуухаар хууль нь тийм гэдэг. Өөр зүйл хэлдэггүй.
-Бараа тань хугацаандаа ирэв үү?
-Тэгсэн. Гаалийн албан татвар нь л үнэтэй болохоос үйлчилгээ нь хурдан байдаг. Японоос нэг өдрийн өмнө явуулсан юм.
Иргэн Х.Хонгороо: Ганцхан уут кофенд 17700 төгрөгийн татвар төлсөн
-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Х.Хонгороо гэдэг. Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд амьдардаг.
-Та дөнгөж сая “Төв шуудан”-гаас илгээмж хүлээн авлаа. Хаанаас хэдэн кг-ийн илгээмж ирэв?
-Тийм ээ. Охин маань Солонгосоос явуулсан юм.
-Гаалийн татвар гэж хэдэн төгрөг төлөв. “Төв шуудан”-гийн гаалийн албан татвар хэт өндөр байна гэж иргэд ярих юм?
-Уг нь охин маань цаанаас нь татварыг нь төлөөд явуулсан гэсэн. Тэгэхээр нь энд гаальд шалгуулж, татвар төлнө гэж мэдээгүй ирсэн. Хэрэв би татвар төлөх мөнгөгүй, зөвхөн автобусны мөнгөтэй ирсэн бол бараагаа авч чадахгүй байх байлаа.
-Хэдэн кг-ийн ямар бараа билээ?
-Эгч нь бие муу болохоор солонгосоос чихэргүй кофе захиж авч ирүүлдэг юм. Яг хэдэн кг болсоныг нь мэдсэнгүй ээ. Ямар ч л байсан 17700 төгрөгийн татвар төллөө.
-Уг нь таны барьж байгаа барааг харахад 1 кг хүрэхгүй шахам л юм байна шүү дээ. Ийм бараанд 17700 төгрөг төллөө гэж үү?
-Тийм ээ. Ганцхан уут л кофе захисан. Уг нь цаанаа илгээмжийнхээ мөнгийг төлчихсөн болохоор эндээсээ зүгээр авна гэж бодож байсан. Гаалийнхан өөрсдөө ч гэсэн хэлж байна лээ.
-Юу гэж тэр вэ?
-Уг нь таны бараа чинь ганц уут л кофе юм байна. Даанч манай хууль нь ийм юм. Бид хуулиа дагахаас өөр арга байхгүй гэсэн.
Иргэдийн ярианы дөнгөж зах зухаас нь хүргэхэд ийм байна. Улмаар бид иргэдийн гомдлын дагуу “Монгол шуудан” ТӨХК-ийн Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрынханаас тодруулах гэхэд “Манайх ГЕГ-ын зөвшөөрөлгүй ямар ч ярилцлага, мэдээлэл өгөх боломжгүй” гээд халгаасангүй.
Тиймээс ГЕГ-ын Хууль эрх зүйн хэлтэст хандаж зөвшөөрөл авах гэсэн ч “Манайх албан бичгээр хүсэлт авдаг. Албан бичгийн хариуг ажлын гурав хоногийн дотор өгдөг” гэв. Ингээд ГЕГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираас дараах зүйлийг тодрууллаа.
Ч.Тамираа: Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс бараанд нэг бүрчлэн шалгалт хийдэг
-Сүүлийн үед иргэдээс гаалийн байгууллагатай холбоотой гомдол ихээр ирэх боллоо. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь ГЕГ-ын харьяанд байдаг бие даасан байгууллага. Нийт гаалийн улсын 40 байцаагч ажилладаг. Тэд “Монгол шуудан”-д байрлах Улс хоорондын гаалийн илгээмжийн газарт, нисэхийн дэргэдэх гаалийн хяналтын бүсэд ажилладаг. Тэнд онгоцонд ирж байгаа шуудан илгээмжийг төвлөрүүлээд эздэд нь олгодог бол төв шуудан нь шуудангийн байгууллагаар дамжин ирж байгаа илгээмж, барааг эзэнд нь хүргэдэг юм.
Мөн гаалийн эрэлч нохой хуулиар хориглосон бараа, бүтээгдэхүүнийг илрүүлэх зорилготой байдаг. Зарим бараа бүтээгдэхүүнд шалгалт хийх рентеген аппаратыг ажиллуулдаг. Олон улсын хооронд худалдан борлуулах чингэлэг, авто тээврийн хэрэгслээс бусад шуудангийн үйлчилгээ болох илгээмж, боодол, захидал харилцаа гэсэн үйлчилгээг үзүүлдэг.
-Яагаад ийм хэт өндөр албан татвар авдаг вэ гэх гомдол их ирдэг юм байна?
-Иргэдээс гаалийн татвар хураамж нь хэт өндөр байна гэх гомдол их ирдэг. Гэхдээ гаалийн байгууллага үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд 1200 төгрөг хураан авдаг.
Энэ хураамж нь шууд улсын төсөвт төвлөрдөг гэхэд болно. Энэ нь гаалийн байгууллагын ганц хурааж авдаг хураамж юм. Үүнээс гадна импортоор орж ирж байгаа бараанд импортын албан татвар таван хувь, Нэмүү өртгийн албан татвар 10 хувийг ноогдуулдаг.
Татварын хувь хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага нь УИХ болон Засгийн газар. Дээрх албан татварууд яг л хуулийнхаа хүрээнд явагддаг.
Иймээс гаалийн байгууллага УИХ, Засгийн газраас тогтоосон татварын хувь хэмжээгээр татвар ногдуулж авдаг юм. Үүнээс их болон бага хэмжээгээр татвар авах эрх зүйн үндэс байхгүй. Гаалийн байгууллага зөвхөн хууль хэрэгжүүлэх бүхий байгууллага учир хуульд заасан хэм хэмжээг л ногдуулдаг.
-Гаалийн албан татвар хэт өндөр байхаас гадна импортоор оруулж ирж байгаа бараанд нэг бүрчлэн шалгалт хийж байгаад дургүйцэх иргэд олон байна шүү дээ?
-Гаалийн байгууллага бараанд нэг бүрчлэн үзлэг хийх тохиолдол байдаг. Тухайлбал хар тамхи мансууруулах бодис нь нийгэмд шууд хор хохирол учруулдаг зүйл. Ер нь хууль бус бараанаас сэрэмжилж бараанд нэг бүрчлэн үзлэг хийдэг. Гэтэл хилээр нэвтрүүлж болохгүй бараа бүтээгдэхүүнийг зааж өгсөөр байтал зарим хувь хүн, аж ахуйн нэгж шуудан илгээмжийн ачаан дотроо мансууруулах төрлийн бодис оруулж ирэхийг завддаг.
Бид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж тухайн бараанд зайлшгүй үзлэг шалгалт хийх тохиолдол гардаг. Үүнийг ард иргэд ойлгох хэрэгтэй.
Энэ нь тухайн бараагаа хүлээн авах гэж байгаа иргэдэд хүндрэлтэй байдлаар ойлгогдож байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ цаана нь байгаа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиг үүрэг байдаг учраас шалгалт хийх зайлшгүй шаардлагатай.
Үүнээс гадна иргэд ах дүү хамаатан садандаа бараа явуулахдаа хаана үйлдвэрлэж, юунд ашиглах нь тодорхойгүй эм, эмэн бүтээгдэхүүн явуулчихдаг. Гэтэл хуульдаа аливаа эмийг оруулж ирэхэд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл заавал байх ёстой. Тийм зүйл байхгүйгээс болж ачаа, бараа нь саатах тохиолдол байдаг.
-Тухайн барааг гадаадаас явуулсан хүн нь хамаг татвараа төлчихсөн байдаг. Гэтэл уг барааг эндээс авч байгаа иргэн дахин гаалийн албан татвар төлөх болдог. Энэ ямар учиртай юм бэ?
-Монгол Улсын хууль тогтоомж нутаг дэвсгэртээ л үйлчилнэ. Тэр үйлчлэлийн дагуу хураан авч байгаа аливаа татвар нь та бүхнийг хамгаалахад зарцуулагддаг. Гэтэл яагаад Монгол Улсын эрх бүхий байгууллагын хурааж авах ёстой татварыг гадны улс орон хурааж авах ёстой юм бэ. Ийм эрх зүйн зохицуулалт аль ч улс оронд байхгүй.
-Уучлаарай, таны сая хэлснийг ойлгосонгүй. Тэгэхээр анхнаасаа явуулах хүн нь ямар нэгэн мөнгө төлөх ёсгүй гэсэн үг үү?
-Магадгүй хэн нэгэн хувь хүн, албан байгууллага таны барааг зуучилж явуулж байгаа бол монголын тал дээр төлөх татвараа энд надад төлчих гэх төөрөгдөл иргэдийн дунд байна.
Ийм төөрөгдөл, худал мэдээллийг Монгол Улсын гаалийн татвар болон бусад хууль тогтоомжтой хольж ойлгож болохгүй. Иргэдээс ихэвчлэн ийм гомдол гардаг. Хэрэв тийм бол энэ буруу ойлголт гэдгийг хэлэх зүйтэй байх.
Бидний яриа ийн өндөрлөлөө. Тэрбээр үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй, албан бичгээр хандах хэрэгтэй гэсэн юм. Үнэхээр иргэдийн гомдоллож байгаа шиг гаалийн байгууллага ямар ч асуулт тавьсан “Хууль, эрх зүй нь ийм, бид хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага” гэхээс өөр ямар ч зүйл хэлээгүй юм.
Иргэдийн илгээмжээс аманд орсон үнээ хэлж дур зоргоороо авирлан мөнгө нэмж авч байгаа нь төсвийн бүрдүүлэлт хийх ганц арга нь аж. Арга ч үгүй биз. Он дуусах дөхөөд байдаг. Төсөвт бүрдүүлэх 2.4 их наяд төгрөгийнхөө дөнгөж талыг нь л босгосон юм чинь.
Б.Төрбат