Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болж, өндөрлөлөө. Тус тэмцээнд 28 байгууллагын 330 гаруй тамирчин өрсөлдлөө.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын мөнгө , ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Мастерс”-ийн дөрвөн удаагийн аварга, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар , эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн хошой аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг , эрэгтэйчүүдийн 66 кг-д 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Мастерс”-ийн аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганболдын Хэрлэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга, ОУХМ Болдын Ганхайч гурав дахь түрүүгээ хүртлээ.
Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, 60 кг-д 2012 оны Хонгконгийн ОУТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Ганхуягийн Мөнхбат, 52 кг-д өнгөрсөн жилийн Зүүн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Ганболдын Ганцэцэг нар анх удаа улсын аварга боллоо.