Би хэрхэн ажилладаг вэ? – INNOVSTYLE-ийг үүсгэн байгуулагч, хувийн стилист О.Энэрэл

Ярилцлагын ээлжит дугаарт бид нэгэн бүтээлч бүсгүйг урилаа. Хувцас загварын худалдаа, хувь хүний имиж бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг InnovStyle компанийг үүсгэн байгуулсан О.Энэрэл хувцас загварын ертөнцөд боломжийн үнэ, гоёмсог дизайнаараа цахиур хагалж буй Charles & Keith брэндийг албан ёсоор Монголд оруулж ирэх бэлтгэлээ ханган шаргуу ажиллаж байгаа юм. Лондон хотод их сургуулиа маркетингаар дүүргэсэн тэрээр өмнө Karen Millen компанид стилистээр, Оюуны Ундраа группд бизнес, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Мөн “Миний хувийн стилист” номын зохиогч билээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлж буй ажил, албан тушаал: InnovStyle-ийг үүсгэн байгуулагч, хувийн стилист
Karen Millen, L.K.Bennett, Pedro, Charles & Keith брэндийн элч
Ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro
Сошиал хуудсууд: Enerel Nova (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би өөрийн гэсэн орон зайтай байх дуртай. Ийм нөхцөлд хамгийн бүтээлч байж, шинэ санаа, шинэ шийдлүүдийг олж чаддаг. Ажлынхаа онцлогоос үүдэн үргэлж л бүтээлч байх ёстой болдог юм. Манай багийн гишүүн бүр шинэ санаагаа ил тод нээлттэй дэвшүүлэн хэлэлцэж, бүтээлчээр шийдлүүдийг гаргах замаар компанийн үйл ажиллагаа явагддаг.

Олон улсын франчайз бизнес эрхэлж байгаа тул 24 цагийн турш ажиллах ёстой болдог. Лондонд өглөө болж байхад энд орой болдог учраас дэлхийн цагт тааруулж л ажиллаж байна. Хэрэглэгчдээсээ ямагт нэг алхам урд алхах ёстой болохоор үргэлж чиг хандлагыг мэдэрч, эргэн тойронд болж буй мэдээллийг боловсруулж, зах зээлээ тогтмол судалж, хэрэглэгч төвтэй бизнестээ тохирсон шийдлийг гаргахыг эрмэлздэг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ажил дээрээ Quip, Gmail, Google Drive, Google Calendar зэрэг аппуудыг өдөр тутам ашигладаг. Багийн гишүүд тухайн сарын ажлын төлөвлөгөөгөө гаргаж, 7 хоног, өдрөөр хуваарилснаар ажлын үр дүнг шууд дүгнэх, цаашлаад оффист уягдаад байлгүй хувийн орон зайдаа өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой гэсэн үг.

Мөн K&M Connect зэрэг брэндүүдийнхээ апп-ийг тогтмол хэрэглэнэ. Ямар мэдээлэл, ямар цахим товхимол гаргаж байгаа, ямар технологийн дэвшил нэвтрүүлж байгааг нэг дороос авчихдаг юм. Мэдээж фэйсбүүк, инстаграм зэргийг ашигладаг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Зөв ажлыг зөв хүнд нь хуваарилж өгөх нь цаг их хэмнэдэг. Би багийнхаа гишүүн бүртэй тулж ажиллах дуртай. Ямар ч ажил бай, хийж буй хүнтэй нь шууд харьцаад, асуудлыг дор бүр нь шийдээд явчихдаг. Багаараа ажилд орохоор мэргэжилтэн бүрийн яг юу бодож сэтгэж байсныг мэдэх аргагүй болчихдог юм шиг санагддаг. Багийн уулзалт, хурлаа ч бүгд мэдээллээ солилцох байдлаар нээлттэй хийдэг юм. Тэгэхээр бүгд дор бүрнээ асуудлаа нухаад байлгүй хамтдаа шийдэл, гарц эрэлхийлээд эхэлдэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг. Зөвхөн оффисийн өрөөнд гэхэд 10 гаруй дэвтэр өрөөстэй байна. Анх карьераа эхлүүлэх үеэс л хэвшүүлсэн дадал. Эндээ санаа оноогоо цуглуулж, төлөвлөлтөө хийгээд, хийх ажлаа жагсаагаад биччихдэг. Яваандаа тэмдэглэлийн дэвтэр цуглуулах дуртай болчихсон шүү.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Мультитаскинг буюу олон төрлийн ажлыг зэрэг хийхдээ гаргууд байх. Энэ дадалдаа дасчихсан, тэгэхгүй л бол гараас ажил гарахгүй байгаа юм шиг, ажлууд урагшлахгүй байгаа юм шиг санагддаг юм.

Би их спортлог хүн. Теннис, хөлбөмбөг, гар бөмбөг гээд л бараг спортын бүх төрөлд сонирхолтой. Магадгүй франчайз бизнес эрхлээгүй бол жүдоч болох байсан байх гэж хааяа боддог шүү (инээв). Дайчин, ард нь гарч байж л санаа амардаг гээд төрөлхийн спортлог зан чанартай байж мэднэ.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

InnovStyle компани хувцас загварын худалдаа, хувь хүний имидж бүрдүүлэлтийн зөвлөгөө өгөх чиглэлээр 2012 онд байгуулагдсан. Бид яг одоо Karen MillenL.K.Bennett гэсэн загварын салбарын шилдэг брэндүүдийг албан ёсоор төлөөлөн ажиллаж байна. Брэнд дэлгүүрүүдээрээ дамжуулан, хэрэглэгчдэд өөрийн хэв маягийг олох, урлагийн нарийн мэдрэмжийг эрэлхийлэх боломжийг олгох зорилготой. Олон улсын франчайз бизнесийг эрхэлж байгаа тул глобал түвшний бизнесээс суралцаж, тэдний арга барил, нөү-хауг эх орондоо нутагшуулах боломж гарч байгаад ихэд талархаж байгаа.

Бид боловсон хүчин, хүний нөөцийн бодлогодоо ихээхэн анхаарал хандуулдаг. Энэ салбарын ирээдүйг тодорхойлогч байгууллага учраас салбарын боловсон хүчнийг олон улсын стандартын дагуу мэргэжлийн түвшинд сургаж бэлддэг. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна загвар, урлагийн нарийн мэдрэмжтэй болгох, шинэлэг амьдралын хэв маягийг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор InnovStyle загварын сэтгүүлийг тогтмол гаргаж байна. Хэрэглэгч төвтэй бизнес учраас тэдний сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд хадгалах, тэдэнд хамгийн тохирсон үйлчилгээг үзүүлэх нь бидний гол зорилго.

Мөн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан лайв ярилцлагууд хийж, блог бичих зэргээр төрөл бүрийн контент үйлдвэрлэдэг. Бид хэрэглэгчидтэйгээ хамт л хөгжих учиртай. Хувцас загварын салбар өөрөө барьцгүй, хөдөлгөөнтэй салбар. Улирал улирлаар төлөвлөгөөгөө гаргаж, үргэлж судалгаа хийхийг шаарддаг. Олон улсын кампанит ажлуудыг хэрхэн нутагшуулах, монгол хэрэглэгчдэд ямар загварыг санал болгох зэргээр үргэлж нэг алхам урд байхыг шаарддаг гэж хэлж болно. Зарим үед хэрэглэгчид бэлэн бус байх, зарим хэв маягуудад дасан зохицох нь удаан байх гэх мэтийн хүндрэл гардаг ч тэр бүрийг бэрхшээл бус сорил гэж харж ажилладаг даа.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Бид бол уламжлалт бус арга барилаар ажиллаж буй залуу компани. Урд байгаа асар их боломжоо зөв ашиглахыг эрхэмлэн олон төрлийн ажил дээр төлөвлөөд явж байна. Ирэх сараас Сингапурын Charles & KeithPedro гэсэн нэр хүндтэй брэндүүдийг албан ёсоор нээхээр бэлтгэл ажлаа хангаад явж байгааг дуулгахад таатай байна. Залуус руу чиглэсэн боломжийн үнэтэй, загвар дизайны маш сайн шийдэлтэй эдгээр брэндийн дэлгүүрүүд Шангрилад ирэх сард нээгдэх юм. Энэ брэндүүдийг төлөөлөх эрхийг авах өрсөлдөөнийг даван гараад байгаа бид их хотын залууст зориулсан чанартай загваруудыг санал болгоно гэдэгтээ итгэлтэй байна.

Мөн сэтгүүлийн маань шинэ дугаар ирэх сард гарна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Хөгжимгүй орчинд ажилладаг. Мэдээж бусад үед таалагдсан дуугаа сонсоно. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд дуу хөгжмийн тал дээр бол ер нь маруухан шүү (инээв).

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Яг одоо бол Good to Great-ийг уншиж байна. Ер нь хувцас загварын ертөнцийн мэдээллийг The GentleWomeni-DBusiness of Fashion зэрэг сэтгүүл, вэбүүдээс тогтмол авч, өөрийгөө цэнэглэдэг. Хийж байгаа ажил маань дэлхийтэй хөл нийлүүлэн алхуулдаг. Сонирхуулахад, би 2014 онд “Миний хувийн стилист” гэж ном гаргасан юм. Үүнийхээ 2-р цуврал дээр ажиллаж байна. Би Англид сурч байхдаа өөрийн сонирхлын дагуу хувийн стилистийн хэд хэдэн курс үзэж, тэр чиглэлд багагүй туршлага хуримтлуулсан юм. Тиймээс дэлгүүрүүдээрээ дамжуулж хувийн стилистийн ажлыг давхар хийдэг. Яг л мэргэжлийн сэтгэлзүйчийн адилаар харилцагчийнхаа ажил мэргэжил, хувь хүний сонирхол, амьдралын хэв маягийг судлан стилийг нь тодорхойлдог гэсэн үг. Монголд ихэнхдээ гадны эх сурвалжаас мэдээлэл авдаг учраас “Миний хувийн стилист” номдоо монгол эмэгтэйчүүдэд таарсан шийдлүүд, зөвлөгөөнүүдийг багтаахыг зорьсон юм.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй , эрч хүчтэй гэж хэлж болно. Энэ зан байдал маань ажилд эергээр нөлөөлдөг. Ажил дээрээ инээмсэглээд л, аз жаргалтай орж ирмэгц хамт олон маань ч сэргээд явчих шиг санагддаг юм. Ямар ч ажил дээр сайн сонсогч байж, эерэг хандлагаар асуудлыг шийдэхийг эрмэлзэнэ дээ.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой бол 23 цаг гэхэд орондоо орохыг хичээдэг. Өглөө 8 цагт босоод л ажилдаа ирдэг дээ.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цаг гарах нь тун ховор. Нэгэнт чадна, болгоно гээд ажил эхлүүлсэн болохоор аливаад хариуцлагатай хандаж, өөрийгөө тултал дайчилж, өөрийгөө сорих шаардлагатай байна. Зав чөлөөтэй үедээ ч дэлгүүрүүдээрээ явж, сайжруулах арга замыг эрэлхийлж байдаг.

Фитнесст долоо хоногт 2-3 удаа явахыг хичээж байгаа. Би ер нь өөрийнхөө тэсвэр тэвчээрээ сорьж шалгахыг хүсдэг хүн. Энэ маань ч миний ажлын арга барилаар илэрдэг байж мэднэ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Бизнесээ эхлүүлсэн үеэсээ л ээж ааваасаа, ахаасаа, гэр бүлээсээ урам зориг авдаг байсан. Тэд маань намайг байнга түшиж тулж, хэцүү бэрхшээлтэй үед зааж зөвлөдөг менторууд юм. Саяхнаас Female Hustlerz гэх лайв нэвтрүүлгийг фэйсбүүк хуудас дээрээ эхлүүлсэн. Ажиллаж байгаа салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, амжилтад хүрч, олон олон эмэгтэйчүүдийг урам зоригоор тэтгэж буй бүсгүйчүүдтэй уулзаж ярилцаж, амжилтын түүхийг нь илүү олон хүнд хүргэхийг хүссэн хэрэг. Хүн хүнтэйгээ энерги солилцдог гэдэг шиг тэдгээр эмэгтэйчүүдтэй ярилцаж суухад урамтай байдаг. Долоо хоногийн пүрэв гараг бүр хүрэх манай лайвын дараагийн дугаарт Sweet Kitchen-ий Б.Тэмүлүн оролцох болсныг энэ далимд дуулгая.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Өмнө хэлсэнчлэн ааваасаа үргэлж зөвлөгөө сургамж авдаг. Анх бизнесээ эхлүүлж байхад “Хүн болгонтой хүний ёсоор харьцах ёстой” гэж хэлсэн нь одоо ч миний баримталдаг гол баримталдаг зарчим хэвээр. Хэрэглэгч төвтэй бизнес эрхэлж буй хүний хувьд эрх тэгш байдлыг эрхэмлэж, хүн бүрийг хүндэтгэн харилцах нь урт хугацааны тогтвортой амжилтын үндэс-тулгуур гэж итгэдэг.

ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Миний багийнхандаа, хамтрагчдадаа байнга хэлдэг нэг үг байдаг юм. “Итгэл, сэтгэл, зүтгэлээр л аливаа зүйлд хандах ёстой” гэж. Мэдээж эхлээд зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Тэр зорилго руугаа өөртөө итгэлтэйгээр, бас сэтгэл гаргаж, хичээнгүйлэн зүтгэх ёстой л гэсэн үг. Бас ямар ч ажлыг гололгүйгээр хийж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Битгий ажлыг гол, оронд нь хийж туршиж үз гэмээр байдаг. Өөр өөр ажил хийж үзээд, тэр болгоноос өөрийгөө олж авах, таних хэрэгтэй. Юу хиймээр байгаагаа, юу хийх хэрэгтэйгээ тэгж байж л мэднэ. Би өөрөө Лондонд байхдаа яг л энэ зарчмаар ажиллаж амьдарсан.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?

Zaisan Hill хэмээх дотоодын томоохон бүтээн байгуулалтын төслийг санаачилж, гардан хэрэгжүүлж буй О.Тэнүүнийг санал болгоё. Ийм том төслийг хэрэгжүүлж байх үед ямар асуудал бэрхшээл гарсан, түүнийгээ хэрхэн давж гарсан тухай сонирхолтой яриа өрнүүлэх нь гарцаагүй.

unread.today

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …