ЭМГЭНЭЛ

Довдонгийн Мянгаа  /1947-2018/

Монгол Улсын гавьяат эмч Довдонгийн Мянгаа 2018 оны 6 дугаар сарын 6-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, эрүүл мэнд, боловсролын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д.Мянгаа нь 1947 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Тэрбээр 1955 онд Ховд хотын 10 жилийн дунд сургуульд орж, 1965 онд Улаанбаатар хотын 18 дугаар дунд сургуулийг төгссөн. 1969-1970 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Иркутск хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1970-1976 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ.

Д.Мянгаа нь 1976-1979 онд Улаанбаатар хотын Сүрьеэгийн диспансерт их эмч, 1979-2014 онд Уушигны сүрьеэний клиник, Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэгт их эмч, зөвлөх эмчээр 40 гаруй жил тасралтгүй ажиллаж Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт өөрийн хүч хөдөлмөр, авъяас билгээ дайчлан ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн манай тэргүүний эмч нарын нэг байлаа.

Тэрбээр 2014-2018 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, шинэ анагаах ухааны дээд сургуульд багшаар ажиллаж олон зуун эмч, эмнэлгийн ажилтан нарыг бэлтгэхэд өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа харамгүй хуваалцаж, түгээж ирсэн сурган хүмүүжүүлэгч, Багш, Эрүүл мэндийн яаманд сүрьеэгийн зөвлөх, Нийгмийг аюулаас хамгаалах яаманд уушигны зөвлөх, Монгол Улсын сүрьеэгийн мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор байлаа.

Монголын төр засгаас Д.Мянгаагийн эрүүл мэндийн салбарт оруулсан хөдөлмөр зүтгэл, хувь нэмрийг үнэлж, Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Монгол Улсын хүний гавьяат эмч цол тэмдэгээр тус тус шагнажээ.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шилдэг төлөөлөгч, тэргүүний сэхээтэн, нэрт эмч Д.Мянгаагийн эрдэм мэдлэг, хөдөлмөрч зан, цэх шудрага ноён нуруу бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ, Д.САРАНГЭРЭЛ, С.БЯМБАЦОГТ, О.БАТНАСАН, Б.ПҮРЭВДОРЖ, ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ, ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА  Д.ГАЛСАНДОНДОГ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …