“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь Богд хан уулын Шавартын аманд энэ Ням гаригт зохион байгуулагдана.
Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.
Рэнцэндорж Эрдэнэ-Оргил
Өнгөрсөн жил “12/24 цагийн гүйлтийн УАШ тэмцээн”-д 24 цагийн турш 154 км туулж дэд байр эзэлсэн. 2018 оноос эхлэн “Монголын хэт холын зайн гүйлтийн холбоо”-ны тамирчин болсон бөгөөд энэ жил “Чэжү ОУ-н хэт холын марафон 100км”-т 2-р байр, “14 дэх удаагийн Пусан далайн эргийн хэт холын марафон 50км”-т 6-р байрыг тус тус эзэлсэн.
Ёошино Цүёоши
Япон Улсын “Хөл нүцгэн гүйлтийн холбоо”-ны тэргүүн. “Хөл нүцгэн ханхүү” нэрээрээ алдартай. Тэрээр хөл нүцгэн гүйгч бөгөөд хөл нүцгэн гүйлтийн судлаач. Сан Диэго мужийн их сургуулийн магистрын хөтөлбөрт хөл нүцгэн гүйлтийн талаар судалгаа явуулдаг бөгөөд одоогоор Япон Улсад хөл нүцгэн гүйлтийн спортыг түгээн дэлгэрүүлж байгаа юм. Хөл нүцгэн гүйх нь хүний таван цул, зургаан савд эерэгээр нөлөөлж элэг бөөрний үйл ажиллагаа сайжран, хоолны дуршил нэмэгдэж эрч хүч нэмэгдэн эрт өтлөхөөс сэргийлснээр урт наслуулах ашиг тустай байна.
Карол Фүкс
Франц Улсын иргэн, ууланд авирагч, трайл ран төрлөөр голчлон гүйдэг тамирчин. 2017 оны 9 дүгээр сард Гималайн нуруунд орших Манаслу (8,163м) оргилд гарсан бол энэ онд 2018 оны 5 дугаар сарын 20-нд дэлхийн ноён оргил Эверест (8,848м) оргилд гарсан байна.