Азийн наадмын медалийн буухиаг Э.Бэхбаяр алтаар эхлүүллээ

Индонезийн нийслэл Жакарта болон Палембанг хотноо 2018 оны наймдугаар сарын 18-нд эхэлсэн зуны спортын XVIII наадмаас анхны алтан медалийг чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүртлээ.

Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ (UWW)-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ий 12, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Монголын баг тамирчдын салхийг алтан медалиар хагалж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Түүний хувьд Индонезийн нийслэлд тэгшитгэлд Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0-ээр, 1/8 шигшээд БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр, хагас шигшээд Азийн АШТ болон Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл медальт Ираны Реза Атри, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга БНАСАУ-ын 20 настай Кан Кум Сон нарыг тус бүр 8:2-оор яллаа.

Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийн төрлөөр 11 дэх тамирчин болж байна. Түүнчлэн Э.Бэхбаяр Азийн наадам болон Азийн аварга болсон чөлөөт бөхийн зургаа дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, гавьяат тамирчин П.Сүхбат, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар гээд Монголын чөлөөт бөхийн үе үе шилдгүүд дээрх хоёр тэмцээнд түрүүлж байв. Тэрээр ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин билээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …