Португалын иргэн Паулу Бенту-г Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилсон тухай Солонгосын Хөл бөмбөгийн холбоо /KFA/ мэдэгдлээ.
Бенту-тай хийсэн гэрээ 2022 он хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр өмнө нь тус багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Син Тэ Ён-ы оронд ажиллах ажээ. Син Тэ Ён-ы удирдсан Өмнөд Солонгосын шигшээ ОХУ-д болсон ДАШТ-нд хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
Өмнө нь 2010-2014 онд Бенту Португалын шигшээг дасгалжуулж байсан бөгөөд түүний удирдсан баг ЕАШТ-2012-ын хагас шигшээ тоглолтод шалгарч, Бразилд болсон ДАШТ-нд оролцож байсан аж. Уг тэмцээнд Португалын баг хэсгээсээ шалгарч чадаагүй тул Бенту-г ахлах дасгалжуулагчийн албан тушаалаас халсан байна. Үүний дараа тэрбээр Хятадын “Чунцин Лифань” багт ажиллаж байгаад энэ оны зун ажлаасаа халагджээ.
Бенту бол Өмнөд Солонгосын шигшээ багт ажиллах Португалын хоёрдахь дасгалжуулагч юм. Түүнээс өмнө 2003-2004 онд Умебрту Коэлью тус багийг удирдаж байжээ.