Бүх үйл явдал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу
эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна
“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү, “Жаст”-ын Ш.Батхүүгийн батлан даагч болж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 34 сая ам. долларын зээл авч өгсөн тухай шуугиан гарсан. Харин энэ бүхнийг Т.Очирхүү “Би ямар ч хүний батлан даагч болоогүй. Энэ бүхэн бүгд худал мэдээлэл” гэж үгүйсгэж байсан.
Тэгвэл өнгөрсөн сард манай улсын криминалистик шинжилгээгээр түүний гарын үсэг мөн гэдгийг тогтоосон байна. Түүнчлэн Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Стандарт” банкны зүгээс “ГОК” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан” гэж мэдээлсэн.
Гэтэл юуны учир Т.Очирхүү энэ бүхнийг үгүйсгэж хэргийг өрөөсөө холдуулах гэж байгаа нь олны сонирхолыг татсаар байна. Өөрөөр хэлбэл уг хэрэгт хариуцагчаар нь манай улс татагдах болоод байгаа.
Учир нь бүх үйл явдал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна. Товчхондоо тус банкныхан “Эрдэнэт” болон “УБТЗ” хоёрыг Англид дуудсан хэрэг.
Тиймээс ч тэд өнгөрсөн долоодугаар сард манай улсад ирж холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний эцэст манайхаас ажлын хэсэг гаран нэг сарын өмнө тус улсыг зориод ирсэн юм билээ.
Гэхдээ одоогоор ажлын хэсэг энэ хэргийн талаар хэрхэн яаж ярилцсан эсэх нь нууц байгаа юм. Хэдийгээр өнөөдөр Ш.Батхүү хэргийг ганцаараа үүрэх гэж оролдож байгаа ч түүнийг ганцаараа уг хэргийг үйлдэх боломжгүй гэж хуулийнхан үзэж байгаа.
Иймд тухайн үед Ш.Батхүүтэй хамтарч ажилладаг байсан улстөрийн бүлэглэл болон бизнесийн зарим нөхдийг ч шалгаж эхлээд байгаа.
Ер нь бол Төрийн өмчийн хороонд “УБТЗ”-тай холбоотой янз бүрийн мэдээлэл одоог хүртэл ирсээр байгаа аж. Тэд энэ бүх асуудлыг хуулийн байгууллага шалган тогтоосны дараа тус газартай холбоотой мэдээллийг ил болгоно гэж ярьж байсан.
Т.Очирхүүг Ш.Батхүүтэй халаас нэг байсан гэдгийг маш олон хүн гэрчилдэг. Энэ нь ч үнэний ортой. Т.Очирхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Батлан даагчийн гэрээний гарын үсгээ зээлийн баталгаа биш. “Жаст”, “УБТЗ” хоёрын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ” гэж ярьсанд учир мэдэх хүмүүс ихээхэн дургүйцэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл 2006 оноос “Жаст” төмөр замд сар болгон 6000-7000 тонн орчим дизель түлш нийлүүлж байсан байна. Үүнийг л эрхэм дарга батлан даагчийн гэрээний гарын үсэгтэйгээ холиод байгаа бололтой.
Ямартай ч өнөөдөр манай улсын криминалистик шинжилгээгээр Т.Очирхүүгийн гарын үсгийг батлагаатай хэмээн тогтоолоо.
Эл гарын үсгийн талаар “Өмнөд Африкийн “Стандарт” банкинд цагаанаас цагаан цаасан дээр дурайтал бичсэн нь хөдөлшгүй баримт болно” гэж тус банкны зүгээс ч манай Засгийн газарт мэдэгдсэн юм билээ.
Тэгэхээр “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан гэх Т.Очирхүүгээс болж бид удахгүй Лондоны арбитрын шүүхэд дуудагдах нь баараггүй боллоо.
Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Хэрэг хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Бид дараагийн дугаартаа энэ талаархи мэдээллийг эрэн сурвалжилж хүргэх болно.
Үргэлжлэл бий…