Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийцгээе

“Багш нар ажил хаяна” гэх эдгээр үгсээс шударга ёс үнэртэхээ болиод удаж байна. Дан ганц багш нар гэлтгүй, ажиллаж, хөдөлмөрлөдөг бүхий л хүний цалин амьдралд нь хүрэлцэхгүй, өрнөөс өрний хооронд бэрхшээл дүүрэн амьдарч байна. Гэвч тэр бүгдэд ажлаа хаяад төрийг шантаачлах, цалингаа нэмүүлэхийг шаардах чадамж алга. Харин багш болон эмч нарт тийм боломж байгааг олж харсан цөөн бүлэг хүмүүс “ажил хаялт” зарлах нэрээр улс төрийн зорилготой үйл ажиллагаа зохион байгуулаад байна уу гэж харагдах боллоо.

Гурван талт хэлэлцээрийн үр дүнд багш нарын цалин 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Үүний тулд улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгах, зарим хийгдэхээр төлөвлөж байсан ажлыг хойшлуулах, зарим баригдах ёстой байсан барилга, зам, дэд бүтцийн ажлыг цуцлах зэргээр арга хэмжээ авагдах нь ойлгомжтой.

Энэ бүгдийг багш нар ойлгож ухаарч байгаа. Гэвч магтаал шүлгийн эзэн болсон багш нар минь халаасандаа мөнгөгүй гарсан ааваасаа тоглоом авч өгөхийг шаардаж, газарт тийчгэнэ эрхэлж буй хүүхэд шиг л аашилж байна.

Засгийн газар болоод салбарын яамнаас чангалсан бүсээ дахин чангалж байгаад тэдний шаардсан цалингийн нэмэгдлийг өгөхөөр болсон тухайгаа мэдэгдсэн. Энэ мэдлээс болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ савлаад эхэллээ. Талх л гэхэд 100 төгрөгөөр нэмэгдсэн байгааг бид нүдээрээ харж байна. “Цалин нэмлээ” гэсэн үгсийн араас үргэлж үнийн өсөлт гэдэг зүйл дагаж байдаг бичигдээгүй гэмээр хууль үйлчилсээр байна. Цалин нэмэгдээд нэмэгдэл нь амьдрал үр ашгаа өгдөг бол үнэхээр сайхан. Гэвч нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй адил зүйл болж, тав, арван хувиар цалингаа нэмүүлсэн багш, ажилчид талхны нэмэгдэлд түүнийгээ өгөөд л дуусч байна.

Үүний цаана цалингаа нэмүүлж чадаагүй мянга мянган ажилчин, тэдгээрийн мянга, мянган үр хүүхэд ажил хаялтын золиос болж байна мартаж болохгүй.

Өнөөдөр 21 аймгийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн эхэлж, 333.8 мянган сурагч, 114.3 мянган хүүхэд сургууль цэцэрлэгтээ явах ёстой байлаа. Шинэ дүрэмт хувцсаа өмсөөд, багшдаа өгөхөөр цэцэг барьж, анх удаа сургуулийн босго алхаж буй олон хүүхэд сэтгэл гонсгор гэрийг зүг буцацгаах байх…

Гэтэл багш та хүүхэд шуугисан өргөөний их эзэн, багш та оньсыг тайлах түлхүүрийг атгасан шидтэн улс орныхоо хувь заяа, ирээдүйг барьцаалж, ажил хаяж байна. Өнөөдрийн ажил хаялтад багшийн, сурагчийн буруу байхгүй. Харин багшийг ажил хаяулж, түүнээс улс төрийн зорилго чиглэлтэй үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг цөөн хүмүүсийн л буруу гэж бодогдож сууна.

Бүсээ чангалсан төсөвт багшид нэг удаа 300 мянган төгрөгийн урамшуулал олгох, цаашлаад цалинг нь 50 хувиар нэмэгдүүлэх чадамж бий болов уу. Байсан ч үүнийг дагаж өсөх үнийн хөөрөгдлийг дийлэх чадамж Монголчуудад бий юу?

Энэ бүгдийг үе шаттайгаар судалж, инфляцид тулгуурлан цалингаа нэмэгдүүлэх ёстой байлаа. Гэвч ардын багшийг ажлаа хэвийн хийх боломжийг бүрдүүлэхийн тулд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг үл тоон цалинг нь нэмж байна. Багш нарт энэ эрсдэл, энэ золиос гаргасан шийдвэр гэвч хангалтгүй байж. Тэд яг л эрх жаал шиг л аашилсаар байна.

Үнэндээ тэдний голоод байгаа цалинг аваад ажиллах, боловсон хүчин манайд хангалттай бий. Хүсвэл төрд ч тийм шинэчлэл хийх боломж, бололцоо бий гэж хардаг. Гэвч “багш та” гэж магтан, хүндэтгэдэг ёс жудагтай бид хичээлийн шинэ жилийн эхний өдөр ажлаа хаясан багшаа буруутгаж чадахгүй л хүлцэж байна.

Ер нь багшийг ашиглаж, түүнийг ёс зүйгүй үйлдэлд турхирагч тэдгээр нөхөдтэй төр хатуухан ярих цаг болсон. 2018 оны байдлаар 3865 багш багшлах эрхийн гарааны шалгалтаа өгч, ажлын байраа хүлээж байгаа гэх мэдээлэл байна. Мөн гурван талт хэлэлцээрийн үр дүнд багшийн цалин үе шаттайгаар нэмэгдсээр байгаа. 74911 багш, ажилтан цалингийн нэмэгдэл хамрагдаж, тэдний цалингийн нэмэгдэлд 724.1 тэрбум төгрөг зарцуулсан гэх тоон мэдээллийг өгч байна. Энэ мөнгөөр хэдэн сургууль, хэдэн эмнэлэг барьж болох байсныг тооцоолох хэрэг байна уу. Мөн нэг удаа олгох 300 мянган төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, зохицуулсан тухай мэдээллүүд ч уншигдаж байна.

Тэгэхээр төр багш нарын тавьсан шаардлагыг үг бүрчлэн биелүүлж байна гэсэн үг. Үүнийхээ төлөө ажлаа битгий хаяарай гэж л хүссэн. Гэвч үйлдвэрчний эвлэл гэж өөрсдийгөө нэрлэсэн цөөн хүн багш нарыг ажил хаялтад уриалж, төрийг шантаачлах үйл хэрэгтээ ашигласаар байна. Уг нь хөнжлийнхөө хэмжээнд хөлөө жий гэж үг байдаг даа.

А.Амар

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …