Дэлхийд ердөө 22-хон толгой үлдсэн мазаалайгаа хамгаалах гэж монголчууд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Говийн баавгайг мөхөлд хүргэж буй шалтгаануудын нэг нь энэ амьтны гол хоол болсон бажууна ургах нь ховордсон явдал гэж судлаачид тайлбарлав. Майга бороо бид аварч чадлаа ч бажууна ургахаа бүр больчихвол мазаалай юу идэх вэ. Цаг уурын дулаарал, хүний буруугаас болоод амьтнаар зогсохгүй ургамал устаж байгаа. Мөхөж буй ургамлыг аврах, генийг нь авч үлдэх ажлыг манай улсад ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд хийдэг. Тэр ажлын гол цөм нь нийслэлийн Баянзүрх дүүргийн VIII, X, XII хорооны дунд ердөө 32 га талбай эзлэн орших, гадаадынханд жижигхэн ч Монголдоо том цэцэрлэгт бий.
Ийм чухал газрыг устгахаар Хууль зүйн яамны эвэртэн туурайтнууд улайрч эхэлжээ. Ард түмэнд хууль сурталчилж, сахиулах үүрэгтэй энэ яамныхан үндсэн ажлаа хийхийн оронд хашдаг албаараа түрий барин, ил цагаан дээрэм хийх болов. Хүзүүндээ зангиа зүүж, амнаасаа хууль урсгасан энэ хүмүүс гартаа харин “лантуу” барьжээ. Өөдөөс нь сөргөсөн хэнийг ч цохиж унагаад, санасандаа хүрдэг зуршилтай болж. “Ажилтай үлдмээр байвал амаа хамхи. Эс бөгөөс хоолноос чинь салгана” гэж төрийн байгууллагынхныг дарамтлан, зорилгодоо хүрдэг аргад мэргэшжээ. Ард түмний тусын тулд юу ч хийхгүй хэрнээ өөрсдийн тухлах байраа томсгож, суух суудлаа зөөллөх гэж улайрах нь жигтэй. Тэд барьсан байшин булаадаг байснаа болиод өдгөө барилга барих газар дээрэмдэж эхлэв.
Хүүхдүүд шалан дээр хэвтэж, Х.Тэмүүжин тэнгэрт төвхнөнө
Өөрийн харьяандаа байсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хууль зүйн сайд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нэгтгэн, тэднийд шилжүүлж өгчихөөд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг булаачихсан. Улсын төсвийн 10.6 тэрбум төгрөгөөр, анхнаас нь эмнэлгийн зориулалтаар барьсан энэ барилгыг өдгөө албан контор болгон засаж байна. Тун удахгүй ашиглалтад оруулах энэ барилгын А корпусын 3-6 дугаар давхарт Улсын ерөнхий прокурорын газрыг оруулаад бусад давхар болон Б корпусыг бүхэлд нь ХЗЯ эзэгнэнэ. Тус яамныхан дээрх эмнэлгүүдийг нэгтгэснээр эмнэлгийн зориулалттай 50 тэрбум төгрөгийн тоног төх өөр өмжийн зардал хэмнэсэн тооцоо гаргажээ. Өөрсдөө харин тухлах барилгаа томруулснаар хэдэн төгрөгийн зардал үргүй хийсгэж байгаа бол. Үүнийг яагаад ард түмэнд танилцуулахгүй байна вэ. Энэ хоёр эмнэлэг нийт 550- иад ортой, жилдээ 15 мянгаад хүн хэвтүүлэн эмчилдэг байсан юм. “Эмчлүүлэгчдийн талаас илүү нь энгийн иргэд байсан тул нэгтгэсэн” гэж Хууль зүйн сайд өөрийгөө өмөөрчээ. Төрийн албан хаагчдад шинэ эмнэлэг хэрэггүй байсан юм бол эх, хүүхдүүдэд бэлэглэхгүй яагаа вэ. Утаатай, тоостой, ургамал модгүй, хүн амьдрахад аюултай Улаанбаатарт мэндэлж буй нялхасыг өвчин ороох нь ихсэн, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхээ байж, эх, үрс өвчнөө эмчлүүлэхийн тулд эмнэлгийн шалан дээр нохой мэт хэвтэж байна. Тэгэхэд Хууль зүйн сайд Х.Тэм үүжин эмнэлгийн барилгыг булааж, зориулалтыг нь өөрчлөн, өөрийнхөө албан байр болгохдоо ичсэнгүй. Амташсан хэрээ арван гурав гэгчээр давраад өдгөө Ботаникийн цэцэрлэгийн газрыг булааж, шүүгчдэд ордон барьж өгөхөөр санаархаж сууна. Хар, цагааныг ялгаж, үнэн, худлыг дэнслэх андгайтай шүүгч нар ногоон байгууламжийг булаахаас татгалзахын оронд Ботаникийн цэцэрлэгийн хэдэн ажилтанд “Төр газраа мэддэг юм” хэмээн томорч явна.
Гаднынхан ботаникийн цэцэрлэгээ найрамдалд ашигладаг
Ногоон эдийн засаг хөгжүүлэхээр зорьж яваа улс бүр ботаникийн цэцэрлэгтэй байх ёстой гэж үздэг нийгэмд бид амьдарч байна. Манай улс ч ийм эдийн засагтай болно гэж Шинэчлэлийн Засгийн газар тунхагласан. Урагш харж, ирээдүйд тэмүүлж яваа улс бүр ботаникийн цэцэрлэгийн холбоонд нэгддэг аж. Манай улс Япон, Хятад, БНСУ, Вьетнамыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн Азийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн холбооны гиш үүн. Энэ холбоотой манай хойд хөршийн Эрхүүгийн улсын их сургуулийн салбар Ботаникийн цэцэрлэг түншилж, Япон, Солонгосын төгөл байгуулж байна. Байгаль нуурын баруун эрэгт 30 га талбайд 1940 онд байгуулсан уг цэцэрлэг нь Эрхүүгийн иргэд, оюутан сурагчид, хүүхдүүдэд экологийн боловсрол олгох гол түшиц болдог. ОХУ ботаникийн 60 цэцэрлэгээ төрийн онцгой хамгаалалтын бүсэд оруулж, гадаад улс орнуудтай энхтайван, харилцан ойлголцлын илэрхийлэл болгож, тухайн улсын нэрэмжит төгөл байгуулан, шинэ ургамал, технологио солилцож иржээ. АНУын Чикаго хотод Сибирийн ботаникийн цэцэрлэг бий. Байгаль нуурын орчимд ургадаг ургамлыг уг цэцэрлэгт тарьж, Чикаго хотын оршин суугчдад Сибирийн байгаль, дэлхийн хамгийн цэнгэг уст нуураа танилцуулдаг.
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгийн нэг Сингапурын ботаникийн хүрээлэнг ургамлын музей гэхэд болно. Энд 3000 гаруй зүйлийн ургамал бий. Тус улсад айлчилсан гадаадын төрийн тэргүүнүүдийг энэ цэцэрлэгт хүрээлэнгээрээ заавал оруулан, цахирмаа цэцэг, мод тариулдаг уламжлалтай. 2002 онд уг цэцэрлэгт Монголын нэрэмжит мод тарьжээ. Сингапурт суугаа гадаадын Элчин сайд, дипломат төлөөлөгчид шинэ жилээр уг цэцэрлэгт очиж, өөр өөрийн орны нэрэмжит модоо чимэглэн, улс орноо сурталчилж, найрамдалт харилцаагаа илэрхийлдэг. Олон нийтийн амралтын бүс, экологийн сургалт, туршилт, судалгаа хийдэг институттэй. Дэлхийн аль ч ботаникийн цэцэрлэг улсынхаа тусгай хамгаалалт дор байдаг агаад хэн ч тэнд хэзээ ч өөр зориулалтын барилга барьж байгаагүй.
Монгол ботаникийн цэцэрлэгээ устгах уу
Гадаадын орнууд ботаникийн цэцэрлэгээ ийн тордож, улс төрд хүртэл ашигладаг аж. Харин манайхан байгаагаа тордохын оронд газрын хөрснөөс арчих гэж байна. Офицеруудын ордон, Амгалан, Чулуун овоо, Улаанхуаран гээд ойр хавийн оршин суугчдын зугаалах, хөгшид, хүүхдээ салхилуулах ганц газар нь Ботаникийн цэцэрлэг. Ногоон байгууламжийн бүсэд нь хэдэн зуун хүн зугаалж байдаг тус цэцэрлэгт биднийг очиход бороо зүсэрч байсан болоод ч тэр үү, олон хүн байгаагүй. Гэхдээ л хүүхдүүд борооноос хадайжилгүй тэнд тоглосоор байсан юм. Сайд дарга нар жил бүрийн хавар, намар энд ирж мод суулгадаг хэрнээ тохижуулахад анхаарсангүй. Хэдэн жилийн өмнө УИХ-ын нэгэн гишүүний тэрбум төгрөгөөсөө илүүчилж, энд бариулсан гэх хэдэн тоглоомыг өдий болтол улсын комисс хүлээж аваагүй аж.
Бусдаар бол Улаанбаатарын өөр хаанаас ч олж харахгүй, бидний хүсэж мөрөөддөг тэр л ногоон орчин энд бий. Төрөл бүрийн ургамалтай танилцаж, нялх ногооны үнэрт сэтгэлээ сэргээхийг хүссэн хэнд ч энэ цэцэрлэг үргэлж нээлттэй байдаг. Өндөр уулын, ойт хээрийн бүс гэхчилэн талбайгаа Монгол орны газар нутгийн бүсүүдэд ангилан, тэнд ургадаг мод, бут, сөөг, өвс тарьсан нь сонирхолтой. Энэ цэцэрлэгийн эргэн тойронд байдаг ерөнхий боловсролын найман сургуулийн сурагчид эндээс экологийн боловсрол олж, хичээлээ давтдаг аж. Цэцэрлэгийн багачууд ч ялгааг үй. Ногоон зүлгэн дээр наадуулангаа багш нь тэдэнд “Өвс, цэцэг тасалж болохгүй” гээд л хэрд нь таарсан мэдлэг, хүмүүжил олгоно. Ботаникийн цэцэрлэгийн өвслөг ургамлын цуглуулга, үржлийн талбайд өнгөрсөн оны байдлаар Монгол орны байгалийн 40 овгийн 97 төрөлд хамаарах 167 зүйлийн өвс ургаж байна. Үүн дотор Монголын “Улаан ном”-д орсон нэн ховор 43, гадаадын 20 гаруй зүйлийн ургамлын цуглуулга бий.
Энд ийм сайхан цэцэрлэг байдгийг мэддэггүй хүмүүс газраас нь авна, барилга барина гэж улайрах нь зохисгүй. Газар дор нь хүртэл услалтын систем байдаг гэж хэлэхэд итгэлгүй, трактороор ухаж үзнэ гэж аашилсан байх юм. Тус цэцэрлэгийн ерөнхий дендрологич Ж.Жавхлант өгстэй уулзахад “ХЗЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга Мөнхбат туслахтайгаа ирж, шууд л газар авна гэсэн. Тэр хүн ШУА-иас нэг хүн дагуулж ирсэн. Манай энд ургаж буй зүлэг, моддыг үнэгүй гэж боддог бололтой. 10 настай нэг улиасны экологийн үнэлэмж 150 ам.доллар байдаг. Түүн дээр 10 жил тэр улиасыг арчилж ургуулсны хөлс хүч, ус, бордооны үнэ нэмэгдэнэ. Үнэлж баршгүй зүйл бас бий. Агаарын бохирдлыг багасгах, хүчилтөрөгч үйлдвэрлэдэг цорын ганц зүйл нь ногоон ургамал гэдгийг мэддэггүй бололтой” гэж ярив. Цагаан захтнууд мод тарьдаггүй, цэцэг усалдаггүй юм гэхэд бусдын тарьсан мод, зүлгийг сүйтгэхгүй байвал зүгээр сэн.
Эх сурвалж: Аравт.мн /Өнөөдөр сонин