С. Чинзориг: Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард түмнийхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө тойрогт ахиу мөнгө хуваариллаа гэсэн асуудал дагуулж байна. Таны сонгогдсон тойрогт хичнээн төгрөг хуваарилав?

-Жилийн жилд төсөв ярихад хөрөнгө оруулалтын хэрэгцээ маш их байдаг. Гэвч төсөв санхүүгийн боломж нь хязгаарлагдмал болохоор гишүүдийн хүслээр, тойргийнх нь хэрэгцээний дагуу хөрөнгө оруулалтын ажлууд явагдаж чаддаггүй шүү дээ. Савандаа тааруулаад л төсөв баталдаг. Манай тойрогт хөрөнгө оруулалтын хэрэгцээ их байгаа. Миний сонгогдсон тойрог 12 сумтай. Жижиг, том гэлтгүй сум болгонд асуудал байна. Өнөө жилийн төсөвт тусгагдсаны дагуу долоон суманд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгаа. Харин ирэх онд үлдэж байгаа сумддаа шаардлагатай хөрөнгө оруулалтыг тавиулъя гэсэн чиглэлээр ажиллаж байна. 2019 оны төсөвт манай тойрогт хоёр сургууль, нэг соёлын төв, хоёр спорт заал барих хөрөнгө тавигдаж байгаа. Цаана нь үлдээд байгаа хоёр сумын спорт заал барих хөрөнгийг ирэх оны төсөвт багтаах асуудал бий. Энэ мэтчилэн аймаг болгонд тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд хязгаарлагдмал төсөвтөө хязгааргүй хэрэгцээг яаж багтаах вэ гэсэн зовлон байна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийнхөө тойрогт 51 тэрум төгрөг төсөвлөсөн байна гэж Ж.Мөнхбат гишүүн байнгын хороон дээр цоллосон. Зарим сайд нар үүнийг тайлбарлахдаа “Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа амласан амлалтуудын хөрөнгө оруулалт багтсан” гэх юм. Засгийн газрын тэргүүн танай аймагт ямар амлалтууд өгсөн бэ?

-Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байхдаа иргэдээс гарсан саналуудыг шийднэ гэж амласан. Үүнтэй холбоотойгоор аймгуудад хөрөнгө оруулалтын дүн нь орж байгаа. Магадгүй Ерөнхий сайдын очоогүй аймгуудад тийм хөрөнгийн эх үүсвэр тавигдаагүй байх. Гэхдээ Ерөнхий сайд очсон, очоогүй л тухайн аймагт шаардлагатай хөрөнгийг аймгийн удирдлагууд нь УИХ-ын гишүүдээр дамжуулаад Сангийн яам судалж төсөвт оруулсан байх.

Манай аймагт Ерөнхий сайд очиж ажиллахад хэд хэдэн асуудал тавигдсан. Тэр нь энэ оны төсөвт ороод явж байна. Тухайлбал, Өвөрхангай аймагт хүүхдийн эмнэлэг, Орхон голын нурсан гүүрийг бетон болгож барих, Хужирт суманд цэвэрлэх байгууламж байгуулах, Богд сумыг шилэн кабельд холбох зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэж өгөх хүсэлтийг орон нутгийн иргэд болон удирдлагуудын зүгээс Ерөнхий сайдад тавьсан. Эдгээр асуудлууд Ерөнхий сайдын Өвөрхангай аймагт ажилласан ажлын төлөвлөгөөний хүрээнд авах арга хэмжээнд ороод ирэх оны төсөвт баталгаажаад тусгагдсан байгаа.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хувьд ирэх онд ямар бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө хуваарилав?

-Төсөвтөө захирагдаад салбарын өмнө тулгамдсан бүх асуудлуудад хөрөнгө мөнгө тусгагдаад шийдэгдэж чадахгүйн зовлон бий. Ямартаа ч зарим аймагт хүүхдийн ордон, нийгмийн даатгалын чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг хүргэх шаардлагатай байгаа барилга объект, хэлтсийн барилга барих гэх мэтчилэн бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө мөнгө тусгагдсан байна.

-Манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил өсөлттэй байгаа. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 2019 оны төсөвт хичнээн төгрөг суулгах вэ?

-Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд төсөв санхүүгийн байдал сайжирч, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна. Төсвийн орлого сүүлийн хоёр жил дараалан давж биеллээ. Гэхдээ бүх юм сайжирсан гэж хэлэхэд эрт байгаа л даа. “Монголын эдийн засаг тун эмзэг байна” гэсэн ОУВС-гийн дүгнэлттэй санал нэг байгаа юм. Засгийн газрын зүгээс “Төсвийн орлого давж биелж байгаа учраас ард түмнийхээ амьдралын бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлье” гэсэн зарчим баримталж байна. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг ард түмэн хүртэх цаг нь болсон. Энэ хүрээнд цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлоготой ажиллаж байна. Ирэх жил найман төрлийн арга хэмжээнд 723 тэрбум төгрөгийг яг иргэдийн бодит орлого болгож халаас руу нь оруулахаар төсөв дээр цоо шинээр тусгаж байгаа. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалинг нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлнэ. Мөн тэдний ажлын байранд хийсэн үнэлгээг үндэслэж, ялангуяа багш, эмч нарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэхэд арга хэмжээ авна. Үүний үр дүнд ирэх онд эмч, багш нар, төрийн албан хаагчдын цалин багагүй хэмжээгээр нэмэгдэнэ.

Нийгмийн даатгалын сан болоод халамжийн сангаас олгодог тэтгэврийн хэмжээг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ гэсэн салбарын яамны бодлого бий. Ер нь халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээ нь амьжиргааны түвшнээс доогуур байсаар ирсэн. Асрамж, халамж хэрэгтэй иргэд маань амьжиргааны түвшнээс доогуур хэмжээтэй тэтгэвэр аваад байхаар амьдралаа хэвийн хэмжээнд аваад явах боломж нь бүрдэж өгдөггүй. Тиймээс халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг амьжиргааны доод түвшинд хүргэж нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан.

-Халамжийн тэтгэвэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрнэ гэсэн үг үү. Багш, эмч нарын цалинг хэдэн хувиар нэмэхээр төлөвлөж байгаа юм бол?

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны төсөвт 266 тэрбумаас доошгүй байхаар тусгана гэж Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу ирэх онд 267.1 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд тусгаж байгаа. 2018 онд тө-рийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 65-хан тэрбум төгрөгт багтааж байсан шүү дээ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119 тэрбум төгрөгт багтаана. Харин халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэхийн тулд 22 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Цалин, тэтгэврийн нэмэгдлийн хувь хэмжээ, хэрэгжилт зэргийг нь төсөв батлагдсаны дараа Засгийн газарт оруулна. Хуулиараа Засгийн газрын тогтоолоор эцэслэдэг асуудал учраас тухайн үед нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-Малчны тэтгэвэр тогтоолголтыг таван насаар урагшлуулсан хуулийн хэрэгжилт ямархуу явж байна вэ. Мөн ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх нийгмийн халамжийн чиглэлийн хуулиудыг тодруулахгүй юу?

-Малчдын тэтгэврийн насыг таван насаар наашлуулахтай холбоотой хууль энэ онд хэрэгжээд явж байна. Нийт 13 мянган малчин энэ хуулийн дагуу тэтгэвэрт гарах байх гэж тооцоолж байсан. Есдүгээр сарын 1-ний байдлаар малчнаар ажиллаж байсан 5700 иргэн тэтгэвэрт гарсан байна. Харин малчнаар ажиллаж байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэдийг нөхөн тооцуулах хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэхээр өнгөрсөн онд батлагдсан. Мөн ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг таван жилээр нэмэгдүүлэх, ээжүүдийг нийгмийг даатгалд хамрагдсанаас нь үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжээ авдаг зэрэг нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиуд ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ ОУВС-гаас өгч буй зөвлөмж, нөгөө талаас төсвийн алдагдал дорвитой буурахгүй байгаа зэрэгтэй холбоотойгоор эдгээр хуулийг 2020 онд хэрэгжүүлье гэсэн саналыг Засгийн газраас оруулсан.

-МАН 2020 оны сонгуульд оноо авахын тулд нийгмийн халамжийн чиглэлийн хуулиудаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм биш үү?

-Манай улсын эдийн засаг хэдийгээр өсөлттэй байгаа ч эмзэг үе дээрээ байгаа гэдгийг ОУВС-гаас зөвлөсөн. Гэхдээ ирэх оны төсөв хэлэлцэх үед гишүүд зарим нэг зүйл заалтыг нь урагшлуулах асуудал чуулган дээр нээлттэй яригдах байгаа.

-УИХ төсвөө баталчихаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг залгуулаад хэлэлцэнэ гэж байсан. Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай монголчууд аливаа ажил, амьдрал нь явахгүй болохоор өөрөөсөө биш, бусдаас буруу хайдаг. Тэр утгаараа Үндсэн хууль руу бүх бурууг чихээд явчихаж болохгүй. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий. Ер нь буруутан хайх юм бол улс төрийн намууд, улстөрчид, иргэд гээд бүгдэд л хамаатай асуудал болно. Улс төрийн намуудын төлөвшил, санхүүжилт, улстөрчдийн үг үйлдэл нь зөрдөг гээд олон асуудал байна. Энэ бүгдээс сүүлийн 25 жилийн асуудлыг хайх ёстой. Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох ёстой.

-Яаж тэр вэ?

-Төр, Засгийн газар, аймаг, сум, багийн удирдлага гээд шат шатандаа эрх мэдлийн хуваарилалт, түүнийгээ дагасан хариуцлагыг нь хүртэл оновчтой болгож өгөх ёстой. Жишээлбэл, одоогийн манай боловсролын хууль гэхэд Засгийн газрын эрх үүрэг, Боловсролын яамны эрх үүрэг, бүх шатны эрх үүрэг гээд тавьчихдаг. Тиймээс бо-ловсролын асуудлаар төв Засгийн газар, сайд, аймгийн дарга, сумын дарга нь ямар эрх үүрэгтэй байж, ямар хариуцлага хүлээхийг нь тодорхой болгоод өгөх хэрэгтэй. Өнөөдөр бүх шатны Засаг даргын эрх үүргийг тавьчихаар асуудал эзэнгүйдээд байгаа.

-Мэдээж, Үндсэн хууль дээр Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэнэ. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Засаглалын хэлбэрийг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Парламентын засаглалтай орон гэдэг мөртлөө Ерөнхийлөгчөө нийт ард түмнээсээ сонгодог. Тэгсэн атлаа Төрийн тэргүүн маань эв нэгдлийн илэрхийлэгч, бэлгэдлийн шинж чанартай. Нөгөө талдаа гүйцэтгэх засаглал ч юм шиг байдаг шүү дээ.

-МСҮТ-ийн элсэгчид жил ирэх тусам багасч байгаа тухай статистик байдаг. Хэдийгээр хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэн бэлтгэж байгаа ч гэсэн боловсролын байгууллага гэдэг утгаар нь БСШУСЯ-ны харьяанд байлгаж болдоггүй юм уу?

-Солонгос, Герман зэрэг хөгжилтэй орнуудад МСҮТ нь хөдөлмөрийн яамныхаа харьяанд байдаг тогтолцоотой. 2012 оны сонгуулийн дараа МСҮТ Хөдөлмөрийн яаманд ирсэн. Цаашдаа энэ бүтцээрээ явах нь зүйтэй. МСҮТ-ийг бэхжүүлэх, төлөвшүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Нэгдүгээрт, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлүүдээр залуусыг сургаж чадаж байна уу гэдэг асуудал. Үнэнийг хэлэхэд, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжилтэй ажилтныхаа судалгааг нарийн гаргаж, тэр дагуу элсэлтүүдээ авч зохион байгуулах ажил төгөлдөр болж чадаагүй. Хоёрдугаарт, мэргэжилтэн ажилтан бэлтгэх боловсон хүчний чадавх нөөц нь материаллаг баазын боломж, хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй асуудал байна. Гуравдугаарт, мэргэжлийн сургалт боловсролын асуудал нь дан хөдөлмөрийн яаманд байх ёстой, эсвэл боловсролын яаманд байх ёстой гээд аль нэг тийш нь туйлшруулж авч үзэх боломж байхгүй. Ялангуяа багш нарыг давтан бэхжүүлэх чадавхжуулах нь хоёр яамны зайлшгүй оролцох асуудал. Энэ тал дээр хоёр яам бодлогын түвшинд хамтарч, уялдаатай ажиллах нь чухал.

Иймд манай яам ирэх жилийг МСҮТ-ийн багшийн хөгжлийг хангах жил болгон зарлаж байгаа. Багш нарыг сургах, давтан бэлтгэх, чадавхжуулахад томоохон ахиц гарна. Энэ хүрээнд хоёр том ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдэд ажиллаж байгаа багш нарыг техник хэрэгслээр хангаж, компьютержуулна. Тэдний цалин хөлс, үр дүнгийн урамшууллууд нь ЕБС-иудын багш нарынхаас доогуур түвшинд яваад байгаа. Тиймээс мэргэжлийн боловсролын сургалтын төвд ажиллаж буй багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрны нөхцөлд нь судалгаа, үнэлгээ хийж, албан тушаалын ангилал зэрэглэлийг нь шинэчлэх арга хэмжээ авна. Одоо МСҮТ-ийн багш нар сард таван хувийн үр дүнгийн урамшуулал авдаг. Энэ дүнг ирэх оноос арван хувь болгож нэмэгдүүлнэ гэж төсөвт тусгасан.

-МСҮТ-ийн оюутнууд 70 мянга авахаа больсон болохоор суралцагчдын тоо буураад байна уу?

-Элсэлт буурч байгаад олон хүчин зүйл нөлөөлж байгаа. МСҮТ-үүдийн мэргэжлээ сурталчилж, таниулах ажил тааруу байдаг. Мөн их, дээд сургуулиуд элсэлтийнхээ босго оноог сүүлийн жилүүдэд бууруулж байгаа нь ч МСҮТ-ийн элсэлт буурсантай холбоотой. Манай улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа болохоор ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Энэ хэрээр хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй, өндөр ур чадвартай ажилчдын хэрэгцээ ч нэмэгдэнэ. Тиймээс мэргэжлийн боловсролын сургуулиудад суралцаж, өндөр ур чадвар эзэмших залуусын сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс МСҮТ-үүдэд суралцаж байгаа оюутнуудад сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байхаар төсөвт оруулж өгч байгаа. Энэ бол мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд том түлхэц болно. Их, дээд сургуулиудын оюутнуудад сургалтын Төрийн сангаас хүүгүй зээл олгож дэмжиж байна шүү дээ. Тэгвэл мэргэжлийн боловсролын байгууллагыг сонгож ирээд суралцаж байгаа оюутнуудад төр засаг дэмжлэг үзүүлэх ёстой.

-Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрөлтэй компани олон байдаг ч энэ ажил удаашралтай байгаа шалтгаан юутай холбоотой юм бэ?

-Япон улс гаднаас ажиллах хүч авах хуулиндаа өөрчлөлт оруулсан. Өмнө нь тус улс дадлагажигч ажилтнуудыг хоёр жилийн хугацаатай авдаг байсан бол шинэ хуулиар энэ хугацаа гурван жил болсон. Японы Засгийн газар өмнө Монголоос ажиллах хүч авахдаа өөрийнхөө улсын ТББ-уудаар дамжуулж авдаг байсан. Одоо хуулинд нь өөрчлөлт орсонтой холбоотой Японы Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаараа дамжуулж ажиллах хүч авдаг болж байгаа. Манай талаас тусгай зөвшөөрөлтэй олон аж ахуйн нэгж байгаа нь үнэн. Японы Засгийн газарт манайх нэг санал тавьдаг юм. “Солонгос руу бид ажиллах хүч гаргахад нэг л төрийн мэдлийн байгууллагаар дамжуулж гаргаж байна. Ийм бүтцэд оръё” гэхээр “Манайх хуулиараа ажиллах хүч илгээж байгаа талтай заавал нэг байгууллагаар харилцана гэхгүй. Манай ажиллах хүч авах байгууллагатай гэрээ байгуулсан компани байх юм бол Монголын талын илгээгч хэдэн ч байгууллагаас ажиллах хүч авч болно гэсэн хуультай” гэдэг юм. Манай яам мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч Японд дадлагажигч ажилтан илгээх байгууллагуудыг нэлээд аттестатчилж, есөн байгууллагын үйл ажиллагааг нь зогсоосон. Тодорхой хэмжээгээр ажил сайжруулах хугацаатай үүрэг өгч, нэг хэсгийг нь түдгэлзүүлсэн. Шинээр цөөн тооны байгууллагуудад ч тусгай зөвшөөрөл олгосон. Энд нэг зүйлийг сануулаад хэлэхэд Япон руу дадлагажигчаар явж байгаа залуус зөвхөн япон хэлний сургалтад суухдаа л сургалтын төлбөр гэж бага хэмжээний мөнгө төлнө. Тэрнээс наана нь хэдэн саяар нь хураамж зардал төлөх асуудал байхгүй. Японд яг явахаар виз нь гарсан тохиолдолд зардал төлнө.

-Тус улс руу жилд хэдэн хүн дадлагажигч ажилтнаар явж байна вэ?

-Ер нь бол манайхаас авч байгаа хүний тоо цөөн. Жилд 60-70 орчим хүн л дадлагажигч ажилтнаар явдаг. Хэдийгээр манайхаас авна гэдэг боловч үйл ажиллагаа нь удаашралтай байгаа. Учир нь манай залуус үйлдвэрлэл, барилга дээр ажиллах сонирхолтой. Харин Японы талаас хөдөө аж ахуй, асрамжийн байгууллагууд, өндөр настнуудыг асрах чиглэлээр дадлагажигч авна гэдэг. Ер нь бол ажилгүй байгаа залуучуудыг Япон руу дадлагажигчаар явуулдаг байдлыг бид өөрчилнө.

-АНУ гаднаас ажиллах хүч авдаг H2 визнийхээ зөвшөөрлийг манай улсад өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ нь ямар нэг ажил хэрэг болоогүй байгаа. Ер нь энэ асуудал биелэлээ олох юм уу?

-Одоогоор АНУ-ын компанитай гэрээ байгуулсан монгол компани байхгүй. АНУ-д Н2 визтэй холбоотойгоор ажиллах хүч гаргах асуудал эхлээгүй байна. АНУ-ын тал Монголоос ажиллах хүч авна гэдэг нь хүндрэлтэй. Байршлын хувьд хол нутаг, зардал ихтэй. АНУ-тай хил залгаа зардал багатай Мексик байна шүү дээ. Шашин шүтлэг, хэл ус нэгтэй ийм хүмүүсийг ажиллах хүчээр авдаг. Тиймээс наанадаж тээврийн зардал өндөртэй манайхаас ажиллах хүч авах сонирхолтой АНУ-ын компани одоохондоо гарч ирээгүй байна.

dnn.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …