Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 18. Санчир гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Ус
Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.
Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.