Б.Цогтгэрэл: Одоогийн төлөвлөснөөрөө явбал гурав, дөрвөн жилийн дараа л Монгол ган нийлүүлж эхэлнэ

images (2)Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хамтран ажиллаж байгаа бөгөөд “Монгол төмөр”, “Монгол зэс” хөтөлбөрийг боловсруулан ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан тэдгээр яамны удирдлагууд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамын хурлын танхимд хаалттай хуралдаж, ярилцсан байна. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Та бүхэн ойрын үед төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаа шийдэх гэж байна уу?

-Бид төмөр, зэс боловсруулах томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Монгол төмөр”, “Монгол зэс” гэдэг хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван яамны ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг нь би ахалж байгаа. Энэ удаа бид “Монгол төмөр” гэдэг хөтөлбөрийн ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг хийлээ. Худалдаанаараа бид хөтөлбөрөө нарийвчлан боловсруулах гол зорилго, чиглэлээ тодорхойлох, ямар хугацаанд хийх, ажлын хэсгийн гишүүд маань ямар чиг үүрэгтэй байх, ямар аргачлалаар уг хөтөлбөрийг боловсруулах зэрэг асуудлыг ярилцахаар төлөвлөсөн юм. Монгол орон төмрийн хүдрийн асар их баялагтай. Одоогоор нэг тэрбум орчим тонн нөөц илрээд байгаа. Мөн зэсийн баялаг ихтэй. Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга зэрэг томоохон ордуудад маш их баялаг байна. Эдгээрийг бид түүхийгээр нь гадагш гаргах биш, яаж эцсийн бүтээгдэхүүн болгож ашиглах, ямар технологи хэрэглэх, хэнтэй, хэрхэн хамтрах, борлуулалтын болоод бусад асуудлаа яаж хийх, ямар стратегийг баримтлах зэрэг олон цогц асуудлуудыг шийдэх хэрэгтэй болоод байгаа юм. Хөтөлбөрт энэ бүхнийг тусгана. Засгийн газраас төмөрлөгийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 50 сая доллар хүртэлх дэмжлэг үзүүлэхээр хөгжлийн банкинд үүрэг болгосон. Эхний ээлжинд уурхайнууд маань нойтон баяжуулах үйлдвэрээ барих шаардлагатай болж байна. Дараа нь төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох бөөрөнцөг, зээрэнцэг зэргийг үйлдвэрлэнэ. Тэгээд хайлуулах үйлдвэр лүү явах ёстой. Энэ бүхэнд нарийн технологи шаардана. Гурван яам маань хамтарч ийм л хөтөлбөр боловсруулах юм. Хөтөлбөр хийгдэж, бодлого боловсруулсны дараа бүх зүйл тодорхой болно. Техник эдийн засгийн үндэслэлүүд нь нарийн хийгдэх ёстой.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үү?

-Бодлогынхоо хүрээнд яригдах ёстой юм. Дэлхийн банктай хамтраад судалгааны ажил хийгдэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд олборлох уурхайг нь саяхан улсын комисст хүлээлгэж өгсөн. Тэнд дотоодынхоо хэрэглээг хангах төмөрлөгийн үйлдвэр байгуулах бүрэн боломжтой юм. Эдгээр нь нэгдсэн бодлого гарсны дараагаар хөтөлбөрийн дагуу хэрэгжих учиртай.

-“Алтайн хүдэр” зэрэг компанийн Хятад руу зөөж байгаа төмрийн хүдрийн хэмжээг хязгаарлана гэсэн үг үү?

-2012 он гэхэд 8 сая тонн хүдэр гаргасан байна. Энэ бол маш том төмөрлөгийн цогцолбор барих хэмжээний юм. Цаашдаа хүдрээ гадагш гаргах биш, дотооддоо гүн боловсруулалтанд оруулах шаардлагатай байна. Хүдэр баяжуулах, агуулгыг нь нэмэгдүүлнэ гэдэг бол илүү үнэ цэнэ дагуулна. Асар их нөөцтэй атлаа дотоодынхоо барилгын төмөр хийц, армотурыг гаднаас аваад байдгаа больж, ийм бодлогод эрс шинэчлэл хийх юм.

-Төмөр бүтээгдэхүүний жилийн хэрэглээ ямархуу байгаа вэ?

-Одоогоор 300 орчим мянган тонн байна. Ойрын жилүүдэд энэ тоо хоёр, гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа. Эдийн засгийн тэсрэлт, хуртай хөгжил ирж байна. 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гэж их ярилаа. Ер нь нийт барилгын салбарт төмөрлөгийн хэрэглээ нь тавь орчим хувийг эзэлж байгаа юм. Үүнийг дотоодоос хангахгүй бол олж байгаа хамаг орлогоо гадагш алдаад дуусна. Энэ нь өнөөх валютын ханш гээд бүх л юманд нөлөөлнө.

-Монгол гангийн үйлдвэрлэл яг хэзээ анхныхаа бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлэх вэ?

-Одоогийн төлөвлөж байгаагаар явах юм бол гурав, дөрвөн жилийн дараа бид Монгол гангаа нийлүүлж эхлэх байх. Ажлын хэсгийхэн төмөрлөгийн үйлдвэрлэлд ямар ямар ордуудаа ашиглах, дэд бүтцийг нь яаж шийдэх, ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах гэх мэтийг бүгдийг багтаасан иж бүрэн асуудлыг шийднэ. Одоогоор энэ бүхний талаар нарийн тоо баримт ярих боломж муутай байна.

Ярилцсан: Б.Отгонбаяр

logozal

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …