Төрийн өмчийн сургуулиуд жил бүр төлбөрөө нэмдэг. Оюутнууд, эцэг эхчүүд үндэслэлгүйгээр үнээ нэмлээ гэж эсэргүүцдэг боловч хэлснээр нь төлбөрөө тушаадаг. Харин сургуулийн удирдлагуудын зүгээс “сургалтын орчинг сайжруулж байна” гэх хариултыг өгдөг.
Гэвч өнгөрсөн долоо хоногт МУИС-ийн гуравдугаар байр буюу Хууль зүйн сургуулийн номын сангийн дүүжин тааз нурсны улмаас нэгдүгээр дамжааны нэг оюутан гэмтсэн хэрэг гарсан байна.
Уг хэргийн талаар сурвалжлахаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн номын санд очлоо. Биднийг очиход номын сан ажиллахгүй байлаа. Яагаад ажиллахгүй байгаа талаар оюутнуудаас тодруулахад “засвар хийж байгаа гэсэн шалтгаанаар гурван хоног ажиллаагүй” гэв.
Тиймээс болсон хэргийн талаар тус сургуулийн тэнхимийн эрхлэгч Б.Амарбаясгалангаас тодруулсан юм.
-Номын сангийн тааз нурж нэг оюутан бэртсэн байна. Ямар учраас дүүжин тааз нурсан юм бэ?
-Өнгөрсөн баасан гарагт номын сангийн дүүжин тааз унасны улмаас нэгдүгээр дамжааны нэг оюутан хөнгөн бэртэл авсан. Оюутанг номоо сонгох гээд зогсож байхад дээрээс нь дүүжин тааз уначихсан юм билээ. Ер нь сургуулийн байр их хуучирсан. Тиймээс хуучин таазны шавар дүүжин таазан дээр унасныг нь дийлэхгүй доошоо цөмөрч унасан болов уу гэж таамаглаж байгаа.
-Номын сандаа энэ жил засвар хийгээгүй юм уу?
-Хийсэн, манай сургууль жил болгон засвар хийдэг. Энэ жил номын сангаа шинэчилж оюутнууд өөрсдөө номоо сонгож авдаг болгосон юм.
-Бэртсэн оюутны биеийн байдал одоо хэр байгаа вэ?
-Оюутны биеийн байдал сайн байгаа. Бид хэд хоног эмнэлгээр авч явж үзүүлсэн. Тэгээд урьдчилсан шинжилгээний хариу хөнгөн бэртэл авсан гэж гарсан. Оюутан дүүжин тааз дээрээс нь унахад бултах гэж байгаад духаа дүүжин таазны ирмэг төмөрт бага зэрэг зүссэн. Тэрнээс өөр бэртэл аваагүй.
-Засвараа ямар барилгын компаниар хийлгэсэн юм бэ?
-Энэ жил засвараа хувь хүмүүсээр л хийлгэсэн хэмээн тэрбээр ярьсан.
Тэнхимийн эрхлэгчийн зөвшөөрөлтэйгөөр тааз нь нурсан номын санд орсон юм. Биднийг ороход тавиурын дээд хэсгийн хоёр эгнээ дүүжин тааз нурсан байдалтай цаад талын шавран тааз нь гарсан байсан юм. Тэнхимийн эрхлэгч хэлэхдээ “Манай сургууль хэдий төрийн өмчийн боловч төрөөс хуваарилсан мөнгө нь хаана ч хүрдэггүй. Тиймээс оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр сургуулийн засварын асуудлаа шийддэг” гэв. Сургуулийн удирдлагын зүгээс ийм хариулт өгсөн юм.
МХЕГ-ААС ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Тус сургуулийн номын сангийн тааз нурахад Монголын оюутны холбооны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал нөхцөл байдалтай нь очиж танилцсан байна. Түүнээс зарим зүйлийн талаар тодруулсан юм.
-Бэртсэн оюутны талаар та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?
-Завхан аймгаас ирж суралцаж байсан юм билээ. Энэ жил нэгдүгээр дамжаанд орсон оюутан гэхээс өөр мэдээлэл алга.
-Тухайн оюутан хэр гэмтсэн бэ. Тэр үед нь эмнэлгийн тусламж үзүүлсэн юм болов уу?
-Тухайн оюутан гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж байгаа. Бид өчигдөр очиж уулзсан. Биеийн байдал нь сайн байгаа.
-Нэг оюутан хичээлээ хийж байгаад эрүүл мэндээрээ хохирлоо. Энэ асуудал дахиж давтагдахгүй гэх баталгаагүй шүү дээ. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хичээлийн байр 1960 онд баригдсан. Хана, тааз нь энд тэндээ цуурсан дахиж нурахгүй гэх баталгаагүй. Тиймээс манай холбооны зүгээс энэхүү хичээлийн байранд МХЕГ-аас дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа.
Гэмтсэн оюутан н.Өнөржаргал одоогоор Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүнтэй утсаар холбогдож биеийн байдал нь хэр байгаа талаар тодруулсан юм. Тэрбээр “Миний бие сайн байгаа. Ном авах гээд зогсож байсан чинь гэнэт л дээрээс ямар нэгэн юм нураад ирсэн. Би ном нурчихлаа гэж бодсон чинь тааз нурсан юм билээ. Дүүжин таазны хажуу талын төмрөнд духаа жоохон зүссэн. Өөр гэмтэл аваагүй” гэлээ.
Н.Баасандэмбэрэл