Өдөр тутмын нэгэн сонинд “Адьшаагийн хонгор соёолон ба атаархуу монгол” гэсэн гарчигтэй нийтлэл бичигджээ. Агуулга нь энэ жилийн баяр наадмын хурдан соёлонгийн түрүү хонгор соёолонг наадмаар түрүүлээд ирэхэд нь хөлс авах гээд хортой тариа хийж “алсан” тухай бичжээ. Товчхондоо эл бичлэг ёсоор бол Хонгор соёолонгийн үхсэн нь тодорхой бөгөөд түүний үхэлд атаархуу зантай хэн нэгэн хөлс авах гэж байгаа мэтээр ойртон хортой тариа тарьсан болж таарах гээд байгаа юм. Тэгвэл бидэнд арай аар таамаглал байна. Эдүгээ наадамд уралдаж, айраг түрүү хүртсэн мориноос ямар нэгэн допинг энэ тэр гэсэн шинжилгээ авдаггүй. Тэгээд ч одоо төрийн наадамд цэвэр уяа сойлгыг нь тааруулан уралдуулна гэдэг ойлголт эргэлзээтэй болсон. Эдүгээ зөвхөн зарим сум багийн наадамд уяачид “ оригналь”-аар нь хурдан морины уяа сойлгийг тааруулж байж мэдэх юм.
Үндсэндээ хурдан морьдод овъёос идүүлэхээс эхлээд элдэв янзын шингэн, олон төрлийн хүчит тариа тарьдаг нь нууц биш болсон. Тэр бүү хэл морьд гарааны зурхай руу дөхөхөд унаач хүүхдүүд өврөөсөө шингэнтэй тариур гаргаж ирээд унаж яваа хурдан мориныхоо хүзүү рүү нь сурмаг гэгч нь тарьж байхыг харсан хүмүүс хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл хурдан морийг элдэв хүч оруулах допингийн шинж ихольцтой, асар хүчтэй эм тариагаар шахаж, тарьж уралдуулдаг гэсэн үг. Магадгүй төрийн наадамд морио түрүүлүүлж, нэр алдарт л хүрч байвал яах вэ, бусад нь хамаагүй гэсэн хомхой сэтгэлтэй зарим эзэд уралдуулсан мориндоо асар хүчтэй допингийн төрлийн тариа тарьсан нь хэдийгээр баяр наадамд амжилт үзүүлэхэд хүргэсэн боловч тухайн морьны эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулсан байж болох юм.
Эндээс л асуудлын гол нь хөвөрч байгаа. Монголчууд ажнай хүлэгээ хүндэлдэг, тэр тусмаа соёолон насны морьдын тоосонд орох нь лүндээ хийморийг сэргээдэг гэж үздэг ард түмэн. Ямар ч атаархуу зантай байлаа гэсэн монгол хүн төрийн наадмын түрүү соёлонг хорлохоор хортой тариа ханцуйлаад очиж тарьсан гэдэгт итгэхэд бэрх. Харин нөгөө таамаглалд итгэх нь арай илүү үнэнд дөхөх мэт.
Төрийн наадмын хурдан соёлоонгийн түрүү ажнай Ш.Адьшаагийн хонгор соёлон хорлогдов уу, эсвэл…
А.Тамир