Багануур дүүргийнхэн өнгөрсөн оны хаврын мод тарилтаар нийт 10.000 модыг “Аз жаргалын төгөл”-д, 4000 гаруй модыг гэр хорооллын айл өрхийн хашаанд нийтдээ 25.000 мод тарьжээ.
Тэд энэ жил ч мөн адил үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан “Нэг иргэн–Нэг мод” аяныг дүүргийн хэмжээнд маргаашнаас зохион байгуулах гэж байна.
Аяны хүрээнд мод тарьсан иргэн бүрт нэг модыг 1000 төгрөгөөр тооцож урамшуулал олгох бөгөөд урамшууллын мөнгийг Засаг даргын нөөц сангаас гаргахаар тогтжээ.
Багануур дүүргийнхэн модоо тарихын тулд нэгдсэн бодлого гарган мод тарих газруудын байршил, оролцох өрх, иргэдийн нэр хаягийн судалгааг хүртэл гаргасан байна. Маргаашнаас Багануурын өрхүүд схемийн дагуу хашаандаа мод тарих гэнэ.
Нийгмийн бүтээн байгуулалтанд зохион байгуулалттайгаар идэвх чармайлт гарган оролцож байгаа Багануур дүүргийнхэн иргэдийг маш зөв зохион байгуулж байгаа нь харагдаж байна. Тэдний энэ шинэ санаачлага үйл ажиллагаанаас нийслэлийн бусад дүүргүүд үлгэр авч ажиллах хэрэгтэй санагдлаа.
О.Рана