Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д. Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны дуу өчигдөр цацагдаж эхэллээ.
“Халуун зүрх” уран сайхны киноны дууны үгийг жүжигчин Д.Ганцэцэг бичиж , аяыг Жонон хамтлагийн Б. Цогбаяр зохиожээ.Харин киноны дууг “The Voice Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн дуулжээ.
“Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ.
Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар сард эхэлж, 2019 оны 2-р сарын 2-нд киноныхоо сүүлийн зураг авалтаа хийсэн юм.
“Халуун зүрх” уран сайхны киноны анхны нэр нь “Дэлхий тээсэн эмэгтэй” байжээ. Тэдний анхны бие даасан уран сайхны киноны гол дүрд МУСТА А.Ганчимэг, жүжигчин, найруулагч Б.Тамир, Т.Сэргэлэн,жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ.
“Халуун зүрх” уран сайхны кинонд жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нараас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар,МУАЖ П.Цэрэндагва нар урилгаар тогложээ.
Галтай цогтой, алаг нүдэн Ганаа, төлөв даруухан ч шинэ сэтгэлгээ, шинэ өнгө болсон жижиг Ганаа хоёрын “Халуун зүрх” хэрхэн өрнөхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.