Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг цэргийн албан хаагчаар бариулна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж тогтоол баталлаа. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилготой тогтоол. Энэ тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг өгөгдөж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлээ 247 км төмөр замын ажлыг эрчимжүүлнэ. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс дотоодын нөөц бололцоогоо дайчлан барихаар боллоо. Яагаад өөрийн хөрөнгөөр барихаар болсон гэхээр “Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүний 750 тэрбум төгрөгөөр “Монголын төмөр зам” компанийн бондыг худалдаж авах замаар төмөр зам тавих ажилд зарцуулахаар болж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Нэг ёсондоо бид цэргийнхээ хүчээр төмөр зам тавихаар боллоо. Нэг км төмөр замыг 3.2 сая ам.доллароор тавих саналыг “Дорнын зам” компаниас тавьж байсан.  Харин монголчууд өөрсдөө тавихад нэг км замд 1.2 сая ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штаб хэд хэдэн жил судалгаа хийсэн. 1800 цэргийн албан хаагч, 450 техник хэрэгсэл шаардлагатай. Мөнгөнийх нь асуудал шийдэгдмэгц ирэх тавдугаар сарын эхнээс ажлаа эхлүүлнэ. Цэргийн ангиуд өнөө маргаашгүй зохион байгуулалтад орох байх. Таван рот тус бүр 30 км хариуцаж ажиллахаар төлөвлөж байгаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг мөн ирэх тавдугаар сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар нэг тонн нүүрсийг найман ам.доллароор тээвэрлэдэг болно. Одоо бол 32 ам.доллароор тээвэрлэж байгаа. Жилд төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бүрдэнэ. Мөн хажуугаар нь авто замаар энэ хэмжээний нүүрс тээвэрлэх боломжтой. Энэ замыг “Тавантолгой төмөр зам” компани туслан гүйцэтгэгч авч ажиллуулах зарчмаар барина. Тус замын тухайд БНХАУ-ын төмөр замтай нийлэх цэг зөрсөн. Энэ асуудлаа шийдэж чадвал 2020 онд ашиглалтад оруулна. Яриа хэлэлцээ хийхэд тодорхой хугацаа зарцуулахаар болбол 2021 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …