Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн сүүлийн үед хийж байгаа гол ажлуудын талаар тайлагналаа. Үүнд, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний сүлжээ дэлгүүр, супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай байдагтай холбоотойгоор хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супер маркетуудад хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар зарим дэлгүүрүүдэд кассын үнэ лангууны үнэ зөрсөн зөрчил илэрсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн барааг сонгон авч үзэхэд 18, “Замбала” дэлгүүрээс 23 нэрийн бараа сонгосноос 9, “Миний дэлгүүр” супермаркетаас 18 нэрийн бараа сонгоход 8 нь үнийн зөрүүтэй байсан байна. Тиймээс зөрүүтэй үнэ тавьж хэрэглэгчдийг хуурч байсан дээрх нэр бүхий компаниудад Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 10 хүртэлх сая төгрөгөөр торгосон байна. Хэрвээ энэ зөрчил дахин давтагдах юм бол тусгай зөвшөөрлийг хураан, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг ШӨХТГ-аас энэ үеэр мэдэгдлээ.
ийгл.мн