Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүрэгт зохион байгууллаа

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайх Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.


Тус тэмцээнийг нээж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирал, анагаах ухааны доктор Л.Хэнтий, НЭМТ-ийн дарга Л.Байгал нар амжилт хүсч үг хэллээ.Хүүхэд, Өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлийн бууруулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилго бүхий тус тэмцээнд 8 сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлдсөн юм.
Тус тэмцээнийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулсан бөгөөд нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн хамт олон, эмч нар багаараа ирж ажилласан юм. Багийн дүнгээр шалгаруулснаас гадна оролцогчид дундаас Шилдэг 3 сурагч тодруулж, 18 нас хүртэл Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөр очер дараалалгүй, үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхээр шагнаж, тэмцээнд оролцсон хүүхэд бүрт Батламж, гарын бэлэг гардууллаа.


Тэмцээний шалгарсан баг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болох хоёрдугаар шатанд оролцож, түрүүлсэн баг Тайвань улсад болох Тайвань Монголын хамтарсан “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Дашрамд дурдахад шүд нь яс, мөгөөрс, булчин, шөрмөс, цус, мэдрэл агуулсан бие даасан эрхтэн юм. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх, бөөр өвчлүүлдэг байна.
Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байна. Мөн иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс хүүхдэд багаас нь зөв дадал хэвшүүлэх зорилгоор энэ тэмцээн улсын хэмжээнд анх удаа Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …