Манай сонин 2013 оны аравдугаар сарын 11-ний №199 дугаартаа «Хятад эр юуны учир охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдийн зургийг нууцаар авч байна вэ» гэсэн нийтлэл гаргаж байсан. Тэгвэл манай мэдээллийн мөрөөр ГИХАЭГ-аас дээрх хятад иргэдийн бичиг баримтыг шалгаж нутаг руу нь буцаахаар болсон мэдээг дуулгахад таатай байна.
Учир нь эл үйл явдлын улмаас Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших «Дөлгөөн нуур» төвийн ард байрлалтай 62 дугаар байрны оршин суугчид хоёр сарын өмнөөс айдас, хүйдэстэй өдөр хоногийг өнгөрөөх болсон юм.
Тус байрны оршин суугчдын зүгээс гуравдугаар давхрын 78 тоотод үл таних хятад эр өдөр, шөнийг ялгалгүй цонхоо битүүлж гадаа тоглож байгаа хүүхдүүд болон охид, хүүхнүүдийн зургийг нууцаар авдаг болсон тухай гомдоллох болсон. Тэгвэл уг тоотод 27-58 насны БНХАУ-ын гурван иргэн амьдардаг болох нь тогтоогдсон байна.
Тодруулбал Хятад улсын иргэн 58 настай Ян Гуан Ли, 27 настай Гү Хай Боа, 57 настай Лью Зон Ю нар амьдардаг байжээ. Харин дээрх нэр бүхий хятад иргэд энэ оны тавдугаар сараас эхлэн тус тоотод амьдарч байгаа бөгөөд манай улсад 2014 оны арванхоёрдугаар cap хүртэл ажиллах гэрээтэй ирсэн аж.
Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хууль хяналтынхан шалгахад «Бид ямарч зураг дараагүй, иргэд буруу ойлгосон» гэх утгатай зүйлийг хэлжээ. Гэвч оршин суугчдын зүгээс хоёр cap гаруйн хугацааны өмнөөс ихэвчлэн охид эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн зургийг нууцаар дарж байгаа нь ажиглагдсан талаар гомдоллосон хэвээр байгаа юм.
Тиймээс бид «BCEGMN» буюу Бээжингийн барилга угсралтын Монгол дахь компанийн дарга Ван Ян Биотой уулзаж дараах тайлбарыг авлаа. Харин эл хэргийн улмаас дээрх нэр бүхий гурван хятад тус байрны 78 тоотод амьдрахаа больжээ.
Ван Ян Био: Бид хамаагүй хүнд хаалгаа тайлж өгдөггүй
-Танай ажилчид «Дөлгөөн нуур» төвийн ард байрлах 62 дугаар байрны 78 тоотод амьдардаг юм байна?
-Тийм ээ.
-Яг ямар хүмүүс амьдардаг юм бэ?
-Дандаа инженерүүд байдаг.
-Инженерүүд гэхээр нэлээд олон хүн амьдардаг юм аа даа?
-Гурван ажилчин маань амьдардаг.
-Бүгд БНХАУ-ын иргэд үү?
-Тийм ээ, гурвуулаа хятад иргэн.
-Манай улсад ямар зорилгоор орж ирсэн юм бэ?
-«Улаанбаатар хотын долоо, 14 дүгээр хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл»-ийн хүрээнд ажиллахаар ирсэн инженерүүд юм. Түүнээс ямар нэгэн өөр зорилго агуулж ирээгүй.
-Тэгвэл тэд яагаад охид хүүхнүүд болон бага насны хүүхдүүдийн зургийг нууцаар авдаг байв?
-Би тэр гуравтай уулзаж тодруулсан л даа. Надад албан ёсоор огт тийм зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Эндэхийн оршин суугчид л буруугаар ойлгосон юм шиг байна лээ.
-Гэхдээ оршин суугчид огт үндэслэлгүй зүйл ярихгүй шүү дээ. Тэгээд ч охид хүүхнүүд, бага насны хүүхдийн зургийг дарсан байхыг харсан хүн хүртэл байна?
-Яг нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ цонхны тагтан дээр суусан шувуу, гаднах орчингийн зургийг дарсаныг иргэд өөрсдийнхөө зургийг авсан гэж буруу ойлгосон байж магадгүй.
-Тийм л юм бол өдөр, шөнөгүй цонхоо битүүлдэг нь ямар учиртай юм. Бас хэнд ч хаалгаа тайлж өгдөггүй нь сонин санагдаж байна?
-Янз бүрийн хүмүүст хаалгаа онгойлгосон ч хэл нэвтрэлцэхгүй. Улмаар хоорондоо буруу ойлголцох явдал их гардаг. Тэр үүднээс хамаагүй хүнд хаалгаа битгий тайлж өгөөрэй гэж хэлсэн байсан.
Бид өглөөнөөс орой хүртэл барилга дээр ажилладаг. Тиймээс хөшгөө нээлттэй орхидоггүй юм. Ганцхан 78 тоот биш, манай бүх ажилчдын амьдарч байгаа байрны хөшиг хаалттай
-Одоогоор 78 тоот эзэнгүй байгаа гэсэн үнэн үү?
-Өнгөрсөн амралтын өдөр цонхыг нь хагалсан. Тиймээс гэнэтийн аюулаас болгоомжилж «Та нар энд амьдрах хэрэггүй» гээд өөр газар аваачсан байгаа. 78 тоот байранд хэн ч амьдрахгүй, эзэнгүй байгаа нь үнэн.
Хууль хяналтыхан тэднийг нутаг буцаахаар болжээ
Ямартай ч хууль хяналтынхан тус газрыг шалгаж шаардлагатай арга хэмжээг авчээ. Улмаар эл мэдээллийн мөрөөр «BCEGMN» болох Бээжингийн барилга угсралтын Монгол дахь ХХК нь БНХАУ-ын 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй «Улаанбаатар хотын долоо, 14 дүгээр хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл»-ийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.
Харин тус компанийн зүгээс Ян Гуан Ли, Гү Хай Боа, Лью Зон Ю нарыг компанийнхаа бүртгэлээс хасах хүсэлтийг ГИХАЭГ-т тавьж, нутаг буцаахаар болжээ.