Монголын сэтгүүл зүй Х.Мандахбаярын “шавхайтай гутлын өлмийг долоон сөгдлөө”

Сүүлийн хоёр өдөр сошиалаар дэгдсэн нэгэн асуудал олны анхааралд ороод байна. Тэр нь ТВ-8 телевизийн эфирийг “MNBC” олон сувгийн телевизийн зүгээс хууль бусаар хаалаа гэх асуудал юм. Үүнээс болж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын үндсэн араншин, далд нуугдаж байсан эвгүй зан чанарууд тодорч гарлаа. Болсон явдлыг цөөн үгээр тоочихыг оролдьё.

ТВ-8 телевизийн сэтгүүлчид бургас сүйтгэсэн үйл явдлыг мэдээлжээ. Тэр нэвтрүүлэг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний орой цацагдсан байна. Гэтэл нөгөөдөр нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 26-нд ТВ-8 телевизийн эфир MNBC олон сувгийн телевизээр цацагдахаа больжээ. Ингээд асуудал үүсч, бичиг цаас нааш, цааш шидэлцэж эхэлсэн хэдий ч ойлголцолд хүрч MNBC олон сувгийн телевизийн шатсан энкодерийг иртэл асуудал түр намжсан бололтой.

Энэ хооронд MNBC олон сувгийн телевизийн удирдлагууд шинээр тоног төхөөрөмж захиалсан бөгөөд тэр шатсан энкодер төхөөрөмжийг ахиж үйлдвэрлэх боломжгүй тул арай өөр, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж угсруулахаар харилцан тохиролцжээ. Энэ үйл явцын дундуур ТВ-8 телевиз зарагдаж, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр худалдаж авсан байна.

Х.Мандахбаяр ТВ-8 телевизийг захиран зарцуулах эрхтэй болж авмагцаа энэ асуудлыг барьж авсан бөгөөд энэ нь ямархуу янзын хандлагаар илэрч гарсан нь хамгийн том асуудал болж хувираад байгааг бид харсан.

Х.Мандахбаярын утасны яриa

Жирийн нэг Дорж, Дулмаа хоёр хэрэлдэж, маргалдаж байгаа биш шүү дээ. Олны танил хүн, дээрээс нь Монгол Улсын бүх сэтгүүлчдийг нэгтгэх том үүрэг хүлээсэн тийм хүнээс гарамгүй авир гаргасан нь өөрөө маш том ичгүүр болон хувираад байгаа юм. Энэ нь угтаа Х.Мандахбаярын хувийн асуудал байх ёстой.

Асуудлыг чимээ аниргүй шийдэж болох л байсан байх. Гэвч тэрбээр хамгийн түрүүнд “Хохь чинь шүү. Та нар намайг оролдоод хэрэггүй шүү” гэсэн хандлагыг өмнөө тавьсан нь өдгөө хамгийн том ичгүүр болон хувирчихаад байгаагаа одоо ч ойлгохгүй яваад байгаа юм байна. Ёс зүйн талаар жижигхэн ч гэсэн ойлголттой хүн бол асуудлыг энэ хүртэл өрдөхгүй байх байсан. Гэвч тэрбээр тэгсэнгүй. “Надаар оролдвол ингэдэг юм” хэмээн сүрийг үзүүлэхийг оролдсон боловч хальтарч унаад хүзүүгээ хүртэл шаварт шигдэж орхилоо.

Одоо энэ шавраас нэг хэсэгтээ гарахгүй. Нөгөө тал нь ч гаргахыг хүсэхгүй байдал руу оруулчихлаа. Улам л доош нь чихэхийг оролдоно. Юм үзээгүй хүн гэнэт юмтай болохоороо толгой нь эргэж бяр нь амтагдсан хэрэг биз хэмээн харагдаж байна. Хамгийн жигшүүртэй, хамгийн муухай нэг үйлдэл нь “ӨӨРӨӨ ШАВРААС ГАРАХЫН ТУЛД САЯХАН ХУДАЛДАЖ АВСАН ТЕЛЕВИЗИЙНХЭЭ СЭТГҮҮЛЧДИЙГ ШАВАР ЛУУ ТАТАН ОРУУЛЖ БАЙГАА НЬ” хамгийн лойчихсон хэрэг болоод байна.

Өмнө нь баримт нотолгоо ярьдаг байсан ТВ-8 телевиз өнөөдөр ямар ч баримтгүй нэвтрүүлгийг шинэ захирлынхаа ааш, аягт тааруулан хийх гэж үйлээ үзэж, үсээ үгтээж сууна.
Тэр мэдээллүүдийг бэлтгэж байгаа сэтгүүлч-анкоруудад ямар ч итгэл үнэмшил алга. Ядаж л MNBC телевизийн удардлагатай очоод ярилцлага хийж, баримт нотолгоогоо үзүүлэхийг шаардчих тийм хоншоортой сэтгүүлч алга гэж үү? Ингэтлээ лойчихсон сэтгүүлчидтэй телевиз билүү тэр ТВ-8 ???

Бас давхар “Зиндаа” хэмээх гоё нэртэй вэбсайтаа хөлдөө чирч , шавхайгаар будаж эхэллээ. Сайтын бүх ажилтнууд нь захирлынхаа тушаалаар хар мэдээллүүдийг нь эр, эм, хөгшин, залуугүй хувийнхаа хаягнаас шейрлэн түгээж эхэллээ. Тэдгээр сэтгүүлчдийн хэн нь ч MNBC олон сувгийн телевизийн ажилтнуудаас очоод яриа авчих эрх мэдэл байхгүй. Уг нь бүх зүйл боломжтой.

Учир нь Х.Мандахбаярын “Зиндаа” сайт, сэтгүүлийн хамт олон MNBC олон сувгийн телевизийн байранд гурван жил шахам байрлаж ажилласан хүмүүс шүү дээ. Хамтдаа нэг шатаар өгсөж, хамтдаа нэг зааланд хооллож, хамтдаа спортын тэмцээн уралдаан зохиож байсан найрсаг сайхан харилцаатай хүмүүс. Тэр ч бүү хэл тэдний дундаас хайрлаж, дурлаж байсан хүмүүс ч бий.

Тэдний хэн нь ч MNBC-ийн ямар ч ажилтантай ил, далд уулзах нүүртэй хүмүүс. Хэн нь ч гэсэн болсон явдлыг яг үнэнээр нь ярьж хэлээд өгөх боломжтой. Гэвч тийм замыг Х.Мандахбаяр сонгохыг зөвшөөрөхгүй. Хэрвээ Зиндаагийн нэг ажилтан ийм алхам хийвэл ажлаасаа халагдаж мэднэ… Ийнхүү Монголын сэтгүүл зүй Х.Мандахбаярын “шавхайтай гутлын өлмийг долоон сөгдлөө”.

Үүнээс цааш нурших хэрэггүй биз. Хамгийн гол нь ТВ-8 телевиз Х.Мандахбаярын “хар технологи” руу татагдан орсон нь хамгийн эхний том эмгэнэл болов. Тэднээс ядаж ганц ч гэсэн сэтгүүлч баримт нотолгоо гэж дуугарсангүй, ганц ч гэсэн редактор сэтгүүл зүйн зарчмыг дагахыг оролдсонгүй… МСНЭ-ийн Ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаяр худалдан авсан телевизийнхээ хамт олныг ердөө сарын дотор “шавхайд хутгаж” орхилоо. Гурван жил зүтгэж босгосон “Зиндаа” сайтынхаа ажилтнуудыг хэрүүлийн хар бузар луу татан орууллаа. Энэ л хамгийн том гутамшиг. Энэ л хамгийн том эмгэнэл.

Х.Мандахбаяр та ийм юм хийчихээд толгойлдог сэтгүүлчдийнхээ өмнө ямар үг хэлэх хүн бэ?

Undesten.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …