Энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Өчигдрийн хуралдаан ширүүхэн болж Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэлд өртөн, тэдний хувьд тун хүнд өдөр өнгөрөх шиг болов.
УИХ-ын гишүүн М.Энхболдын “Цементийн үнэ нэмэгдсэн, хөрөнгө оруулалт, орлого тасалдсанд хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн асуулт Ерөнхий сайдыг хөөрхөн сандаргаж “Цементийн үнэн дээр өнгөрсөн таван сар дэвшилтэй байсан. Бүтэн таван сар үнэ нь тогтвортой байж байгаад сүүлийн нэг сард өөрчлөлт орчихлоо.
Цаашдаа бид хөтөлбөрт хамрагдаж, үнэ бууруулна гэж орчихоод авсан мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан байгааг ил тод зарлана. Цементийн үнийг тогворжуулна гэж хөтөлбөрт хамрагдсан компаниудыг шалгах ажлын хэсэг гаргасан” хэмээх тайлбарыг хийнэ лээ.
Жилийн хоёр сая тоннын хэрэглээ рүү ойртож яваа цемент яах аргагүй стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн болчихоод байгаа. Монгол Улс хөгжиж дэвшье л гэвэл зам, барилга, дэд бүтцийн салбарт хувьсгал хийх учиртай.
Гэтэл энэ бүх бүтээн байгуулалтыг хөдөлгөгч хүч нь болсон цементээр хэрэгцээгээ хангах нь байтугай өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрэлтийн өмнө өвдөг сөхөрч, үнэ ханш нь байнга өссөөр байгаа.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэжээ.
Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарыг тодорхой заачихсан байна. Эрдэс баялаг гэдэгт шохой, гөлтгөнө гээд цементийн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд орсон байдаг. Гэтэл цементийн үйлдвэрлэлийг дээрх хуульд тусгайлан оруулж заагаагүй нь өнөөдөр биднийг эрсдэлд оруулж болзошгүй аюулд хүргэхэд ойрхон болжээ.
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай төрийн эзэмшлийн цементийн үйлдвэр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж хэзээ мөдгүй хаалгаа нээх гэж байна.
Эндээс харахад урд хөршийнхөн манай хуулийн цоорхойг ашиглан цементийн үйлдвэрээ Монголд барьж үеийн үед хараат байлгах гэсэн далд санаагаа хэрэгжүүлэх гэж байна гэхэд хатуудсан болохгүй. Тус үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгчид 2009 онд шавыг тавьж, тууз хайчлан ёсолцгоож байж.
Тухайн үед гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр баригдах гэж байгаад дотоодын үйлдвэрлэгчид болон зарим эдийн засагчид, холбогдох төрийн бус байгууллагууд эсэргүүцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлж, хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн энэ талаар дуу хоолойгоо хүргэж байсан. Түүнээс хойш цаг хугацаа Монголчуудад боломж олгож, хуулийн цоорхойгоо “нөхөх” боломжийг олгосон ч эрх баригчид хүний урманд анзаарч үзээгүйн балгаар Сэргэлэнгийн цементийн үйлдвэр хэзээ мөдгүй ашиглалтад орох гэж байна. Уг нь шинэчлэлийн Засгийн газрын гишүүд барилгын материалын үйлдвэрлэл тэр дундаа дотоодын цемент үйлдвэрлэгчдээ дэмжих байр суурьтай байгаа энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалттай Цементийн үйлдвэрийг эх орондоо барих ямар ч хэрэггүй баймаар.
Харин бид дээрх хуулийн цоорхойг бусдад ашиглуулахгүйн тулд цементийн үйлдвэрлэл, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хуульчилж нэмэлт, тодотголыг цаг алдалгүй хийх хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүд улсын төсвөө баталж чадахгүй мунгинацгааж байх хооронд хятадын төрийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн баянгал” нэртэй цементийн үйлдвэрийн орчимд хөл хөдөлгөөн нэмэгдэж хэзээ мөдгүй тууз хайчлах нь дөхөж байна.
Төслийн анхны хэрэгжүүлэгч нь өөрчлөгдөж, Бүх хятадын цементийн нэгдсэн холбоо буюу тус улсын төрийн өмчит компани төслийг хэрэгжүүлж байгаа нь яваандаа монголыг цементээр боомилох гэсэн урд хөршийнхний том бодлого гэж хардахаас өөр аргагүй юм. Хятадууд ашиг хардаггүй, харин бодлого барьж явдаг айхтар улс. Үүнийг гэрчлэх түүхэн сургамж бидэнд бий. 1990-ээд оноос манай ХАА-н салбар тэр дундаа ноос, ноолуур, арьс ширний дотоодын үйлдвэрлэлийг хятадууд бодлогоор дампууруулсан гашуун түүхийн балаг одоо ч арилаагүй байгаа.
Гэтэл бид өнгөрснөөс сургамж авсангүй ээ. Хятадын 100 хувийн төрийн мэдлийн Цементийн үйлдвэрийг Монголд байгуулах нь хөгжлийн суурь салбар болох цементийн үйлдвэрлэлийг Хятад улс өөрийн хяналтандаа байлгах, үндэсний компаниудыг сөхрүүлэх бодлого барьж байгаагийн хамгийн тодорхой нотолгоо юм.
Тиймээс оройтоогүй дээрээ бодлого боловсруулагчид эрчим хүч, ган төмөрлөг, цементийн үйлдвэрлэлийн салбарыг стратегийн ач холбогдол бүхий салбарт нэн даруй оруулж, хуульчлах нь Монголын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, бататгах чухал алхам болохыг эрхэм төрийн түшээд болгоож л суугаа гэж найднам.
Д.Энхтүвшин