УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын даргад Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн тогтоолын төсөл өргөн барьлаа. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ тогтоолын төслийг өргөн барьсан учир шалтгааныг манай олон нийт ойлгож байгаа байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөл хэлэлцүүлэгийн явцад Ардчилсан намын зарчмын байр суурийг илэрхийлсэн саналуудыг УИХ дээр хүлээж авалгүй унагаасан. Бид анх зарчмын байр сууриа илэрхийлэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө Ардчилсан нийгмийнхээ төлөв байдлыг төлөвшүүлэх, Үндсэн хуулиа улам сайжруулах, Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 27 жилийн хугацаанд гарч байгаа алдаан дээрээ сургамж авч, үүнийгээ засаж сайжруулах чиглэлээр зарчмын гурван том байр суурийг илэрхийлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнд:
Нэгдүгээрт: Хэрвээ бид нар үнэхээр энэ Парламентын засаглалтай сонгодог парламенттай улс орон болж байгаа нь үнэн юм бол Ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог байх нь бүх Олон улсын жишиг рүү орох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Хоёрдугаарт: Одоогийн Парламентыг тогтвортой бодлоготой байлгая гэвэл улс төрийн намыг төлөвшил, хариуцлага зайлшгүй шаардлагатай. Ингэснээр улс төрийн намууд энэ төлөвшлийг дагаж, УИХ өөрөө бодлогын байгууллага болж, зөв зам руугаа орно гэж бид үзэж, сонгуулийн тогтолцоон дээр байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Харамсалтай энэ зарчмын гол байр суурь болох эдгээр саналуудыг хүлээж авалгүй чуулган дээр уналаа. Тиймээс Ардчилсан намын зөвлөл цаашид энэ чуулганы хэлэлцүүлэгт оролцох боломжгүй байна гэдгээ илэрхийлж байна. Өнөөдрийн хамгийн гол яригдаж байгаа шалтгаан нь цаашдаа энэ хэлэлцүүлэг зөв явж өрнөхүү үгүй юу гэдэг нь бидний анхаарлын төвд байгаа. Ялангуяа сүүлийн үеийн хэлэлцүүлгийг харахад санал олон удаа буцах, эрх баригчид хоорондоо үл ойлголцох, өөрсдөө асуудлаа унагаах явдал бол их гарч байна. Энэ бүхэн харин Ардчилсан намтай огт хамаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.
Харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал дээр зөвшилцлийн явцад санал нэгдэж байсан учир Ардчилсан намын зөвлөлийн даргын хувьд дэмжсэн. Харин Засгийн газрын гишүүнийг давхар дээлтэй байлгах, Засгийн газрын гишүүдийг ерөнхий сайд нь томилох зэрэг нь бидний тавьсан байр суурьтай ижил байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Үүн дээр Ардчилсан нам оролцсонгүй, санал өгсөнгүй гэсэнтэй бид санал нийлэхгүй байна. Ялангуяа давхар дээлтэй байх асуудал дээр бид анхныхаа байр суурийг Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсэгт тодорхой байр сууриа илэрхийлсэн байгаа. Хэрэв бид хуралдааныг орхиод хэлэлцүүлэгт суухгүй байгааг далимдуулан сөрөг улс төр хийж яавч болохгүй. Бид парламентыг эрүүл байлгахын төлөө цаашдаа төлөвшил нь зөв байхын төлөө, Монгол улсын ирээдүйн хөгжлийг 20,30 жилийн цаадахыг харж ажиллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж ирсэн боловч, харамсалтай нь энэ дүр зураг харагдахаа больсон байна. Тиймээс бид хэлэлцүүлэгээс гарч байгаа гэдгээ уламжилж байна. Одоо зөв бурууг шүүх ганцхан зүйл үлдсэн нь ард түмэн. Тиймээс учраас ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьлаа” гэсэн юм.
Бид цаашдаа хэлэлцүүлэгт оролцохгүй
Хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа
-Цаашдаа хэлэлцүүлгийн явцад чуулганы хуралдаанд оролцохгүй гэж ойлгож болох уу?
-Тиймээ, бид цаашдаа хэлэлцүүлэгт оролцохгүй.
-Хэлэлцүүлэгт орохгүй байснаар тодорхой үр дүн гарахгүй. Тиймээс сөрөг хүчний хувьд, УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ороод шаардлагаа тавиад явах нь сөрөг хүчний гол хийх ёстой ажил юм бишүү?
-Бид өнөөдрийг хүртэл зөвшилцөлд оролцож, шаардлагаа тавиад явсан. Анх УИХ-ын даргад ард нийтийн санал асуулга явуулах хүсэлтийг хүргүүлэхэд хэлэлцүүлэгт оролцоод саналаа өгөөд яваачээ гэсэн УИХ-ын даргын хүсэлт бидэнд бий. Тиймээс манай гишүүд өөрсдийн байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд явсан. Харамсалтай бид дэндүү цөөхүүлээ байна. Бидний гаргасан зарчмын саналыг бүгдийг нь унагаж байгаа учраас бид цаашид оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж байна.
Н.Алт