Манай сайтын зүгээс амралтын өдрүүдэд уншигчиддаа зориулан монголын уламжлалт арга ухаан, хүмүүнийг засах сургаалыг тусгасан оюуны бүтээлүүдээс цувралаар хүргэж байхаар боллоо. Эхний удаад Чингис хааны билэг сургаалын дээжийг агуулсан “Оюцнтүлхүүр” нэрт шаштирас хүргэж байна. “Оюунтүлхүүр”-ийн сургаалиуд нь хүний төр ёс, хууль цаазыг дагахуй, амьдрахуйн явдал, сайн муугийн ялгааг илэрхийлсэн, хүмүүний хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэхүйц, өдгөө ч үнэ цэнэ, утга асуулгаа үл алдахуйц шаштир юм.
“Оюун түлхүүр” нэрт судар оршвой
Дээд лам гурван эрдэнэд итгэмүй
Эртний богд Чингисийн зохиосон шаштирыг өчүүхэн сануулахын учир
Эзэн хаадтан, олныг хураая гэвэл өглөгөө өг
Осолдолгүй явья гэвэл түшмэдээ өргө
Агуу хүчнээ нэгтгэе гэвэл цэргээ асар
Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ
Өдөр болсон явдлыг шөнө шүүхтүн
Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун
Олны дотор үгээ бэхэл
Ганцаар суухуйд сэтгэлээ шинжил
Олон хүн лүгээ найран зохилдож
Авах гээхийн ялгалыг шинжлэн мэд
Их багын санааг асууж нэгтгэн
Егүүтгэлгүй сэтгэлийн угаас барьж
Шашин амьтны тусын тулд шамдан
Хамаг амьтныг ганц хөвүүн мсэт асарч
Эцэг мэтсургаж, эх мэт тэжээ
Засаг цаазыг номын ёсоор барьж
Олон амьтныг жаргаланд зохиож
Төрөл төрөгсөдөө энх амарт хүргэгтүн.
Үзтэл үнэнээр явагчдыг
Үргэлж өргөж тэжээгтүн
Үнэхээр гэмт хүнийг гэсгээ
Хатан, хөвүүн, албат нарыг адил сурга
Хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт
Хичээн бүтээж явбаас
Төрийн бамбай, дайсны хуяг адил
Ер бусын амрыг үл харан
Бусдын үйлнээс үл уйдан явбаас
Дээдсийн явдалд ойр гэх
Асрахын урьд айлгах
Албаттайгаа атаа тэмцэх
Ах дүүтэйгээ хэрүүл үүсгэх
Дэмий холын хүнтэй харилцан эвдрэх
Дэргэдэх хүнийг дэнсэлгэн зовоох
Төрөл төрөгсдөө үл амруулах
Төр цаазнаас үл айх
Муу хүний үгэнд орох
Сайн хүний үгийг үл итгэх
Ширүүн үгээр дайсныг хураах
Хорт сэтгэлээр хамгийг хашруулах тэргүүтнийг тэвчтүгэй
Тойн хүний хамаг эрдмийн дотор
Нийгүүлсэхүй сэтгэл нэн эрхэм
Хаанхүний гучин таван эрдмийн дотор
Хайрлах сэтгэл нэн эрхэм
Хатан хүний арван таван эрдмийн дотор
Сайхан ааль нэн эрхэм
Түшмэл хүний есөн эрдмийн дотор
Түвшин сэтгэл нэн эрхэм
Дотроо нигүүлсэхүй сэтгэл үгүй болвоос
Тоолшгүй эрдэмтэй боловч тун тус үгүй
Хаан хүн хамаг эрдмийг төгсөвч
Хайрлах сэтгэл үгүй болвоос
Хамагт аргагүй хөнгөн болмуй
Хатан хүн хамаг сайхныг төгсөвч
Ааль муутай болвоос
Харин төрхөмдөө буцаж буг болмуй
Түшмэд хүн есөн эрдмийг төгсөвч
Түвшин сэтгэл үгүй болвоос
Хорт чоно мэт жигшигдэхүйн тул
Төв сэтгэлийн эеийг хичээ.
Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд дагах
Барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэд дагах
Ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах
Чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэд дагах тул
Хамаг зовлон үүдмүй
Ер хүн сайн сайхан үнэн үг
Шударга явдлыг хичээн сурахтун
Өндөр их заяатныг үзэн ядваас
Өөрийн амны хишиг зайлах
Өнчин хүний жаргалыг хөнөөвөөс
Өөрийн хишиг эвдрэх
Үнэн тус хүрэгчдийг муулваас тэнгэрт үл таалах
Үзтэл муулсан хүнийг аргадваас үйл үл бүтэх
Үзмэгц яаран бү магт
Түргэн зуурт ханилсан нөхрөө яаран бүү уурла
Үргэлж ханьсан тэнсэн мэт
Нэгэнт учирсан хойно яаран бүү цуцар
Итгэсэн хойноо үгээ бүү нуу
Итгэл үгүй хүнээс ямагт зүрхэний үгээ нуу
Муу хүний үгэн бүү ор
Эм хүний үгийг бүү дага
Хөвүүн ба боолоор бүү мэдүүл
Хартай хүн лүгээ бүү зөвлө
Олон хүний зөвшснийг бүү эвд
Хилэнцэт үйлд бүү шуна
Буянт үйлд бүү саад хий
Үнэхээр зүтгэсэн ардын урмыг
Өчүүхэн зүйлд бүү шантал
Үзмэгц яаран магтаад
Учралдан ханилж гайхуулаад
Удалгүй хэрэлдэн салаад
Даруй буцаж инээдэм наадам хийн явагч хүн
Үзтэл муу ард мөний тул
Үтэр түүнээс зайл.
Дээрэнгүй омог сэтгэлийг барьж
Дэмийн муу биеэ гайруулаад
Дээдсийн ёсоор загнагч
Танхай ард ичих мэт
Түүнээс түргэн зайл
Хилэн ихтийг номоор тэтгэ
Төрөл төрснөө тэтгэж явбаас
Бөх их хүчтэй болох
Төр ёсыг төв шударга дагаж явбаас
Хүнд их нэртэй болох
Төв ихсийн журмыг дагаж явбаас
Түмний эхлэл болох
Түүнийг үүнийг ялгалгүй асарваас
Олон нөхөдтэй болох
Холын хүнд өршөөл тус хүргэвээс
Алдар нэр дуурсгамуй
Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс
Эв эе бүтээд хүчин нэммүй… /Үргэлжлэл бий…/