Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 23. Буд гараг. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн.
Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.