Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас боловсруулжээ.
Энэхүү зөвлөмжийн зорилго нь коронавируст (COVID-19) халдварын голомтот бүс нутгаас ирсэн зорчигчдыг галт тэрэг, автобусаар тээвэрлэх үед зорчигчид, жолооч, галт тэрэгний ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаачдыг халдварт өртөхөөс сэргийлнэ.
НЭГ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД:
1.1. Ажилтнуудыг 3 ээлжийн хамгаалах хувцас хэрэгслийн иж бүрдэл, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч, биеийн халуун хэмжигч, халдваргүйжүүлэх уусмал, автомакс, хог хаягдлын шар уут, цэвэрлэгээний хэрэгсэл зэргээр хангах
1.2. Яаралтай тусламжийн эм тариа, эмнэлгийн хэрэгслийг багц бэлтгэх
1.3. Зорчигчдын амны хаалтыг 2 цаг тутамд солих нөөцтэй байх
1.4. Зорчигчдын биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн амны хаалтыг сольж зүүлгэн суулгах
1.5. Зорчигчдыг бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүн хооронд 1-1.5 метрийн зайтай суулгана. Хүндэтгэх шалтгаантай зорчигчдыг эхэлж суулгах
1.6. Зорчигчдын гадаад паспортыг битүүмжлэх уут бэлтгэх
1.7. Галт тэрэгний купе, коридорт 2 цаг тутамд цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэн цонх нээж агаар сэлгэх
1.8. Галт тэрэг, автобус, нийтийн тээврийн хэрэгсэлд санамж, анхааруулга байршуулах
1.9. Ариун цэврийн өрөөнд саван, цаас, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис, хогийн савыг байрлуулах
1.10. Ариун цэврийн өрөөг тогтмол халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэх.
ХОЁР. ЗОРЧИГЧДОД:
2.1. Эрүүл мэндийн хуудсыг асуумжийн дагуу үнэн зөв бөглөх
2.2. Купе, вагон хэсэхгүй, тасалбарт заасан суудалд суух
2.3. Хоорондоо ярихгүй, хоол унд хувааж идэхгүй байх
2.4. Амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах
2.5. Тээврийн хэрэгслээс эмчийн заасан дарааллаар цуварч буух
2.6. Гар тээшээ халдваргүйжүүлэлтэд өгөх
2.7. Хог хаягдлыг шар уутанд хийж амыг нь боон мэргэжлийн хяналтын байцаагч нарын хяналтад устгах
ГУРАВ. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ, ТАРХВАР СУДЛААЧИД:
3.1. Зорчигчдоос асуумж авч, эрэмбэлэн ангилах
3.2. Зорчигчдын биеийн халууныг 4 цаг тутамд хэмжиж, тэмдэглэл хөтлөх
3.3. Хэрэв зорчигчийн биеийн халуун 37.1 хэмээс дээш тохиолдолд 3 удаа хэмжиж, халуунтай байвал бусдаас тусгаарлах
3.4. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлыг бусдаас тусгаарлаж суулгах
3.5. Сэжигтэй тохиолдлын талаар ХӨСҮТ-ийн 100, 80086829 дугаарын утсанд яаралтай мэдээлэх
3.6. Мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаач нь ажилтнуудад хамгаалах хэрэгслийг өмсөх, тайлах, халдвараас сэргийлэх зөвлөмж өгч, хяналт тавих
ДӨРӨВ. БУСАД
4.1. Тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээш, паспорт болон бусад бичиг баримтыг зохих журмын дагуу халдваргүйжүүлэх
4.2. ХӨСҮТ-ийн баг тандалт, судалгаа хийж зорчигчдыг хуваарилах
4.3. Холбогдох ажилтнууд хамгаалах хувцас хэрэгслийг зааврын дагуу тархвар судлаач эмчийн хяналтан дор тайлах
4.4. Хамгаалах хувцас хэрэгслийг зохих журмын дагуу устгах
Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ