Монгол Улсын иргэдийн тал орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна. Хотын хүн ам өсч, төвлөрөл нэмэгдэхийн хэрээр түүнээс үүдэх асуудлууд нэмэгддэг. Агаар, хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчны бохирдол үүсэж, энэ нь байгаль орчин төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг.
Агаар, хөрс, орчны бохирдлын асуудлуудыг шийдвэрлэх, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл, хамгийн оновчтой гарц нь гэр хорооллын инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах арга зам юм. Дахин төлөвлөлт нь нэг талаар нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, өнгө үзэмжтэй хот болгон хөгжүүлэх, нөгөөтээгүүр, иргэдийг дулаан орон сууцад, тохилог амьдруулах зорилготой.
Энэ зорилгынхоо хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр” 303 тоот тогтоол, Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагад тусгагдсан арга хэмжээ, төслүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлсээр байгаа ажээ.
Гэр хорооллын төлөвлөлтийг төвийн, дундын, захын гэж гурав бүсчилж хөгжүүлэхээр тусгасан байдаг. Төвийн бүсийн гэр хороолол нь орон сууцны хороололтой хил залгаа төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, өндөр давхрын орон сууц, бизнес үйлчилгээний төв барих боломжтой гэр хороолол юм.
Өнөөдрийн байдлаар нийт 27 байршил, 84 хэсэгчилсэн талбайг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулсан байгаад энэ нь 1694 га газар буюу гэр хорооллын нутаг дэвсгэрийн 17.3 хувийг эзэлж байгаа юм.
Улаанбаатар хотын сууршлын бүсийн нийт 35206 га талбайгаас 6711 га талбай нь барилгажсан хэсэг байдаг бол 9752 га талбай нь гэр хороолол байдаг ажээ. Үүнээс өнгөрсөн хугацаанд 1694 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 161, 2020 оны 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтанд зарлаад байгаа юм.
Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Хонгорзулаас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
- Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах хэдэн удаагийн сонгон шалгаруулалт зарласан бэ?
2013 онд нэг хоёрдугаар ээлжийн байршил НИТХ-аар батлагдаж зарлагдаж байсан. Гуравдугаар ээлжийн дахин төлөвлөлт нь Сонгинохайрхан дүүрэгт нэг л байршилд зарлагдаж байсан бол дөрөвдүгээр ээлжийн төлөвлөлт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд зарлагдсан байдаг. Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд тавдугаар ээлжийн төлөвлөлт зарлагдсан. Өнгөрсөн 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд зургаадугаар ээлжийг зарласан.
Энэ удаад Яармагийн гэр хорооллыг бүхэлд нь НИТХ-ын тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөж барилгажуулах байршилд хамрагдаад байна. Манайхаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалтыг гурав дахь удаагаа зарлаж, энэ удаагийн сонгон шалгаруулалтыг тавдугаар сарын 29-ийг хүртэл хугацаатай зарлаад байна.
- Дахин төлөвлөлтийн бүсчлэлийг хэрхэн тогтоодог вэ?
Улаанбаатар хотыг 2020 он, 2030 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бий. Түүний дотор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөө үндэслээд байршлуудаа тогтоодог.
- Одоо зарлагдаад байгаа байршил төвийн бүсэд хамаарч байгаа юу?
Сүүлд зарлагдсан байршлууд төвийн бүсэд хамаарч байгаа. Төвийн бүс нь шугам сүлжээнд холбогдох боломжтой. 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны хороолол болно гэж төлөвлөгдсөн байршлууд гэсэн үг.
- Дахин төлөвлөлтийн төсөл ямар шат дараатайгаар хэрэгждэг вэ?
2013 онд гэр хорооллын дэд бүтцийн газар гэж байгуулагдсан. Одоо бол орон сууцны дэд бүтцийн газар болсон. Манай Хот байгуулалт, хөгжлийн газарт байршлыг тогтоож, сонгон шалгаруулалт явуулаад, шалгарсан компаниудыг Орон сууцны дэд бүтцийн газарт хүргүүлдэг. Хүргүүлсний дараа тус газар гурван талт гэрээгээ байгуулаад ажлаа үргэлжлүүлдэг.
Батлагдсан ажлын даалгавар бий. Одоо зарлагдаад байгаа хэсгүүдэд нам, дунд давхрын орон сууцны бүс гэж заагдсан. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хоёрын бүсчлэлийг үндэслэн давхрын өндрийг тогтоосон байдаг. Нам дунд давхарт 1-5 давхар, өндөр давхарт 16-аас дээш давхрын орон сууцнууд.
- Өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжсэн төслүүдээс нэрлэвэл?
Хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол Хангай хотхон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарчмаар яваад баригдсан барилга. Мөн Баянзүрх дүүрэг Цагаан хуаран төсөл амжилттай явж байна.
- Ямар нөхцөлд төсөл хэрэгжүүлэгч ажлаа эхлэх боломжтой болдог вэ?
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтээр шаардлага хангасан эсэх нь тогтоогдоно. Үнэлгээний хорооны дүгнэлтээр шалгарсан компани нь тухай зарлагдсан байршлын бүс нутагт амьдарч буй иргэдийн 80 хувиас нь дэмжлэг, саналыг авч байж төсөл хэрэгжүүлэгч гэсэн эрхээ авна. Үнэлгээний хороо бол энэ компани төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргадаг гэсэн үг. Гол нь тухайн байршлын оршин суугчид зөвшөөрөх ёстой. Ер нь оршин суугчид эцсийн шийдвэрийг гаргана. Тэгж байж ажил цаашаа үргэлжилнэ.
Одоо зарлаад буй байршил
№ | БАГЦ | БАЙРШИЛ |
1 | ГХ_Б3Д 02 | Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “В” хэсэгчилсэн талбай, нийт 25.6 га |
2 | ГХ_Б3Д 05 | Баянзүрх дүүргийн 12 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Е” хэсэгчилсэн талбай, нийт 23.3 га |
3 | ГХ_Б3Д 06 | Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “Ё” хэсэгчилсэн талбай, нийт 18,7га |
4 | ГХ_Б3Д 07 | Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт XIV хорооллын “З” хэсэгчилсэн талбай, нийт 9.4 га |
5 | ГХ_СХД 01 | Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны “А” хэсэгчилсэн талбай, нийт 28.2 га |
6 | ГХ_ЧД 01 | Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын “В” хэсэгчилсэн талбай, нийт 50.4 га |
7 | ГХ_ЧД 02 | Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн 1000 орчмын “Г” хэсэгчилсэн талбай, нийт 15.2 га |
8 | ГХ_ХУД 01 | Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол “А” хэсэгчилсэн талбай, нийт 45.9 га |
9 | ГХ_ХУД 02 | Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол “Б” хэсэгчилсэн талбай, нийт 46.1 га |
10 | ГХ_ХУД 03 | Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол “В” хэсэгчилсэн талбай, нийт 40.9 га |
11 | ГХ_ХУД 04 | Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол “Г” хэсэгчилсэн талбай, нийт 54.5 га |
12 | ГХ_ХУД 05 | Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол “Д” хэсэгчилсэн талбай, нийт 34.0 га |
13 | ГХ_ХУД 06 | Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Яармагийн гэр хороолол “Е” хэсэгчилсэн талбай, нийт 39.9 га |
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтын нөхцөлтэй танилцана уу.
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ,ХБХГазар 100200051054 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ.
Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15.00-16.00 цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэст /“Хангарди ордон” 13 давхар 1308 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.
Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
- 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
- Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
- Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
- Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
- Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
- Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
- Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
- Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/
Б.Нямзул