11 11 төв‘’–д өнгөрч буй долоо хоногт 975 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл ирсний нэлээд хувийг орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаархи асуулт эзэлжээ. Энэ асуултанд пүрэв гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар баталсан орон сууцны зээлийн журам тодорхой хариулт өглөө. Уг журамд 80 м2-аас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн 8 /±1/ хувийн хүүтэй зээлээр иргэд худалдан авна. Урьдчилгаа төлбөрт 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлнэ. Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх тул нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй. Зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байна. Өмнө нь зээлтэй байсан иргэдэд орон сууцны зээл олгосноос хойш 7 сарын дараагаас эхлэн 8 хувийн хүүтэй зээлд шилжих болох зэрэг нөхцлүүд багтжээ.
Групптэй хүмүүст олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг яаж авах вэ гэсэн иргэний хүсэлтэд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас ахмад настанд 5 жилд нэг удаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 3 жилд нэг удаа протез ортопедийн хэрэгсэл болон мөнгөн тэтгэмж олгодог гэж хариуллаа.
Энэ долоо хоногт нийслэл хоттой холбоотой асуудлаар иргэд түлхүү хандсан байна. Хуучин байрнуудын дээврийн их засвар хийх мөнгө нь батлагдсан боловч ажил эхлэхгүй байгаад оршин суугчид бухимдаж байна. Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй байгаагаас засвар хийгдээгүй байгаа дээврээс ус гоожиж, зутрааж байна. Энэ ажлыг түргэвчлээч гэсэн санал олон байлаа.
Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн хугацааг тодруулсан асуултад Нийслэлийн боловсролын газараас төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл 2013 оны 8 сарын 19-27-ны өдрүүдэд явагдана гэсэн тайлбар өглөө. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрыг нээлттэй зарлан, сонгон шалгаруулалт явуулж шийдвэрлэнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.