Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал дэмжигдлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн (2020.07.06) нэгдсэн хуралдааны дараа 89.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх,  гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болохоор шинэчлэн зохицуулсан.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд эхлээд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл тус бүрийн талаар асуулт, санал байгаа эсэхийг тодруулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гарсангүй. Мөн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн зүйлүүдтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй болно.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Г.Ганболд, Б.Энхбаяр, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн дээрх хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг зүйл тус бүрээр хэлэлцэв.

Ингээд Байнгын хороооны хуралдаанд оролцсон гишүүдээс хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасны дагуу хуралдаан даргалагч хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Тиймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн батлуулахаар тогтов.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар хуулийн төсөлд тусгасныг Улсын Их Хурал дэмжээд байгаа билээ.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийг эцэслэн батална.

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …