Герман улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

germanstudyМонгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн болон дагалдах салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилээс ХБНГУ-ын их, дээд сургуулиудад дараах мэргэжлээр бакалаврын сургалтад хамрагдах 10 хүнийг шалгаруулах гэж байна. Үүнд:

Бакалаврын сургалтад

– Эрдэс түүхий эдийн инженер (ашиглалт, баяжуулалт)

– Геотехник/Уул уурхай

– Геологи

– Байгаль орчны инженер

– Геоинформатик/Геофизик

– Механик инженер/машин үйлдвэрлэл

– Эдийн засагч инженер (ашигт малтмал)

Тэтгэлгийг суралцагчийн сурлагын амжилтаас хамаарч долоо хүртэл семестрийн хугацаанд олгоно. Үндсэн сургалт эхлэхээс өмнө Герман улсад зургаан хүртэл сарын хэлний курст суралцуулна. Тэтгэлэгт сургалт, судалгааны дэмжлэг, эрүүл мэндийн даатгалын төлбөр, амьжиргааны зардал, нэг удаагийн 2 талын нислэгийн замын зардал орно. Хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа.

Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага

• ХБНГУ-ын зүгээс  хүлээн  зөвшөөрөгдсөн  Монгол  Улсын  их, дээд сургуулиудын (мэдээллийг ХБНГУ-ын ЭСЯ-ны вэб хуудснаас авна уу) 2 ба 3 дугаар курст суралцаж буй Монгол Улсын иргэн байх,

• Герман хэлний B-2 буюу дунд шатны дунд түвшингийн мэдлэгтэй байх,

• Мэргэжлийн онцлогоос хамаарч нэмэлт шаардлагууд тавигдаж болох тул тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч нь германы их, дээд сургуулийн вэб хуудаснаас мэдээлэл авч, тавигдсан шаардлагыг хангасан байх,

• Өргөдөл гаргаж байгаа тухайн цаг хугацаанд өргөдөл гаргагч нь Герман улсад ирээд нэг жилийн хугацаа өнгөрсөн бол тэтгэлэгт хамрагдах боломжгүй.

Өргөдөл гаргагчийн бүрдүүлэх материал

• Германы эрдмийн солилцооны алба (ГЭСА)-ны судалгааны болон сургалтын тэтгэлгийн өргөдлийн маягтын дагуу бичсэн тэтгэлэгт хамрагдах хүсэлт,

• Суралцах төлөвлөгөө (Герман улсад суралцахыг зорьж байгаа сургалтын, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай эссэ),

• Товч намтар (өөрийн тухай товч танилцуулга, хугацааны дарааллаар тодорхой бичсэн боловсролын тухай мэдээлэл),

• Их сургуулийн хоёр багшийн тодорхойлолт (монгол хэл дээр бичигдсэн бол албан ёсны орчуулгыг хавсаргах),

• Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

• Герман хэлний мэдлэгийн түвшинг баталсан баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

• Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт,

• Их, дээд сургуулийн дүнгийн тодорхойлолт, албан ёсны орчуулгын хамт,

• Бүртгэлийн хураамж: 10000 төгрөг.

Дээрх материалыг герман хэл дээр бүрдүүлнэ. Бүрдүүлэх материалын талаарх нэмэлт мэдээллийг тэтгэлгийн өргөдлөөс үзэж болох бөгөөд өргөдлийг ГЭСА-ны вэб хуудас (www.daad.de/de/form) болон Улаанбаатар дахь төлөөлөгчид (холбогдох хаяг, цагийн хуваарийг ХБНГУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас үзнэ үү)-өөс авч болно.

Өргөдөл гаргагч анкетыг дутуу, буруу бөглөсөн болон материалыг хуурамчаар бүрдүүлсэн бол энэ нь сонгон шалгаруулалтад оруулахгүй байх үндэслэл болно.

Бүртгэл

Өргөдөл гаргагчийн материалыг 2013 оны 11 дүгээр сарын 4, 5-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд МУБИС-ийн А байрны 102 дугаар өрөөнд хүлээн авна.

Урьдчилсан сонгон шалгаруулалт

БШУЯ болон ГЭСА-ны төлөөлөгчид бичиг баримтын бүрдэлтийг шалгаж үзээд шаардлага хангасан хүмүүсийн нэрсийг ХБНГУ-ын ЭСЯ-ны гаднах мэдээллийн самбарт 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 16.00 цагт зарлана. Бичиг баримтын бүрдэлтийн шаардлага хангасан сургалтад хамрагдахыг хүсэгчид 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэдэх Тестийн төвд интернэтэд суурилсан герман хэлний мэдлэгийн түвшин тогтоох тестийн шалгалт өгнө. www.ondaf.de веб хуудсанд хандан холбогдох мэдээллийг авах ба загвар тестийн шалгалт өгөх боломжтой.

Эцсийн сонгон шалгаруулалт

Герман хэлний тестийн шалгалтад хангалттай дүн үзүүлсэн оролцогчдыг ярилцлагад урина. Ярилцлагын хуваарийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт ХБНГУ-ын ЭСЯ-ны гаднах мэдээллийн самбарт мэдээлнэ. Ярилцлага 2013 оны 11 дүгээр сарын 14/15-ны өдөр ХБНГУ-ын ЭСЯ-н дээр зохион байгуулагдах бөгөөд Монгол-Германы хамтарсан комисс ГЭСА-ны журмын дагуу үнэлгээ өгнө.

Ярилцлагын дүнд тэтгэлэгт хамрагдах болзол хангасан оролцогчид суралцах чадварын TestAS шалгалт өгөх бөгөөд уг шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн оролцогчид тэтгэлэгт хамрагдана. Тэтгэлэгт хамрагдах тухай эцсийн шийдвэрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний дотор БШУЯ болон ГЭСА хамтран гаргана.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ГЕРМАНЫ ЭРДМИЙН СОЛИЛЦООНЫ АЛБА

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …