Н.Орхон: Монголчууд хүн төрөлхтнийг урлаг, оюун санаагаараа дагуулахад бэлэн

Хөрөг зургийн мастер, МУСГЗ Н.Орхоныг урьж ярилцлаа. Монгол уламжлал, хэв маягийг бүтээлдээ тусгадаг тэрбээр уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьдог болон уламжлалт анагаах ухааны талаар ярилцлаа.

-Та удам дамжсан зураач хүн. Зураг зурах нь танд ааваас тань өвлөгдсөн авьяас билиг. Харин хөрөг зураг зурахад тань юу нөлөөлсөн бэ. Хөрөг зургийн Орхон гэвэл хүн бүхэн мэдэх байх. Таны хөргүүд ч алдартай?

– Зураач хүн болгон хөрөг зурах л ёстой. Гэхдээ тэр бүр хөрөг зураг руу дагнаж ороод байдаггүй. Өөртөө байгаа онцлог, боломжтой талаа түшиглэж цаашид ямар чиглэлээр дагнах вэ гэдгээ шийддэг. Хөрөг бол суурь уран зураг. Хэдий суурь байлаа ч сэтгэлгээний илэрхийллийн олон аргууд бий. Тэр тусмаа Монгол нүүдэлчдийн соёл бусад хүн төрөлхтнөөс өөр, давуу талтай гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэгвэл яагаад өнөөдөр дэлхийд үнэлэгдэхгүй байгаа юм бэ гэж асууж магадгүй л дээ.

Монголчууд, нүүдэлчид 30 мянган жилийн тэртээгээс дэлхийг, хүн төрөлхтний замыг засаж байсан улс. Монголчууд 300 шахам жил харь гүрний эрхшээлд байлаа. Бидэнд төр гэж байхгүй шахуу байлаа шүү дээ. Ийм байхад биднийг өдий хүртэл юу авч явсан юм бэ? Мянга мянган жилийн уламжлал, амьдрах горим дүрэм, хүмүүжил л монголчуудыг өдий хүртэл авч ирсэн. 300 жил монгол хүн дэлхийд нөлөөлж чадаагүйгээс болж дэлхийн хүн төрөлхтөн маш том хохирол амсаж, гацаанд орсон. Яагаад гэвэл монгол хүний оюун ухааны нөлөөлөл байхгүй. Европчууд, өрнөдийнхөн үүнийг хүлээн зөвшөөрдөг. “Монголчууд өрнөдөд оюун ухааныг авчирсан юм аа” гэж тэд хэлдэг. Гегель, Сократ, Кант, Маркс гээд бүх сонгодог философичид хэлсэн байдаг.

Монголчууд эсгий туургатай, бууриа сэлгэж амьдардаг тийм л амьдралд дөрвөн ханатай гэртээ гангаа хайлуулаад, одон гарагаа судлаад, уламжлалаа хадгалаад, анагаах ухаан, соёл урлаг, үйлдвэрлэлээ хийгээд явж ирсэн ард түмэн. 

-Үүнийг гаргах гэж та уран бүтээлдээ монгол ахуйг илэрхийлэхийг зорьдог уу?

-Ганцхан монгол биш, дэлхий дахинд хаана өнгөтэй өөдтэй, хүн төрөлхтөнд хэрэгтэй юм байна, тэр болгон руу сортойно шүү дээ. Хөрөг зурдаг болох гэсэн зорилго байхгүй. Зүгээр цаанаасаа, мэдэхгүй ээ, нэг л мэдэхэд хөрөг зурдаг болсон. Монголынхоо тухай, монголд юу байна, юу байхгүй вэ гэдгийг мэдэрдэг.

-Та алдартай бүтээл Жамухын хөргөөрөө Монгол эр хүний дүрийг гаргахыг зорьсон гэдэг. Мөн авга ахынхаа хөргийг зурахдаа элэгдэж тос даасан монгол авдрыг бодож байгаад зурсан талаараа та нэгэн нэвтрүүлэг дээр ярьсан байсан. Та хөргүүд дээр Монгол ахуйг юугаар илэрхийлдэг юм бэ?

-Монгол хүн ямар байдаг, яаж амьдарч байсан, яаж ярьдаг, үзэл бодол, хорвоог таньсан байдал, ахуйн соёл, хүмүүжил зэрэг нь Монгол үндэстний мөн чанар. Монголчууд бүх юмны учрыг таньсан хүмүүс. Менделеевийн үелэх систем, Эйнштэйний харьцангуй онолыг Монголын жирийн нэг чавганц, гэрийн эзэн, эзэгтэй, адуучны өдөр тутмын амьдралд нь байж байдаг. Байгальтай зүй бусаар харилцвал яадгийг мэднэ. Монголчуудын өнөөдрийг хүртэл явж ирсэн түүх дандаа зөв горимд нь оруулж ирсэн. Монгол хүн бүр өөрсдийгөө үлдэж байгаа хүмүүстээ зориулж амьдардаг. Нийтэд хэрэгтэй юм бүтээж өгөхийн төлөө явдаг нь монгол хүний онцлог чанар.

-Монгол ахуй, дүр төрхийг гаргахын тулд байнга давтагддаг дүрслэл, хэв маягийг ашиглаж болохгүй гэж үү?

-Юу ч давтагдахгүй. Хийж байгаа юмнууд өөр өөр л байна шүү дээ.

Монгол хүний дүр төрх, төлөв байдлаас хамаараад яг л тэгж дүрслэгдээд байдаг зүйл байж болно шүү дээ. Жишээлбэл, энд байгаа Баатар гуайн /найруулагч/ хөрөгт хөмсөг нь яг л Жамухын хөмсөгтэй адил дүрслэгдсэн байна. Монголчуудын нийтлэг дүр төрх энэ мэтчилэн гарах боломжтой юу?

-Эр хүний төрх, баатарлаг эр, жанжин хүн, эр хүний дотоод сэтгэл, дүрийг гаргахад нэг ийм хөмсөгтэй байх жишээтэй. /Жамухын хөргийг харна уу/ Лам, жанжин хүний дүр ямар байх вэ, хаан хүний дүр, эмгэн хүний, сайн, муу хүний дүрийн цаад мөн чанарыг гаргахыг л хөрөг зургийн гол зарчим гэж яриад байгаа юм. Эр, эмгүй л шувууны далавч шиг ухархай, хөмсөгтэй байх. Түүнийг нэг их таашаадаг юм бол байхгүй. Гагцхүү хүмүүсийн сэтгэл дотор байдаг нийтлэг дүр, эр хүний, гоо сайхан эмэгтэйн дүрийг гаргаж болно. 100 жилийн өмнөх язгууртан эмэгтэйн хөрөг байна, одоо ч манай эмэгтэйчүүд сайхан харагддаг, бусадтай харьцуулахад. Өнөөдөр харахад дөрвөн хүний гурав нь заавал царайлаг байгаа биз дээ.

Б.Лхагвасүрэн гуайн хөргийг харахад л яг л Лхагвасүрэн гуай тамхиа татаад яриад сууж байгаа мэт амьд мэдрэгддэг. Тухайн хүний хөргөөс сэтгэлийг нь таньж болдог юм шиг. Яаж үүнийг дүрслэн гаргадаг вэ?

-Зурж байгаа хүнийхээ арьсыг биш, “Тэр хүн хэн юм бэ” гэдгийг зурдаг юм. Амьд юм шиг зурна гээд зүгээр гөлийлгөчихдөг зураачид бий. Фото зургийг махчлан хуулдаг. Хөрөг зурахад фото зургийг ашиглаж болно, суулгаж байгаад зурж болно. Гэхдээ тэр хүний мөн чанарыг гаргах, энэ хүнийг зурсны ашиг нь, энэ хүнийг зурснаар юу хэлэх гээд байгаа юм бэ гэдэг нь чухал. Орхон гэдэг хүний бодож байгаа зүйлийг тухайн хөргөөр дамжуулж хэлж болно. Шууд хэлж чадахгүй байгаа үзэл бодол, нууцаа тухайн хөргийн зан төрхөөр нь илэрхийлж гаргаж болно. Ер нь хүний сэтгэл рүү нь орж зурдаг юм. Үүнийг хэр баргийн хүн чадахгүй. Арьсыг нь биш сэтгэлийг нь зурвал бодит хүнээсээ ч илүү амьд сэтгэгдэл төрүүлдэг.

Зурах хүмүүсээ яаж сонгодог вэ?

-Заримыг нь санаанаасаа зурна, заримыг нь гуйна даа. Чамайг Дарьганга хатны дүрд зурмаар байна, чамайг халх хатны дүрд зурмаар байна гээд санал тавина. Намайг зурах гэж байна гэвэл хэн ч гэсэн дуртай ирээд зуруулна л даа. Эмэгтэй л хүн байвал хэнийг ч хамаагүй зурдаг.

Зохиолчдод гэнэтхэн л зохиолын санаа орж ирээд, түүнийгээ тэмдэглээд авдаг шиг танд шуудхан зурмаар санагдсан бүтээл бий юу. Жамухын хөргийг гэхэд та зүүдэлсэн гэж ярьдаг шүү дээ?

-Ер нь л тэгж байгаа. Юу хийх вэ гэж бодох биш, хийх юм дээрээс дарчихсан байна шүү дээ. Ганц энэ биед хүрэлцээгүй болчхоод байна. Энэ бие минь хүрэлцэхгүйгээс гадна орчин тойрны саад их байна. Нийгэмд сайн, мууг ялгахаа больчихсон. Мөнгөтэй л байвал хамгийн гоё санагдана. Манай өвөг дээдэс хүнийг хүн болгож чаддаг байсан юм шүү.

Намайг Жамухыг зураадах гэж хэн ч хэлээгүй. Ингээд бодоход миний зурах сэдэв намайг эзэмдээд эхэлдэг. Тэгсэн байхад тэндээс “Юм” гардаг юм. Аливаа зүйлийн тухай бүтээл хийх ёстой гэхэд цаг үед нь тохируулаад хамаагүй юм хийж болохгүй гэсэн сэтгэлтэй байдаг. “Мөнгийг нь л авч байвал яаж ч хийсэн яадаг юм” гэсэн бодолтой байж болохгүй.

Уран бүтээлдээ хүмүүст хэлмээр байгаа зүйлээ тусгадаг байх нь ээ?

-Хэлмээр байгаа зүйлээ, хүмүүсийн өдийд ойлгоогүй юмыг би тэднээс түрүүлээд харчихсан байвал уран бүтээлээрээ дамжуулж хэлдэг. Тэгвэл хожмын хойно судлагдана. Одоо бол урлаг судлахтай манатай л байна. Урлаг гэдэг чинь загас усгүйгээр амьдарч чадахгүйтэй адил урлаггүйгээр амьдарч чадахгүй хүмүүс оршин байж урлаг хөгжинө. Гэхдээ үнэхээр сайн, жинхэнэ урлагийн бүтээл мөн үү, биш үү гэдгийг таньдаг хөрс шороо хэрэгтэй. Тэгж байж урлаг гэдэг чинь ургамал шиг л ургана шүү дээ.

-Таны дотоод сэтгэл, оюун ухаанаас гарч байгаа бүхэн таны уран бүтээл учраас тэр болгон үнэ цэнтэй. Гэхдээ энэ бүхнээс таны сэтгэлд хамгийн тод үлдсэн хөрөг хэний хөрөг вэ?

-Би одоо ч санаандаа хүрээгүй л явна. Бага багаар сайжраад л байна. Би хэзээ дуусна, хамгийн сүүлд хийсэн бүтээл маань хамгийн сайн нь байх болов уу. Урьд хийсэн юмандаа ханаж цадахгүй, өшөө гоё байх ёстой гээд л явж байна. Байрандаа зогсоогүй, урагшлаад л байна. Гурван жилийн өмнө шийдэж чаддаггүй байсан юмаа шийдэж чаддаг боллоо, зурган дээрээ.

Таны хөргийг зурсан хүн байгаа юу?

-Байхгүй ээ, байхгүй.

Та ер нь зуруулъя гэж боддог уу?

-Яах юм.

-Яагаад?

-Зурж чадахгүй. Чадах хүн байх ч үгүй. Үүнийг ёстой бардам хэлчихье. /Инээв/

Та Хамба лам Д.Нацагдорж гуайн хөргийг зурсан байдаг. Хамба ламд судсаа бариулж, уламжлалтаар эмчлүүлдэг гэсэн. Түүний хөргийг зурах ямар байсан бэ?

-Хамба лам Д.Нацагдорж гуайг харахад их тэмүүлэлтэй, хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл нь тодорхой, шууд нүдэн дээр нь харагдаж байсан. Тиймээс түүний хөргийг экспрессионизм чиглэлийн төстэй ажиллагаатай зурсан. Дөнгөж эхлээд хамгийн оновчтой агшин дээрээ төгссөн зураг. Суурин биш, үргэлжилж буй хэв шинжийг агуулж байгаа хэрэг л дээ. Харахад зарим газраа дутуу ч юм шиг хэр нь чамбай болсон зураг.

Би Манба Дацан Нэгдсэн эмнэлгийг байгуулагдахаас нь эхлээд Д.Нацагдорж хамбатай танилцаж, биеэ үзүүлсэн. Одоо ч үзүүлж, эмчлүүлдэг хэвээрээ. Миний өдий дайтай явж байгаа нь Монголын уламжлалт анагаах ухаан, энэ хүний үүсгэсэн зүйлийг дотроо биширч, хүндэлж явдгийн ач. Ямар ч байсан Д.Нацагдорж хамбадаа судсаа чагнуулаад, эмийг нь аваад гарахад сэтгэл амардаг. Бие сайхан болно доо гэдэг дүүрэн итгэлтэй гардаг. Ямар ч өвчин туссан байлаа гэсэн. Уламжлалт анагаах ухаан бол угаас дэлхийн хүн төрөлхтнийг анагаах ухаан.

Хамба ламын хүүгийн зургийг нэг гадаад хүн зуруулаад аваад явсан гэж би сонссон. Ер нь таны зураг дэлхийн олон оронд байна уу?

– Нэлээд хэдэн жилийн өмнө Элдэв-Очир хүүгийн хөрөг зургийг дөнгөж зурж дуусаад байх үед Жэймс гэдэг нэртэй еврэй хүн миний урланд ирсэн юм. Тэр хүн хүүгийн хөрөг зургийг хараад л зогсоод байсан. Тэгээд л 10.0 мянган доллар төлөөд аваад явсан.

Миний бүтээлүүд олон оронд тарсан. Шотландын соёлын өвд бүртгэгдсэн 100 жилийн түүхтэй харшид миний хоёр бүтээл бий. Энд тэндгүй л тарчихсан дөө. Тарах тарахдаа хамгийн гайгүй бүтээлүүд гадагшаа гарсан. Уг нь манайд байж байвал зүгээр юм. Гэхдээ манайд урлаг хөгжих хөрс шороо нь алга. Урлагаар амьсгалах уушгитай хүн алга. Европчууд урлагаар амьсгалаад байна. Урлаг хөгжсөн газар ч өөр л дөө. Монголчуудын хувьд урлагаар амьсгалахын дээдээр амьсгалж чадна. Ганцхан нийгэм журам нь биш болчихсон юм уу даа. Соёл гэдгийг дандаа гаднаас хуулбарладаг, уламжлалаа мартчихсан байна. Хамаг нандин бүхнээ гадагшаа алдаж байна. Кино үйлдвэр гэхэд л “Ардын элч” кино дээр ноёдын өмсөж гардаг жинхэнэ шүр сувдтай хувцсаа алдсан. Дуурийн театрынх бас байхгүй. 18 аймгийн бүх музейн олигтой гэсэн үзмэрийг тоночихсон, гадагшаа гаргачихсан. Монголын социализмын үед зурсан алдартай уран бүтээлчдийн зургийг хуулбарлаад эхийг нь аваад явчихсан. Иймэрхүү цаг үед л амьдарч байна.

Уран бүтээлч хүнд уран бүтээл, илэрхийлэх гэж буй бодол, сэтгэл, шүүмжлэлт хандлага гээд бодож санах зүйл бишгүй л байдаг болов уу. Сэтгэлээ удирдаж, чиглүүлж байхгүй бол өвдөх эрсдэлтэй шүү дээ. Та сэтгэлээ хэрхэн удирддаг вэ?

-Яахав дээ, тэснэ шүү дээ. Дандаа болохгүй зүйл, бэрхшээл тулгарч байна. Бага насны үе л сайхан байж. Өдийг хүртэл аливаа зүйлийг арай ядан даван туулж, тэмцэж, хамгаалж, “Тэсээд гарвал ингэх ёстой” гэсэн сэтгэл санааны дарамтад орж ирлээ. Монголын хүн ард эвдэрчихсэн байна шүү дээ. Ихэнх нь тийм болчихсон. Гэхдээ монголчууд идэвхжиж, эрмэлзэлтэй болж байна. Эрмэлзэл байгаа цагт бүх юм сайхан болно л доо.

Та даван туулж, тэмцэж, хамгаалж, тэсэж ирсэн тэр зүйлээ уран бүтээлдээ илэрхийлсэн бол нэрлэж болох уу?

-Би амьдралд байдаг сайн сайхан зүйлийг л зурна. Муухай юмны тухай “Дуулж” хэрэггүй. Хүн төрөлхтний, өвөг дээдсийн баатарлаг уламжлал, тэдний болохгүй бүхнийг болгож байсан зориг зүрх, чанарыг л би уран бүтээлдээ гаргах ёстой. Миний авга ахын хөрөг бий л дээ. Чи асууж байсан. Олон жил болсон, хээ хуаргүй бор авдар байдаг шүү дээ. Өвгөчүүл бол яг л түүн шиг. Авга ахынхаа хөргийн ард Найман нуурын байгалийн сайхан үзэсгэлэнг харуулсан. Энэ газар нутаг, байгаль дэлхий маань энэ өвгөд халил болдог шиг бидэнд үлдэхгүй болчихвий дээ гэдэг нь тэндээс харагддаг. Тэгж ёгтоор далд ухаанаар гаргадаг юм, урлаг гэдэг чинь.

-Та урт насалж, их зүйлийг хийж бүтээх хэрэгтэй юм сан. Эрүүл мэнддээ хэрхэн анхаарч байна?

-Би дөч эргэм насныхаа үед Бодибилдинг сонирхож, бие халаалтгүй юм өргөж байгаад биеэ нэг их хачин болгочихсон юм. Тэгээд энд тэнд эмнэлэгт үзүүлсэн ч онцын юм хэлээгүй. Гэхдээ нэг л зовуурьтай байсан. Тэгээд би Д.Нацагдорж хамбад үзүүлээд, түүнээс хойш монгол эм тан уудаг, сүжигтэй болчихсон юм. Монгол хүндээ таарсан анагаах ухаан юм байна гэдгийг ойлгоод ханиад хүрсэн ч уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлдэг болсон. Одоо ч гэсэн хэрэглээд явж байна. Хэд хоногийн өмнө Хамба ламд судсаа чагнуулсан.

Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг тодорхойлж хэлээч. Хоёрдугаарт, монгол эрчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ, “Үгүй наад царай зүс чинь нэг л биш байна аа, эмчид үзүүлээч” гэхээр “Би яах вэ, би ямар эмчид очих биш, би эмчид очдоггүй ш дээ” гэдэг. Үүгээрээ онгирдог хүмүүсийг бол маанаг л гэж хэлнэ. Энэ хүмүүс бол маанаг. Тэд өөрсдийгөө алж байгаагаа ойлгодоггүй. Хамгийн наад зах нь баялгийг эзэмшиж чадахгүй гэдгээ ядаж бодох хэрэгтэй шүү дээ. Уламжлалт анагаах ухаан бол хүн төрөлхтний ууган анагаах ухаан болов уу. Ирж байгаа өвчнийг угтаж оношилдог, өөдөөс нь отож эмчилдэг. Судсаар хамгийн нарийн оношилгоог гаргаж байна. Үүгээрээ дэлхийг хамрах ёстой.

Манайд антибиотик туршиж байсан, антибиотикийн туршилтад орсон хүүхдүүд хөх шүдтэй байдаг юм. Энэ бол монголчуудыг устгая гэсэн коминтерны бодлого байсан болов уу. Монголчууд сүүнд дугаарлаж, гууртай мах (Мах руу шигдээд орчихсон өттэй мах) иддэг байсан үе бий. 1932 оноос хамаг юмаа сүйтгэж, юу ч үлдэхгүй шахам болсон үед “Хүүе, одоо болъё” гэж байсан үе бий. Энэ үед Монгол хүн яаж тэсэж үлдсэн юм бэ гэвэл Монголын идээ ундны соёл монголчуудыг эх оронтой нь авч үлдсэн юм.

Коминтерн уламжлалт бүх зүйлийг хорьсон. Гэхдээ уламжлалт анагаах ухаан бол хадлангийн ирэнд өртөөгүй үлдсэн хүрэн толгойтой өвс мэт үлдэж, Хамба лам Д.Нацагдорж үүнийг уламжлуулан хөгжүүлсэн нь гавьяаны дээд том гавьяа байхгүй юу. Үүнийг дагаад монгол ёс суртахуун, хүмүүжил уламжлагдан ирсэн. Уламжлалт анагаах ухаан үеийн үед ингэж явах ёстой гэсэн явдал мөрийг ойлгуулсан. Түүнийхээ хүчинд Монголчууд үлдсэн юм.

-Одоо уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх шаардлага бүр л илүү тулгараад байна, тийм үү?

-Манай Монголын залуу үе тэр чигээрээ хараат болжээ. Жинхэнэ цагаан цаас болчихсон байна. “Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр ямар ч үсгээр бичиж болно” гэсэн Маогийн үгээр л байна даа. Мэндлэхдээ “Hi”, цочихдоо “Oh my god” гэдэг болчихсон байна. Дандаа гадаадын брэнд ярина.

Гэхдээ Монголчууд хүн төрөлхтнийг урлаг, оюун санаагаараа хойноосоо дагуулахад бэлэн байгаа. Одоо биднийг гагцхүү зөв л хүн удирдах хэрэгтэй байна. Одоо бид хүн шинжихээ больчихсон. Морь, бөх хоёрыг л шинжиж байна даа. Яагаад гэвэл морь, бөх хоёроор мөнгө хийж болж байгаа учраас хүн шинжих шаардлагагүй болсон.

Уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийг нийтэд яаж хэвшүүлэх вэ?

-Үүнийг төрийн бодлого болгох хэрэгтэй. Монголоо л аваръя гэж байгаа бол төрийн бодлого болгох хэрэгтэй. Юу байх вэ дээ, төрийн бодлогоор нийтэд нь хэлээд өгөхөд л болно шүү дээ.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Уран бүтээлийн үйлс тань улам дэлгэрэх болтугай.

М.Ариунсувд

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …