Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы энэ сарын 21-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Улсын Их Хурлын даргын 2020 оны 03 тоот захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулснаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Ажлын хэсгийг ахлан, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажиллан хууль, тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулжээ. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хийжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгийн дэмжсэн 56 зарчмын зөрүүтэй болон найруулгын 4 багц саналын томъёоллоор санал хураалт явуулсан гэв.
Ажлын хэсгийн дэмжсэн хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг баг нь хэсэгтэй байж болох асуудлыг, нийслэл, дүүргийн тодорхойлолтыг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн асуудлыг, орон нутгийн, аймгийн сумын, багийн, нийслэлийн, дүүргийн, хорооны чиг үүргүүдийг, нутгийн өөрөө удирдах ёсны ойлголтыг, нэгжийн удирдлагаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг, баг, хорооны ИНХуралдаан хүчинтэй байх оролцоог, хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг, ИТХ-д нам, эвслийн бүлэг байгуулж болох, Анхдугаар хуралдааныг товлон зарлах асуудлыг тодорхой болгох, ИТХ-ын зөвлөлийг байгуулах, түүний бүрэлдэхүүнийг тодорхой болгох, Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг өөрчлөн найруулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчимд Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах гэж, нэгжийн эдийн засгийн үндсийг бүрдүүлэх талаар төр, орон нутгийн үүрэгт ОНХНСангаас тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхийг харгалзан хөрөнгө хуваарилах, хуульд заасан үндэслэл журмын дагуу концесс болон үнэт цаасыг тухайн шатны хурал гаргаж болно гэж, аймаг, сум, нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн, төлөөлөгчийн ойлголтыг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг, нэгжид тавих төрийн хяналтын асуудлыг нэмэхээр, ИТХ бүрэн эрхийнхээ зарим асуудлыг шилжүүлэхийг, улс төрийн нам сумын ИТХ-д нэр дэвшүүлэхийг хориглосон зохицуулалтыг, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын чиг үүргийг үл шилжүүлэх гэснийг хасах зэрэг 59 зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил сум нь 2500-гаас доошгүй хүн амтай байх, тухайн орон нутгийн эдийн засгийн бүтэц, чадавх, хүн амын болон газар зүйн байршлыг харгалзан дээрх тооноос доошгүй хүн амтай сум байгуулах саналыг Засгийн газар болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдүүлдэг байх, аймгийн төвийн бус сумдын хилийн цэс, аймгийн төвөөс 50 км зайтай байх бөгөөд уг зохицуулалтуудыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, түүнчлэн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “холбогдох нэгжийн сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх оролцсон бол санал авах ажлыг хүчинтэйд тооцно” гэсэн хэсгийг хасах саналыг гаргасан байна.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хуулийн төслийн “Засаг дарга, түүнийг томилох” гэсэн зүйлээс “Дээд шатны Засаг даргад Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно” гэсний хасах, мөн түүнчлэн уг зүйлийн 58.7 дахь хэсгийн “нэр дэвшигчийг дээд шатны Засаг дарга, эсвэл Ерөнхий сайд томилохдоо энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр татгалзаж байхаар”, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар ИТХ-ын бүрэн эрхэд худалдаа үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах гэж нэмэх санал тус тус гаргасан гэв. Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй дээрх санал нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн ч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг санал дүгнэлтэд дурдсан юм.
Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбоотойгоор төслийн хэлэлцүүлгийг хойшуулж, реформ хийх 2020 оны намрын ээлжит чуулганаар нухацтай хэлэлцэх саналыг илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан таван хоногийн завсарлага авах хүсэлтээ танилцууллаа.
Тус хүсэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч, хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.