С.Батзориг: Би гол дүрд шунадаггүй

“X-Түц” продакшны жүжигчин С.Батзоригтой ярилцлаа.


-Та “Бурхны авралаар чи ирлээ” шоунд үндсэн жүжигчдийн багт орж ажилласан. Жүжигчдийн уран чадварыг сорьсон үзүүштэй шоу болсон шүү?

-“Боловсрол” телевизээс “Бурхны авралаар чи ирлээ” шоунд үндсэн жүжигчдийн багт орж ажиллах санал ирсэн л дээ. Шоундаа оролцоод дөрвөн сар гаруй хугацаа өнгөрлөө. Нийт арван дугаарын 32 зохиол бичилцсэн байна. Энэхүү шоу нь бэлтгэгдээгүй комеди гэсэн төрөлд ордог. Австрали улсаас гаралтай, дэлхийн 20 гаруй оронд амжилттай хийгдсэн. Контентын үндсэн жүжигчдийн багт надаас гадна “Эмоци” продакшны жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Х.Баярмаа, Н.Баясаа нар хамтран ажилласан.

-Шоуны дүрэм стандартаар бол үзэгчдийн тоо олон байдаг юм билээ. Гэтэл цар тахлаас шалтгаалаад Монголд телевизийн шоу контент маягаар үзэгчдэд хүрчихэв үү?

-Тэглээ. Шоуны үзэгчдийн тоо 400 орчим байх ёстой юм билээ. Манай хамт олон дэлхийн стандартыг барьж ажиллах гэсэн боловч цар тахлаас болоод чадсангүй. Гэхдээ 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг арын албанд ажилласан шүү.

-Бэлтгэгдээгүй комеди гэдгээрээ онцлог шүү дээ. Тэгэхээр шоунд оролцогчид нөхцөл байдлыг яаж эргүүлэхээс шалтгаалаад олон хувилбар бэлддэг үү?

-Тэгэлгүй яахав. Тайзны уран бүтээл, хошин шог бол эртнээс бэлддэг. 30-45 хоногийн турш тоглохдоо үзэгчдийн хүлээж авч байгаа байдлаас шалтгаалан бүтээлдээ өөрчлөлт оруулж, сайжруулж болдог. Харин бэлтгэгдээгүй комеди гэх энэ төрлийн хувьд оролцогчид, жүжигчид, үзэгчид гээд бүгд тодорхойгүй. Ганц л удаа тоглогдох учраас дугаар бүрт шинэ тоглолтод орж байгаа мэт мэдрэмж төрнө. Мэдээж өөрийн чинь хэлж байгаагаар оролцогчоо аргагүй байдалд оруулахын тулд олон хувилбар бэлддэг. Заримдаа оролцогчдынхоо тоглолт, хариултаас хамаараад бэлдэж байснаасаа тэс өөр хариулт өгөх тохиолдол ч бий /инээв/.

-Оролцогчоо аргагүй байдалд оруулах гэж байгаад өөрөө тийм байдалд орж байсан л байх?

-Хөгжилтэй асуулт байна. Энэ шоу бол хэн нь сайн жүжигчин бэ гэдгийг шалгаруулах бус, тухайн үедээ хэн хэрхэн зөвөөр сэтгэж, зохиолыг уран гоё болгож чадаж байна вэ гэдгийг харуулах зорилготой шоу. Тийм учраас бид жүжгийг үндсэн зохиолоос нь хазайлгахгүй барих үүрэгтэй. Тоглолтын үеэр оролцож байгаа жүжигчдийн хариу үйлдэл, үг хэллэгийг сонсоод тэсэхгүй инээх үе ч гарна.

-Шоуны үеэр хамгийн сайн мэдэрч, дүрээ гаргаж чадсан оролцогч хэн байв?

-Дугаар бүрийн ялагчид бүгдээрээ сайн байсан. “Эмоци” продакшны О.Тэмүүжин ах, жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр ах нар мундаг байсан. “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан ах мундаг байсан ч оролцсон дугаартаа түрүүлж чадаагүй.

-“Бурхны авралаар чи ирлээ” шоу дуусаад сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Өдөр бүр бэлтгэл хийдэг байсан хамт олноо үгүйлж байна уу?

-Үгүйлэхээр барах уу даа. Бид чинь бүр нэг гэр бүл болчихсон. “Боловсрол”, телевизийн нэг өрөө нь биднийх болчихсон байсан. Бүр “Бурхны аврал” продакшн гээд нэртэй ч болсон /инээв/. Дараа жил шоуны маань хоёрдугаар улирлын нэвтрүүлэг хийгдэнэ. Тэр үед зочноор орохыг ч үгүйсгэхгүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …