Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 9 настай охиныг нуучихсан учраас хамгаалалтад авч чадахгүй байна

Өнгөрсөн наймдугаар сард Увс аймагт есөн настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарчээ. Уг хэргийг тухайн охины хөрш айлын 50 гаруй насны этгээд үйлдсэн хэргээр Увс аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Гэвч хүчирхийлэлд өртсөн охиныг өнөөдрийг болтол хамгаалалтад авч, эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна.

Учир нь цагдаагийн байгууллагаас “Хэргийг шалгаж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй тул мэдээлэл өгөх боломжгүй. Хувь хүний нэр төртэй холбоотой асуудал учраас мэдээллийг гаргахгүй” гэдэг байдлаар энэ хэргийг нуужээ.

Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд хэрэг гарсныг хүчирхийлэгчийн ойрын эх сурвалжаас анх мэдээлэл аваад, хохирогч охиныг хамгаалалтад авч, төрийн үйлчилгээ үзүүлэхээр хайж эхэлсэн бөгөөд цагдаагийн байгууллагадаа хандсан ч өнөөдрийг болтол мэдээлэл авч чадахгүй, хохирогчийг хамгаалж чадахгүй суугаа юм байна. Энэ талаараа Хүний эрхийн үндэсний комисст ч хандаад байгаа аж.

Магадгүй охин хүчирхийлэлд өртсөнөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ямар байдалтай байгаа, дахин хохирол амсаж байгаа хэрэг үйлдэгдэж байж ч болох юм. Тухайлбал, 2018 онд яг ийм үйлдэл болж байжээ. Тодруулбал, 14 настай охин бэлгийн хүчирхийлэлд өртөж, тухайн охиныг хамгаалалтад аваагүй байхад өөр нэгэн этгээд хүчиндсэн хэрэг гарсан байна. Өөрөөр хэлбэл, эхний хэрэг үйлдэгчийг цагдаагийн байгууллага шалгаж байх хугацаанд дараагийн этгээд гэмт хэрэг үйлдэж, охиныг дахин хохироосон хэрэг гарч байжээ. Энэ бусармаг үйлдэл есөн настай охинд давтагдахгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй.

Гэтэл Увс аймгийн цагдаагийн байгууллага хэрэг эцэслэн шийдэгдээгүй, хувь хүний нууцтай холбоотой гэх шалтгаанаар хохирогчид үйлчилгээ үзүүлэх байдлыг хааж байгаа үйлдэл нь хэр зохистой вэ.

Уг нь аль ч шатанд нийгмийн ажилтан, цагдаа, ГБХЗХГ, эмнэлгийн төлөөллөөс бүрддэг хамтарсан баг ажиллаж, чиг үүрэг бүрийнхээ үйлчилгээг хохирогчид үзүүлэх ёстой байтал Увс аймгийн Цагдаагийн газар хэргийг ийнхүү нууж, төрийн үйлчилгээг хохирогчоос “тусгаарлаж” байгаа нь байж болох үйлдэл үү?

Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол есөн настай хохирогчид эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлэх явдал билээ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …